Иргэний орон зайг хамгаалахыг эрх баригчдаас шаардсаар байна
Холбооны эрх зүйн байдлын тухай, Сангийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл нь иргэний орон зайг хумих эрсдэлтэй гэж Иргэний нийгмийн байгууллагууд, Төрийн бус байгууллагууд үзсэн тул хуулийн төслийг буцаахыг шаардаж кампанит ажил өрнүүлэн, иргэд олон нийтэд энэ талаарх бодит мэдээллийг хүргэхээр зорин ажиллаж буйагаа илэрхийлсээр байна. Улсын Их Хурлаар хэлэлцэх гэж буй эдгээр хуулийн төсөл нь иргэний нийгмийн байгууллагуудыг төрөөс хамааралтай болгохыг эрмэлзсэн нь илт байна хэмээн тэд үзэж байгаа юм.
Энэ талаар тухайлбал Монголын Эмнести интернэшнлээс тавьж буй шаардлагаа тайлбарлахдаа:
Иргэний нийгмийн байгууллагуудыг төрийн хэт их хяналт, хөндлөнгийн оролцооноос ангид байлгах, хөгжин цэцэглэх, нээлттэй, хараат бусаар нөлөөллийн үйл ажиллагаа явуулах боломж олгоогүй байна. Эдгээр хуулийн төсөл нь иргэний нийгмийн хөгжлийг дэмжихээс илүүтэйгээр үйл ажиллагаа явуулах орчин нөхцлийг нь хязгаарлах, хориглох агуулгатай хууль тогтоомжийн төслийг хэлэлцэх гэж байгаа нь тэднийг айлгах, сүрдүүлэх улс төрийн хандлагын илрэл гэж үзэхэд хүргэж байна.
Хэдийгээр эрх баригчид үүнийгээ “терроризм, мөнгө угаах явдалтай тэмцэх”, “үндэсний аюулгүй байдал, үндэсний онцлог, уламжлалт үнэт зүйлсийг хамгаалах”, “эдийн засгийн хөгжлийг дэмжих” зэрэг олон зүйлээр зөвтгөдөг ч бодит байдал дээр эдгээр хууль тогтоомжууд нь нийгмийн олон талт шүүмжлэлт үзэл бодол, дуу хоолойг нухчин дарахын зэрэгцээ иргэний нийгмийг засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавих боломжид саад учруулж байна.
Төрийн зүгээс иргэний нийгмийн болон иргэний орон зайн эсрэг чиглэсэн сөрөг үг яриаг хөхиүлэн дэмжих, тэднийг гутаан доромжилсон, дарамталсан, дорд үзсэн буюу ялгаварлан гадуурхсан үг хэллэг ашиглах ёсгүй.
Цаашлаад, эвлэлдэн нэгдэх эрхээ эдэлснийхээ төлөө хэн ч эрүүгийн хариуцлага хүлээх, эсхүл аюул занал, хүчирхийлэл, сүрдүүлэг, хавчлага, доромжлол, цээрлүүлэлтийн золиос болох ёсгүй гэжээ.
Холбоо, сангийн хуулийн төсөлтэй холбогдуулан Монголын Эмнести Интернэшнлээс гаргасан уриалгыг ЭНД ДАРж үзнэ үү.
Эдгээр хуулийн төслийг УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар 2021 оны арваннэгдүгээр сарын 24-ний өдөр УИХ-ын даргад өргөн барьсан юм.
URL:




