Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарт итгэж болох уу
Эрх баригч намын Их хурал олны анхаарлыг маш ихээр татаж байна. Тус хурал нь намын дарга, удирдах зөвлөл болон Их хурлын зарим гишүүнийг чөлөөлөх, нөхөн томилох болон улстөрийн шийдвэр гаргахад чухал нөлөөтэй учраас тэр.
Энэхүү хурлаар яригдах асуудлууд аль хэдийнэ нам дотор нь тарж гишүүд нь дарга нарынхаа үүдийг ч сахиад эхэлсэн байна. Өөрөөр хэлбэл, албан тушаал горилсон, албан тушаалаасаа салахыг хүсэхгүй байгаа нөхөд дарга нарыгаа царайчилж “цагаан ордон”-д буг болж байна гэсэн үг. Хамгийн гол нь МАН-ын генсек Д.Амарбаясгалан Их хурлынхаа дараа авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож байсан авлигачдаас сална гэх том амлалтыг ард түмэндээ өгсөн. Тиймээс л авлигын хэргээр АТГ-ын үүдийг сахиж буй олон хүн генсектээ хайр зарлаж хөөрхөн харагдахыг ихэд хичээж буй.
Авлигачдаасаа салж чадах нь эргэлзээтэй
Яг үнэндээ Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нарын томилсон хурган дарга нар авлигын хэрэгт холбогдож, АТГ-т данстай болсон ч яам, агентлаг гээд төрийн бүхий л газар дарга даамал хийсэн шигээ сууж буй нь нууц биш. Эдгээрийн нэг нь ИНЕГ-ын үүрэг гүйцэтгэгчээр томилогдоод буй С.Мөнхнасан гэгч этгээд. Мань хүний холбогдсон хэрэг эцэслэн шийдэгдээгүй байхад түүнийг тус газрын үүрэг гүйцэтгэгчээр томилсон нь хачирхалтай. Энэ мэт маш олон томилгоо өнгөрсөн хугацаанд олон хийгдсэн учраас тэдний хэлсэн үг эргэлзээ төрүүлж буй юм.
Иймээс л тус намын гишүүд Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар нидэр дээрээ авлигачдаас салж намаа цэвэрлэнэ гэж байгаа ч цаагуураа өөрсдийн төлөөний хүмүүсээ томилохоор зэхэж байгаа гэцгээж байгаа.
Намрын чуулганаас өмнө давхар дээлтэй сайд нар мэндэлнэ
Дараачийн нэг гол асуудал нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт. Тэд энэхүү өөрчлөлтөөрөө давхар дээлтэй сайд нарыг бий болгох явдал. Учир нь одоо байгаа дан дээлтэй сайд нар улстөрийн ямар ч чадамжгүй, хамгаалалтгүй байгаа учраас ийнхүү давхар дээлтэй сайд нарыг Засгийн газарт оруулж хүчээ зузаатгахаар болж буй. Хэдийгээр Засгийн тэргүүн намынхаа жинхэнэ дарга болчхоод намрын чуулганаас өмнө амжиж ҮХНӨ-өөр давхар дээлтэй сайд нарын асуудлыг хэлэлцэнэ гэж байгаа ч магадгүй Их хурлынхаа дараа ч энэ үйл явдлыг хурдасгах сонирхол намынханд нь буй юм.
Учир нь МАН-ын Удирдах зөвлөлийнхөн шүдний өвчин болсон сайдуудаа зайлуул гэсэн чиглэлийг Ерөнхий сайдад удаа дараа сануулсан тул Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ удаад салахаас өөр аргагүйд хүрэв. Товчхондоо бол тэгж байж л мань хүн намын дарга болох визээ гишүүдээсээ авна гэсэн үг.
Огцрох 5-н сайд хэн байх вэ
Тэдний хамгийн эхэнд буй нь Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Гадаад хэргийн сайд Б.Батцэцэг, Соёлын сайд Ч.Номин, Зам тээврийн сайд Л.Халтар, Уул уурхайн сайд Ёндон. Тэднээр ч зогсохгүй хэд, хэдэн төрийн нарийн бичгийн дарга болон агентлагуудын дарга нарын томилгоог ч шинээр хийх юм. Мэдээж энэхүү томилгоонд шинээр орж ирэх нөхөд “бүдүүн” дарга нарын хамаарал бүхий хүмүүс бий гэдгийг мартаж болохгүй.
Эцэст нь цар тахлаас шалтгаалан хойшлуулаад байсан МАН-ын Их хурал нэлээд халуухан болж Монголын улстөр дэх амьдралыг орвонгоор нь эргүүлж чадах уу гэсэн хүлээлт бий боллоо.
Erennews.mn
URL:













