Аймгууд дамжин тэрбум төгрөгийн хулгай хийсэн бүлэг этгээдийг баривчилжээ
Цагдаагийн байгууллагаас 2021 оноос хойш Булган, Сүхбаатар, Хэнтий, Өмнгөговь, Сүхбаатар, Хөвсгөл, Завхан, Сэлэнгэ, Орхон зэрэг аймгийн нутаг дэвсгэрт 60 гаруй удаагийн үйлдлээр бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч, иргэдэд тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан бүлэг этгээдийг илрүүлэн, баривчилжээ.
Тодруулбал, хулгайлах болон дээрэмдэх гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан “У” гэгч нь Д, Б, М, Н, С нартай бүлэглэн үйлдсэн байна. Тэд хөдөө орон нутагт, барилгын ажил хийх, аялал зугаалгаар явж байна гэх нэрийдлээр бусдыг хуурч мэхлэн, айлуудыг судалж алт, мөнгө болон үнэт эдлэл зэргийг хулгайлан үнэт эдлэлийн худалдаачдад борлуулдаг байсан нь тогтоогдсон байна. Түүнчлэн, мөрдөн шалгах ажлын явцад тэдний унаж байсан машинаас 17 сая төгрөг, 10 ширхэг мөнгөн аяга, 45 ширхэг хөөрөг, 11 ширхэг хөөрөгний шүрэн толгой, 15 ширхэг хөөрөгний дайлан, мөнгөн хэт хутга зэрэг эд зүйлсийг хураасан аж.
Тус этгээдүүд олсон орлогыг хууль ёсны харагдуулах зорилгоор Улаанбаатар хотод паб, караоке түрээсэлж, мөнгө угаах гэмт хэрэг үйлдэх замаар Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт амины орон сууц барьсан, тээврийн хэрэгсэл худалдан авсан, гэр бүлийн гишүүдийг гадаад улс руу явуулахаар виз мэдүүлсэн болох нь тогтоогдсон тул шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.
URL:




