Далай лам Украинд ЭНХ ТАЙВАН тогтоохыг уриалжээ
Далай лам өнөөдөр Украин болон Орос улсын хооронд болж буй мөргөлдөөнд гүнээ харамсаж байгаагаа илэрхийллээ. Тэрээр харилцан ойлголцохыг уриалан, энх тайван тогтоохыг хүссэн байна.
Энэ тухайгаа тэрээр “Дайн хэдийнэ хуучирсан зүйл. Хүчирхийлэлгүй байх нь цорын ганц арга зам. Асуудал, санал зөрөлдсөн зүйл байвал яриа хэлэлцээрээр шийдвэрлэх нь хамгийн чухал. Хүмүүний жинхэнэ амар амгалан нь харилцан ойлголцож, бие биенийхээ сайн сайхныг хүндэтгэх замаар бий болдог зүйл. Бид итгэл найдвараа алдах ёсгүй. Өнгөрсөн 20-р зуун бол дайн тулаан, цус урсгасан зуун байсан. Харин 21-р зуун бол яриа, хэлэлцээрийн зуун байх ёстой. Украинд энх тайван хурдан сэргээсэй хэмээн би залбирч байна. Бид бусад хүмүүстэй ахан дүүс юм хэмээх ойлголтыг түгээх замаар хүмүүсийн нэгдмэл байдлын мэдрэмжийг хөгжүүлэх хэрэгтэй. Ингэснээр бид илүү амар амгалан дэлхийг бүтээж чадна” хэмээжээ.

URL:













