Залуучуудын ажилгүйдлийн түвшин өндөр хэвээр байна

2022 оны II улирлын байдлаар хөдөлмөрийн дутуу ашиглалтын нийлмэл түвшин 11.4 хувь болж, өмнөх оны мөн үеэс 15 хувиар буурсныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

Ерөнхий тоон үзүүлэлтээр хөдөлмөрийн дутуу ашиглалтын нийлмэл түвшин буурсан ч залуучуудын ажилгүйдлийн түвшин өндөр хэвээр байна. Тэр дундаа 15-24 насныхан буюу боловсрол, сургалтын дараах хөдөлмөрийн зах зээлд шинээр орж байгаа залуучууд дийлэнхийг бүрдүүлж байгаа юм.

2021 оны сүүлийн байдлаар нийт ажилгүйдлийн 18 хувийг 15-24 насны залуучууд байжээ. Харин 2022 оны II улирлын байдлаар боломжит ажиллах хүч өмнөх оны мөн үеэс 37.9 хувиар буурахад 15-24 насны залуучууд мөн гол жин дарж байв. Энэ нь 12.1 мянгаар буурсан аж. Нөгөө талаас мэргэжлийн ажиллагчдын хомсдол хөдөлмөрийн зах зээлд томоохон сорилт болсон хэвээр байгааг АНУ-ын Төрийн Департаментаас гаргасан 2022 оны хөрөнгө оруулалтын орчны судалгаанд дурджээ. Мэргэжилгүй ажиллах хүч их байгаа ч барилга, уул уурхай, үйлчилгээний салбарын мэргэшсэн ажилчид архаг хомсдолтой байсаар байна.

Энэ хүрээнд гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын хувьд дотооддоо сургалт явуулах, ажилчдаа авч үлдэхийн тулд цалин, тэтгэмжийг нэмэгдүүлэх, мөн мэргэшсэн гадаад ажилчдыг ажилд авах зэрэг арга хэмжээ авч байгааг тодотгосон байна.

2022 оны II улирлын статистик мэдээллээр боловсруулах үйлдвэрлэлийн салбарт ажиллагчид өмнөх оны мөн үеэс 27.8 хувиар буурчээ. Харин барилгын салбарт ажиллагчид өмнөх улирлаас 24.2 хувиар буурсан бай.

Г.Хулан | @KhulanGanzorig

Bloomberg Tv


URL: