Баянгол дүүрэг хүчирхийлэлд өртсөн иргэдийг хамгаалах байртай боллоо
Баянгол дүүрэг хүчирхийлэлд өртсөн иргэдэд үйлчлэх олон улсын стандарт бүхий “Түр хамгаалах байр”-ыг байгуулж, өнөөдөр буюу Олон улсын мэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр нээлтээ хийлээ.
Тус байрны үйл ажиллагааны талаар БГД-ийн ИТХ-ын Ажлын албаны дарга А.Даваажаргалаас тодрууллаа.
-Баянгол дүүрэг анх удаа “Түр хамгаалах байр”-тай болж байгаа юм байна. Энд ямар ямар үйлчилгээ үзүүлэх вэ?
-Аюулгүй байдлын хамгаалалтын хүрээнд
- асрах үйлчилгээ,
- сэтгэл зүйн үйлчилгээ,
- эрүүл мэндийн үйлчилгээ,
- нийгмийн ажлын үйлчилгээ,
- хөгжлийн үйлчилгээ,
- боловсролын үйлчилгээ,
- холбон зуучлах үйлчилгээг үзүүлнэ. Эдгээр үйлчилгээг үзүүлэх албан хаагчдыг дүүргийн Засаг даргын 2021 оны хоёрдугаар сарын 28-ны өдрийн А17 дугаар захирамжаар баталсан. Өөрөөр хэлбэл, “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хэлтэс”-ийн хамгаалалтын албаны бүтэц нь байрны зохицуулагч, сэтгэл зүйч, нийгмийн ажилтан, тогооч, үйлчлэгч гэсэн 5 орон тоотойгоор ажиллах юм.
-Хүчирхийлэлд өртсөн иргэд, хүүхдүүдийг энд хамгаалалтад авахын гол зорилгын талаар товч тайлбар өгвөл?
-Түр хамгаалах байр нь гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжил хамгаалал эрхийн хүрээнд тухайн орон нутагт судалгаа шинжилгээ, хяналт зохицуулалт хийх, гэр бүлийн оролцоог идэвхжүүлэх, соён гэгээрүүлэх, тэдний эрх ашгийг хамгаалах хүрээнд хохирогчийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах зорилгоор түр хамгаалан байрлуулах үйлчилгээг үзүүлэн тэднийг нөхөн сэргээж, тайвшруулах, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх юм.
URL:











