Тэнэг хүн ч ойлгох тендерийн булхайг үргэлжлүүлэх үү?

1.3 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөгжмийн зэмсэгийг 2019 оны сүүлчээр ЗХЖШ-ын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийнхэнд ёслол төгөлдөр гардуулан өгсөн байдаг. Өнөөх л тууз, хайчтай ёслол, тун нь хэтэрсэн баяр. Харамсалтай нь жилийн настай зэмсгийн наймаа “нахих” сурагтай.

Учир мэдэх хүмүүсийн хэлснээр, хөгжмийн зэмсэг нийлүүлэх сонгон шалгаруулалт зарлагдах сураг гарсан ч аажим алсран алдарчээ. Улмаар удалгүй Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим шинэ зэмсэгтэй боллоо гэсэн мэдээ чих дэлсэн, нүд гялбуулан гарч ирэх нь тэр гэнэ. Ингэж тендер зарлалгүйгээр нэг компанитай шууд гэрээ байгуулж, урд хөршөөс худалдан авалт хийсэн өнгөрсөн жилийн нийлүүлэлт товчхондоо ийм аж. Тэнэг хүн ч ойлгох тендерийн булхай тэнд харагдахгүй байна гэж үү? Хачирхалтай нь хамаг хөгжим нь хөг авдаггүй ч билүү, нийлдэггүй ч гэлүү ашиглалтын шаардлага хангахгүй байна гэдгийг анх хөгжимчид нь хэлэлцэж байсан ч хайран хөрөнгийг яарин хийснийг хүлцэнгүйгээр хүлээж авсан байдаг юм байна. Хэрэв үнэн нь нотлогдвол хэргийн эзнээр “Профешнл Арт” ХХК тодорно.

Эдийн засгийн хүнд нөхцөл байдалтай энэ үед ийм үрэлгэн зарлага гаргасны улмаас тийм хэмжээний төсвийг дахин зарцуулах нөхцөл байдал үүссэн бол хариуцлага нэхэх учиртай. Хариуцагчаар “Профешнл Арт”-аас өгсүүлээд томоохон албан тушаалтнууд ч тодорч мэднэ. Тендер зарлаж, сонгон шалгаруулалт хийсний дараа худалдан авалт хийх хуультай ч дунд шатны дарга нарын будлианаар дээрх компанийг хууль бусаар тодруулсан, төсвийн мөнгийг худалдан авалтаас урьдчилж олгосон, төсвийн зарцуулалтын зориулалт, заалтыг зохиомол нэрээр халхавчлан өөрчилж, нууц хэлбэрээр хууль зөрчсөн байх магадлалтай гэх асуудлын мөрөөр АТГ ч орж байсан удаатай. Даан ч нууцын зэрэглэлтэй зэвсэгийн нийлүүлэлт хийгдсэн гэх хариултаар дааман хаалгыг давж чадаагүй юм гэнэ лээ.

“Даравч дардайна, булавч бултайна” гэгчээр нэгэнт хөг нийлэхгүй хөгжмүүдийг аргалах арга үгүй.  Тиймээс л дахин шинэчлэлт яригдаа биз. Одоогоор тендерийн тов тодорхойгүй байгаа гэнэ. Алдаа, асуудлаа давтахгүй гэвэл авсан шинэ зэмсэгүүдийн төлбөрийг нэхэмжилж нөхөн төлүүлээд, төсөвт буцаан байршуулах ёстой. Дараа нь дахин зарлагдсан тендерийн ажилдаа зарцуулах аваас шударга ёсонд сая нэг нийцэх учиртай. Энэ шударга ёсны талаар яг одоо ярих цаг болжээ.

Ер нь хууль бус тендерийн асуудал үүгээр үргэлжлэх үү, эсрэгээрээ сонгон шалгаруулалт ил тод, шударга явагдах уу гэдэг нь тун бүрхэг байна. Тендерийн булхайг хэн хаацайлж, хэн ард нь явдагийг гадарлахтайгаа болсон шүү ард түмэн чинь.


URL: