Чанаргүй зээлийн дарамтаас үүдэн БНХАУ-ын томоохон банкнуудын ашгийн өсөлт саарч байна
БНХАУ-ын томоохон банкнууд тэр дундаа “Industrial & Commercial Bank of China”-ийн орлогын өсөлт саарчээ. Дэлхийн хоёр дахь том эдийн засагтай улс эдийн засаг нь уналтад орохоос сэргийлэхээр авч байгаа арга хэмжээтэй банкны салбарт нь шууд нөлөөлж байна.
2022 оны эхний хагас жилд хөрөнгийн хэмжээгээр дэлхийд тэргүүлэгч БНХАУ-ын үйлдвэр, худалдааны банкны цэвэр ашиг нь 4.9 хувиар өсөж, 24.8 тэрбум ам.доллар болжээ. Мөн “Bank of China”-ийн ашиг тайлант хугацаанд 6.3 хувиар өсөж, 17 тэрбум ам.доллар хүрсэн байна.
Харин “China Construction Bank”-ийн хувьд ашиг нь өнгөрсөн оны мөн үеэс 5.4 хувиар өсөж, 23 тэрбум ам.доллар боллоо.
52 их наяд ам.долларын хөрөнгө эргэлддэг БНХАУ-ын банкны салбарт үл хөдлөх хөрөнгийн салбарын хямралаас үүдэлтэй чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдсэн, мөн зээлийн хүүгээ бууруулж байгаа зэрэг нь хүндээр нөлөөлж байгаа аж.
Зургаадугаар сарын байдлаар БНХАУ-ын банкны салбар дахь чанаргүй зээлийн хэмжээ 426.8 тэрбум ам.доллар буюу дээд түвшиндээ хүрсэн байна. Үл хөдлөх хөрөнгийн салбар зээлийн хэмжээгээрээ гол жин дарж байгаа аж. 5.6 их наяд ам.долларын ипотекийн зээлийн үлдэгдэл байгаа бол 1.7 их наяд ам.долларыг үл хөдлөх хөрөнгийн төсөл хэрэгжүүлэгчдэд олгожээ.
О.Цэнгэг | @TsengegO
Bloomberg Tv
URL:




