Цар тахал царайгаа хувиргав

10531

Бүүр дургүй хүрчихлээ. Өнөө муу Covid-19 гэж гай чинь царай зүс, шинж чанараа хувиргаад зэвүү хүргээд байна. Гуанжоу хотын эрүүл мэндийн төвийнхөн энэ вирусын далд тээгчид нь хүүхдүүд болохыг тогтоосон. Бага насны хүүхдүүд алгуур өвдөж, аажим хүндэрдэг тул амьсгалын замын үрэвслийн далд тээгч болж байгааг мэдэлгүй эмч нар гэнэдэж байснаа хүлээн зөвшөөрсөн. Эхэндээ 14 хоногт ганц шинжилгээгээр илэрч байсан бол саяхнаас сардаа найман шинжилгээгээр хөгийн муу covid-19-ийн хөнжлийг хуу татах боломжтой болсон. За тэгвэл одоо бүүр дүрсээ хувиргачихлаа. Энэ вирусаар өвдсөн хүмүүс эхний үед халуурахаа больсныг Японы эрдэмтэд илчиллээ. Харин амт, үнэр мэдрэхээ больсноор эхний шинж илэрч байгааг тогтоогоод байна. Үүнийг мэргэжлийн бейсболын багийнханд хийсэн шинжилгээ нотолжээ. Тэд кофены үнэр ч мэдрэхгүй байсан аж. Шинжилгээгээр эерэг буюу вирусаар өвдсөн нь илэрчээ. Вирусаар өвчлөгсөд халуурахгүй, ханиалгахгүй хэрнээ амт, үнэр мэдрэхгүй байгаа тохиолдлууд нэмэгдэж, Америкийн эмч нар, Солонгосын эрдэмтэд анхааруулаад эхэлсэн байна. Энэ нээрэн ямар балиар, новшийн, ёстой уйлмаар мэдээ вэ. Дахиад л дэвшилтэт төвшний оношлуур, эмчилгээний өөр аргын эрэлд мордох нь. Энэ янзаараа Covid-19 жилээс илүү хугацаагаар жирийн амьдралыг маань бусниулж, дэлхий ертөнц бүрэн утгаараа шинээр загварчлагдах нь тодорхой боллоо. Дасан зохицож, даамай сэрэмжтэй амьдрахгүй л бол айдас, аюул, уналт, ухралт, гэнэтийн явдал…хүн төрөлхтний бий болгосон бүх тогтолцоо нуран унаж, дэлхий үнэхээр дэндүү хурдтай өөрчлөгдөж байгаад итгэж ч чадахгүй нь. Бидний хүүхдүүд ч шинэ дэлхий дээр амьдрах дадалтай, чадвартай болох ёстой юм байна. Амар амгалан, хуучин дэлхийг санаж байна! Үнэхээр үгүйлж байна.

Эмүжин


URL: