Ч.Ганжавхлан эмийн санчаас болж хэсэг хугацаанд хөдөлмөрийн чадвараа алджээ

Untitled-1

“Лантуун дохио” ТББ-ын тэргүүн, “Ид шидийн орон” төслийн ахлагч Ч.Ганжавхланд эмийн санч нүдний буруу дусаалга өгч, түүнийг хэсэг хугацаанд ч гэсэн хараагүй болох дөхжээ. Эмийн санчаас өгсөн дусаалга нь хортой эмийн жагсаалтад ордог бөгөөд хэрэв нүдний өндөр даралттай хүнд, эсвэл хүүхдэд андуурч өгсөн бол шууд хараагүй болох эрсдэлтэй юм байна.

Энэ нь 14 хоногийн үйлчилгээтэй гэсэн учраас ямартай ч Ч.Ганжавхлангийн харааны хувьд эргээд хэвийн байдалдаа орж байгаа аж. Гэхдээ л 14 хоногийн хугацаанд тэрбээр хөдөлмөрийн чадвараа алдсан байна.  Харин ямар эмийн сангаар үйлчлүүлсэнээ олон нийтэд зарласангүй, ЭМЯ-нд хандаж тухайн эмийн санчид хариуцлага тооцуулах болно гэдгээ тухайн үед мэдэгдсэн юм.

Гэтэл зарим мэдээллийн хэрэгслээр түүнийг хараагүй болж магадгүй хэмээн туйлшруулах байдлаар хэт дөвийлгөн мэдээлсэн нь ойр дотны хүмүүсийг нь бухимдуулахад хүргэжээ.

Харин өнөөдөр Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас тус дусаалгыг эмийн санч андуурч өгсөн ба тухайн иргэний ойрын хараа огцом муудаж нүдэнд гэмтэл учруулсан хэрэг дээр тухайн эмийн санд хуулийн дагуу арга хэмжээ авч, зөрчлийн хэрэг нээн ажиллаж байгаа  гэдгийг мэдээллээ. Гэхдээ иргэдийг худалдан авч байгаа бараа бүтээгдэхүүнээ сайтар хянах, лавлах шаардлагатай, эмчийн жороор үйлчлүүлж байхыг хүслээ.


URL: