УИХ-ын гишүүн О.Сарангэрэл: Хоёр настай хүүхдүүдийг харах үйлчилгээг хэрэгжүүлэж ажиллана
УИХ-ын 2020 оны сонгуулийн дүнгээр эмэгтэй гишүүдийн тоо 13 буюу 17 хувийг эзэлж байна.
Өнөөдөр эмэгтэй гишүүд улстөрийн нам харгалзахгүй бүлэг байгуулснаа зарлалаа. Эдгээр 13 гишүүн тус бүр нийгмийн өмнө тулгамдсан нэгээс хоёр асуудлыг хариуцан авч бусад гишүүн нь дэмжиж ажиллах юм байна.
Тухайлбал, эмэгтэй гишүүд, хүчирхийллийн эсрэг хууль эрх зүйн хэрэгжүүлэлт, бизнес эрхлэх боломж, хүүхдийн эрх, залуучуудын хөгжил, боловсрол, хүний хөгжлийн цогц бодлого боловсруулах зэрэг олон асуудалд анхаарлаа хандуулж ажиллахаа илэрхийллээ.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Өнөрболор ”Залуучуудын хөгжил, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих асуудлыг анхаарч авч үзэх шаардлагатай болсон” гэж байв.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Монгол Улсын хамгийн эмзэг асуудал бол ядуурал. Ядуурлын эсрэг бид тэмцэх болно” эмэгтэй гишүүд нийгэмд тулгамдсан 10 гаруй асуудлыг барьж авч манлайлж ажиллахдаа төр, төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллана гэв.

Мөн УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа архидалт, эрчүүдийн мэндийн төлөө дорвитой анхаарч ажиллана гэж байгаа бол УИХ-ын гишүүн О.Сарангэрэл ”Хоёр настай хүүхдүүдийг энэ жил цэцэрлэгт авах боломжгүй байгаа учир хүүхэд харах үйлчилгээг хэрэгжүүлэх ажлыг бид санаачилж шийдвэр гаргуулна” гэлээ.

Эмэгтэй гишүүдийн бүлгийн даргаар УИХ, Засгийн газрын гишүүн Д.Сарангэрэл ажиллах юм байна.
URL:





