МЭК: Улаанбаатарчуудын 90 хувь нь жагсаалыг дэмжиж, шударга ёсыг хүсэмжилж байна
Судалгааны МЭК байгууллагаас Сүхбаатарын талбайн жагсаалд Улаанбаатар хотын иргэд хэрхэн хандаж байгааг тандан судалснаа танилцууллаа.
МЭК судалгааны байгууллагын захирал Л.Золбаатар: Сүхбаатарын талбай дээр болж байгаа иргэдийн жагсаал цуглаантай холбоотойгоор манай байгууллага Улаанбаатарчууд энэ асуудалд ямар байр суурьтай вэ гэдгийг нэлээд өргөн хүрээнд тандан судаллаа. Судалгаанд Улаанбаатар хотын 1000 гаруй иргэнийг хамруулж, байр суурийг нь тодруулсан.
Сүхбаатарын талбайд жагсаж байгаа иргэдийн тэмцлийг Улаанбаатарчуудын 90 гаруй хувь шууд дэмжиж байна. Гол тэмцэл нь нүүрсний хулгай, Хөгжлийн банкны хулгай, ЖДҮ-гийн хулгайдаа биш байна. Тэмцлийн гол сэдэв нь тэгш бус байдал, шударга бус байдлыг эсэргүүцэж байна. Жагсаалд зөвхөн залуучууд биш, Улаанбаатарчууд бүгд тэмцэж байгаа дүр зураг ажиглагдаж байна.
Хоёрт, засаглалын хямрал гэж юу вэ гэдгийг ухаад үзэхээр УИХ бол иргэдийг төлөөлж байгаа, бидний өмнөөс шийдвэр гаргаж байгаа байгууллага. Бид УИХ-ын гишүүнийг сонгохдоо бидний өмнөөс ухаантай шийдвэр гаргаарай. Бидний амьдрах эрх зүйн нөхцөлийг бүрдүүлээсэй гэж сонгодог. Гэтэл нийт сонгогчдын 70 гаруй хувь УИХ-ын гишүүд биднийг төлөөлж чадахгүй байна гэсэн хариулт өгсөн байна. Яагаад төлөөлж чадахгүй байна вэ гэхэд нэгд, УИХ-ын гишүүдийн ёс зүй, гэмт хэрэгт сэрдэгдэж байгаа, хууль тогтоогчдод тавих үндсэн суурь шаардлагыг биелүүлэхгүй байна гэж хариулсан байна.
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар нүүрсний хулгайтай тэмцэх асуудлыг анх гаргаж ирсэн гэж харж байгаа. Энэ Засгийн газрын нүүрсний хулгайтай тэмцэж байгаа ажлын талаарх иргэдийн байр суурийг тандахад, нийт оролцогчдын 50 гаруй хувь нүүрсний хулгайтай тэмцэхийг дэмжсэн бол 30 орчим хувь дэмжихгүй, “энэ бол худлаа, энэ Засгийн газрын жүжиг” гэж үзсэн байна. Харин Засгийн газрын тэмцэж буй тэмцлийг одоогийн нөхцөлд 40 хувь нь үр дүнтэй, 30 хувь нь үр дүнгүй, үлдсэн нь үнэлж мэдэхгүй гэж хариулсан байна. Цаашдаа Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар нүүрсний хулгайд сэрдсэн хүмүүстээ хариуцлага тооцож, хууль хяналтын байгууллага нь хэрхэн шийдэх нь өнөөгийн Монголын төр засаг хулгайчтайгаа яаж тэмцсэн бэ гэдгийн үндсэн үнэлгээ болно. Үүнийг цаг хугацаа харуулна.
Жагсагчдаас сүүлд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцруулъя, хариуцлага тооцъё гэх болсон. Тэгвэл Улаанбаатарчуудын 23 хувь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцруулахыг дэмжсэн байна. Харин дараагийн Ерөнхий сайд хэн байх уу гэдэг дээр хэн ч хариулт өгч чадаагүй. Лидер болгох хүн яг одоогийн байдлаар МАН-д харагдахгүй байна гэж хариуллаа. Судалгаанд оролцогчдын 50 гаруй хувь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг одоогийн байдлаар огцруулах шаардлагагүй гэж үзсэн бол 25 хувь нь улс төр мэдэхгүй гэж хариулсан.
Тэгвэл өнөөгийн УИХ яах ёстой вэ гэдгийг тандсан. УИХ-ын сар болгон авдаг үнэлгээн дээр 10-аас 2.7 оноо авсан. Энэ бол маш муу үнэлгээ шүү дээ. УИХ-ыг буруутгаж байгаа нь гишүүдийн ёс зүй, гэмт хэрэгт холбогдсон байдалтай шууд холбоотой байна. Нүүрсний хулгайд нэлээд олон гишүүн холбогдож байна. Иргэдийн 26 хувь нь УИХ биднийг төлөөлөх чадваргүй болсон гэж үзсэн байна. Иргэдийн 24 хувь нь үнийн өсөлт УИХ-д хамаатай, 23 нь үр дүнтэй шийдвэр гаргахгүй байна, 22 хувь нь гишүүдийн ёс зүй муу байна, УИХ-ын гишүүн Ч.Ундрамын үйлдэл буруу гэж тус тус үзсэн байна.
Цаашид яах ёстой вэ, 2023 онд ээлжит бус сонгууль явуулах шаардлагатай юу гэхэд Улаанбаатарчуудын 45 хувь УИХ-ын сонгуулийн 2023 онд хийнэ нь зөв гэж үзсэн байна. 28 хувь эсэргүүцсэн бол 27 хувь нь ямар нэгэн байр суурь илэрхийлээгүй” гэлээ.
URL:





