Б.Буман-Эрдэнэ: Төрөөс тээвэрчдээ дэмжиж хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгож бодлогоор дэмжих нь салбарыг чадавхжуулахад том түлхэц болно

Улс хоорондын ачаа тээврийн “Их аяны жолоо” ХХК-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал, Улс хоорондын ачаа тээвэр эрхлэгчдийн “Арвин зам” холбооны үүсгэн байгуулагч, удирдах зөвлөлийн гишүүн Бизнесийн удирдлагын магистер Бадраагийн Буман-Эрдэнэтэй улс хоорондын ачаа тээврийн өнөөгийн байдал ирээдүйн чиг хандалгын талаар ярилцлаа.

-Таны тээвэрчин болсон, тээврийн салбарт орсон түүхээс ярилцлагаа эхэлье.

-Ярилцлагандаа урин оролцуулж байгаа танай хамт олонд баярлалаа. Миний хүүхэд ахуй нас автотээврийн салбартай их ойрхон өссөн. Миний аав Батлувсангийн Бадраа Монгол Улсын мэргэшсэн инженер хүн. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай үед Хөвсгөл аймгийн Хатгал хотод байрлах улсын 24-р авто баазад авто инженер хийдэг байсан юм. Тус авто бааз нь Хөвсгөл аймгийн Ханх болон ОХУ-ын “Монд” боомтоор дамжуулан баруун аймгуудыг түлш, хүнсээр хангах үндсэн зорилготой. Олон тооны “ЗИЛ-130” автоцистерн болон тэвштэй “ЗИЛ-130” машинуудаар үйл ажиллагаагаа явуулдаг томоохон авто бааз байсан. Хожим зах зээлд шилжсэнээр авто бааз татан буугдаж, аав маань хувиараа “ЗИЛ-130” машинаар олон жил тээвэр хийсэн. Ээж минь сумын эмийн санч.  Хожим 2004 онд аав маань аймгийн Тээвэр авто замын дарга болон дэвшин ажиллаж байлаа. Тийм болоод ч тэр үү манай гэр бүлийн амьдрал тээвэртэй салшгүй холбоотой байсан л даа. Хүүхэд ахуй наснаас энэ мэрэгжилтэй ойр байсан нь тээврийн салбарт  ажиллаж, хүч хөдөлмөрөө зориулах гол үндэс нь байсан байх.

-Ажлын гараагаа хаанаас эхэлж байв даа?

-Их сургуулиа төгсөх эрдмийн ажлын судалгаагаа тээврийн сэдвээр бичиж төгсөөд шууд улс хоорондын жуулчин тээврийн компанид менежерээр ажилд орсон. Тэр компанийн маань ерөнхий захирал Монгол Улсын Зөвлөх инженер Дашцэрэн, гүйцэтгэх захирал Дамдиндорж эрхэм сайхан хүмүүс байлаа. Тэр хоёр маань хоёулаа тээврийн салбарт бүх амьдралаа зориулсан, асар их туршлагатай ахмад тээвэрчид байсан юм. Надад ч их зүйл зааж сургасан нь улс хоорондын ачаа тээврийн салбарт амжилттай ажиллах үндэс суурь болсон гэж боддог.

- Одоо хийж байгаа ажлынхаа талаар уншигчдад товчхон танилуулна уу

-Миний хувьд 2014 оноос өөрийн компанийг үүсгэн байгуулж, улс хоорондын ачаа тээврийн чиглэлээр тун амжилттай үйл ажиллагаагаа явуулж байна. Автотээврийн салбарт аж ахуйн нэгж удирдаад үйл ажиллагаа явуулж байх хугацаанд тулгарсан салбарын нийтлэг асуудал,  бэрхшээл их байсан учраас салбартаа тулгамдсан асуудлуудыг улс хоорондын тээврийн  аж ахуй нэгжүүдтэй нэгдэж шийдвэрлэх, төр хувийн хэвшлийн ойлголцлыг сайжруулах зорилгоор улс хоорондын ачаа тээврийн “Арвин зам” холбоог үүсгэн байгуулаад ажиллаж байна.

-Мэргэжлийн хүний нүдээр харвал манай улсын улс хоорондын тээврийн салбарын өнөөгийн байдал хэр байна вэ?

-Монгол Улс бол далайд гарцгүй ОХУ, БНХАУ гэсэн хоёрхон улстай хуурай замаар хиллэдэг, зүүн өмнөд азийг европтой холбосон  геополитик, газар зүйн хувьд чухал байрлалтай олон улсын автотээвэрт чухал үүрэг гүйцэтгэн оролцох боломж дүүрэн улс юм.

Өнөөдрийн байдлаар манай улс Олон улсын замын хөдөлгөөний тухай Конвенци /1968.11.08/  ТИР карнейн хүрээнд барааг олон улсын хэмжээнд тээвэрлэх тухай конвенци /1975.11.14/ элсэн орсноор Казахстан, Украин, ОХУ, Бүгд Найрамдах Турк Улс, Беларусь, Киргиз, БНХАУ, БНАСАУ, Латви, Литви, Унгар, Словен зэрэг улсуудтай автотээврийн хэлэлцээртэй. Харин бусад орнуудтай зөвшөөрлийн бичиг солилцож харилцан өөр өөрийн нутаг дэвсгэр дээгүүр улс хоорондын автотээвэрээр ачаа зорчигч тээвэрлэж байна. Манай засгийн газрын зүгээс шинээр Словак, Польш ХБНГУ зэрэг улсуудтай хэлэлцээр байгуулах шатанд харилцан судалгаа хийгээд явж байгаа юм билээ.

Миний бодлоор ойрын хугацаанд манай улс Европын холбооны улсууд, дундад азийн орнуудтай нэмж хэлэлцээр байгуулах тал дээр шаргуу ажиллах хэрэгтэй. Учир нь улс хоорондын хэлэлцээр байгуулагдах явц, харилцан судалгаа нь багагүй цаг хугацаа зарцуулагддаг. Эдгээр эрх зүйн актанд үндэслэн манай тээвэрчид БНХАУ руу уул уурхай бүтээгдэхүүн, Эрээн-Замын-Үүд боомтоос Улаанбаатар-Алтанбулаг-ОХУ Хиагт боомтоор дамжуулан ОХУ болон Европийн орнууд руу хийж байгаа транзит тээвэрлэлт нь зүүн өмнөд Азийг европтой холбосон худалдаа эдийн засгийн чухал ач холбогдолтой автотээвэрлэлт болж байна. Гэвч энэ салбартаа  Монголын үндэсний компаниуд өрсөлдөх чадвар муу, оролцоо сул хэвээр байсаар байна. Үүн дээр Монголын төрөөс тээвэрчиддээ чиглэсэн тодорхой бодлого гаргаж ажиллахгүй бол үндэсний компаниуд байр сууриа бэхжүүлэхэд улам л хүндрэлтэй болно.

Жишээ нь, улс хоорондын тээвэр гүйцэтгэж байгаа үндэсний компаниуд гадаадын оронд хийсэн тээвэрлэлтэнд гарсан холбогдох зардлыг хасагдах зардалд тооцуулж чадахгүй давхар татвар төлөөд байх нь байж боломгүй асуудал. Мөн ачаа тээврийн тарифын асуудал маш хүнд байна. Бид энэ бүхэн дээр дуу хоолой болон явж байна.

-Танай салбарын ирээдүй чиг хандлага таны бодлоор хэр гэрэлтэй харагдаж байна.

-Миний дээр хэлсэнчлэн бидний газарзүйн байршил нь зүүн өмнөд ази европын орнуудыг холбосон худалдаа эдийн засагт чухал ач холбогдолтой гарц учраас манай улс улс хоорондын тээврийн салбар боломжийг ашиглавал хөгжих бүрэн боломж харагддаг. Ойрын жилүүдэд дундад ази, европын орнуудад илүү ойр дөт тээвэрлэлт гүйцэтгэхэд чухал ач холбогдолтой олон улсын чанартай автозамын баруун босоо коридор болох Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомт, Завхан аймгийн Арцсуурь боомтуудаас Говь-Алтай аймгийн Бургастайн боомт хүртлэх олон улсын чанартай автозам ашиглалтанд оруулахаар ажиллаж байгаа нь цаг хугацаандаа биелэлээ олвол энэ салбарт ихээхэн дэвшилт гарна. Гол нь энэ боломжуудаа ашиглан төрөөс тээвэрчдээ дэмжиж хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгоод бодлогоороо дэмжиж өгөх нь салбарыг чадавхжуулахад том түлхэц болох юм. Салбарын хүндийг нуруундаа үүрч яваа тээвэрчдийн чадавхи бэхжиж олон улсын тээвэрт оролцоо аргажиж байж салбарын үзүүлэлт сайжирч цаашлаад улс эх орны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах учиртай.

-Цаг үеийн мэдээлэл өгсөн танд баярлалаа. Таны алтан шар зам өлзийтэй байх болтугай гэж ерөөе.

-Баярлалаа танай хамт олонд ажлийн өндөр амжилт хүсье.

Т.ГЭРЭЛ


URL: