Н.Жар­гал­сайхан: Гадаад руу шилжих хөдөлгөөн 2035 онд 68.9 хувиар нэмэгдэх төлөвтэй байна

Н.Жар_гал_сайхан Гадаад руу шилжих хөдөлгөөн 2035 онд 68.9 хувиар нэмэгдэх төлөвтэй байнаХөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, су­дал­гааны инс­ти­ту­тийн Хөдөлмөр эрхлэлтийн бод­логын судалгааны секторын эрхлэгч Н.Жар­гал­сай­хан­тай ярилцлаа. Тэрбээр ажиллах хүчний хомс­дол жил ирэх тусам нэмэгдэж байхад хөдөл­мөрийн насныхан гадаад руу шилжин суурь­ших нь их байгааг онцолсон юм. Тиймээс үүнд бодлогын түвшинд анхаарах цаг болсон гэдгийг дурдлаа.

Хөдөлмөрийн зах зээлийн өнөөдрийн байдлыг тодорхойлох гурван судалгааны дүнг өнгөрсөн долоо хоногт танилцуулсан шүү дээ. Тэгэхээр манай улс хөдөлмөрийн зах зээлд нэлээд нарийвчилсан дүн тавь­чихав уу гэж харж байна. Эдгээр су­далгаа нь агуулгын хувьд ямар ялгаатай байв?

-Ирэх жилийн ажиллах хүчний эрэлт, өн­гөр­сөн жилийн хомсдолыг салбар, бүс нутаг, ажил мэр­­­гэжил зэргээр нь тодорхойлсны үндсэн дээр хөдөлмөрийн зах зээлийн барометрийн су­­­­дал­­­­гааг гаргадаг. Үүнийг бид 2010 оноос жил бүр тогтмол хийж байгаа. Хөдөлмөрийн зах зээлд үүсэж буй эрэлт, нийлүүлэлтийн үл ний­­­­цэл, хөдөлмөр эрхлэлтийн түвшин, бодит ца­лин, стратегийн тэргүүлэх салбаруудад чад­вар­лаг ажиллах хүч бэлтгэх зэрэг асуудлыг нарийвч­­лан тодорхойлох шаардлагатай бол­дог. Ингэснээр хөдөлмөрийн зах зээлд тул­гарч буй сорилт бэрхшээлүүдийг бодлогын түв­­­­шинд шийд­вэрлэх боломжтой. Үүний тулд хө­­дөл­мө­рийн зах зээлийн хэтийн тооцооллыг хий­­­­хээр “Монгол Улсын хөдөлмөрийн зах зээ­лийн дунд ху­гацааны эрэлт, нийлүүлэлтийн таа­маг­лал”-ыг бо­ловсруулдаг юм.
Улсын хэмжээнд цалин хөлсний бүтцийн судалгааны үр дүнгээр шинэчлэгдэн гарсан мэ­дээл­лийг дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) инф­ляц зэрэг үзүүлэлттэй харьцуулдаг. Мөн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа, хөдөлмөр эрх­лэлт, тэдгээрт зарцуулж буй зардлын мэ­дээл­лийг шинжилсэн судалгаа нь “Цалин хөлсний бүт­цийн шинжилгээний ажлын үр дүн” юм. Энэ нь үндсэн болон нийт цалин, нэмэгдэл хөлс, шаг­­нал урамшуулал зэргийн өөрчлөлт, хө­дөл­мө­рийн хөлсний доод хэмжээг холбогдох бусад үзүү­лэлттэй уялдуулан үр дүнг тооцсон шин­жил­гээний ажил.

-Сүүлийн 10 жилийн дунджаас үзэхэд ажиллах хүчний эрэлт 52-95 мянгын хэлбэлзэлтэй байдаг гэж сонссон. Харин энэ жил ямар байв?
-Судалгааны үр дүнгээр улсын хэмжээнд энэ онд 83.7 мянган ажиллах хүчний эрэлт, хэ­рэг­цээ бий болохоор байгаа. Түүнчлэн өнгөрсөн жи­­лийн ажиллах хүчний эрэлтээс 12.1 хувиар буу­­рах төлөвтэй байна. Ажиллах хүчний эрэл­тийн 79.2 хувь нь оны эхэнд, үлдсэн 20.8 хувь нь сүүлийн хагас жилд бий болох төлөвтэй.

-Голчлон ямар мэргэжил, ур чадвартай хүмүүсийн эрэлт хэрэгцээ их байна вэ. Аль салбарт хүний нөөцийн хомсдол их байгааг тодруулсан болов уу?
-Үйлдвэрлэл, аж ахуйн туслах ажилтан, ху­дал­дааны төвийн менежер, оператор, төмрийн хүдрийн уурхайн машинч зэрэг мэргэжлийнхэн эрэлттэй байна. Ажиллах хүчний нийт эрэлтийн 19.7 хувийг мэргэжилтэн бүлгийн, 15 хувийг ме­­не­жер, 14.2 хувийг суурин төхөөрөмж, ма­шин механизмын оператор, угсрагч эзэлж буй. Ха­­рин 9.3 хувьд үйлдвэрлэл, барилга, гар урлал, хол­богдох ажил, үйлчилгээнийхэн, 11.6 хувьд ху­далдаа, үйлчилгээний ажилтны бүлэгт ха­маа­рах ажил мэргэжлийнхэн багтаж байгаа юм.
Ажиллах хүчний хомсдолд өртсөн нийт аж ахуйн нэгж, байгууллагын 38.1 хувь нь бөөний бо­лон жижиглэн худалдааны салбарт үйл ажил­­ла­­гаа эрхлэгчид. Түүнчлэн ажиллах хүч­ний нийт хомсдолын 25.7 хувийг тухайн сал­­ба­рын­хан эзэлж байна. Үүнээс гадна бо­ловс­руулах үйлд­вэрлэл, барилгын салбарын ажил ол­гогчид ажил­лах хүчний хомсдолд өртсөн аж ахуйн нэг­жүүдийн 21.4 хувийг эзэлж байгаа. Энэ нь ажил­лах хүчний нийт хомсдолын 44.3 хувь. Эндээс ха­рахад өнгөрсөн жил зөвхөн дээрх гурван сал­барын хүрээнд ажиллах хүчний хомс­­долоос үүдэл­тэй 11.4 мянган ажлын байр сул байсан гэ­сэн үг. Харин уул уурхай, ол­бор­лолт, тээвэр, сан­­хүүгийн болон даатгалын үйл ажил­лагаа, ур­лаг, үзвэр, тоглоом наадам, үйл­чил­гээний бу­сад салбарын ажил олгогчид ажил­лах хүчний хомс­долд өртөх нь бага.

-Хөдөл­мөрийн зах зээлд эрэлттэй бай­­­гаа аж­лын байрны орон тоог тухайн мэр­­­гэж­­­лээр су­ралцагчид нөхөх боломжтой юу?
-Мэдээж их, дээд сургуульд уг мэргэжлээр төгссөн оюутнууд хөдөлмөрийн зах зээлд то­дор­­хой хэмжээний ажлын байрны эрэлтийг хан­га­на. Гэсэн ч дээд боловсрол шаардахгүй ажлын байр байгааг анхаарах хэрэгтэй. Жи­шээ нь, ажил­лах хүчний нийт эрэлтийн 11 хувьд үйлд­вэр­лэл, аж ахуйн туслах ажилтан шаард­лагатай байгаа нь судалгаагаар гарсан. Иймд богино ху­гацааны сургалтаар шаардлагатай ажилчдыг бэл­дэж, эрэлтийг хангах боломжтой.

-Ажиллах хүчний эрэлтийг ажилгүй ир­гэдийн тоотой харьцуулж үзсэн үү?
-Үндэсний статистикийн хорооны дүнгээр Мон­­гол Улсын хэмжээнд 2023 онд 72 573, өн­гөр­­сөн жилийн гуравдугаар улиралд гэхэд 88 064 иргэн ажилгүй байна гэсэн тоон мэдээ гар­сан. Бид судалгаагаараа энэ онд 83.7 мян­ган ажил­лах хүчний эрэлт, хэрэгцээ бий гээд тооц­чих­­лоо шүү дээ. Эдгээр дүнг харь­цуулж ха­ра­хаар ажилгүй иргэдийн тоог багас­гах бо­ломж­той мэт харагдаж байна. Гэтэл аж­лын байр­тай бо­­лоогүйн шалтгааныг нь тод­руулах­гүй л бол энэ зөрүү өөрчлөгдөхгүй, хэ­вээрээ үр­гэлжилнэ гэж үзэж байна.

-Оны эхэнд ажлын байрны эрэлт нэ­лээд нэмэгддэг талаар судалгааны дүгнэл­тэд дурдсан байсан. Үүний шалт­гаан нь юу вэ?
-Ажиллах хүчний эрэлтийн 79.2 хувь нь оны эхний хагаст, үлдсэн 20.8 хувь нь оны сүү­лийн хагас жилд бий болох төлөвтэй байна. Судал­гаанд хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн 68.6 хувь нь байнгын үйл ажиллагаатай. Үлд­сэн 12.3 хувь нь улирлын, 19.1 хувь нь тогтвор­той үйл ажиллагаа эрхэлдэггүй юм байна. Тэ­­гэ­хээр улирлын болон тогтмол биш үйл ажил­­лагаатай байгууллагууд оны эхний хагас жил шаард­лага­тай ажиллах хүчээ бэлдэх со­нир­хол­той бай­гаа­гаас эрэлт нэмэгддэг.

-Монгол Улсын хөдөлмөрийн зах зээ­лийн дунд хугацааны эрэлт, ний­лүүлэл­тийн таа­маглалын үр дүнгээс хуваалцахгүй юу?
-Энэхүү шинжилгээний ажилд хөдөлмөрийн зах зээлийн таамаглал боловсруулах эдийн зас­­гийн загвар, хүн ам зүйн, ажил мэргэжил, сал­­барын чиг хандлагын шинжилгээ зэргийг ашиг­­ласан. Хөдөлмөрийн зах зээлийн эрэл­тийг таамаглахын тулд эрэлтийг бий болгох үйлд­­вэрлэл буюу ДНБ-ий таамаглалыг хийсний үндсэн дээр хэр хэмжээний үйлдвэрлэлд хэдэн ажилтан шаард­лагатай болохыг тооцож гар­гасан. Энэ хамаарлын коэффицентийг гаргахын тулд дэлхийн 229 улс, бүс нутгийн сүүлийн 30 жилийн нэг хүнд ногдох дотоодын нийт бү­тээг­дэхүүн, хүн амын ачаалал, дундаж нас зэрэг тоон мэ­дээллийг ашиглалаа. Мөн хүн амын су­варга (пирамид)-ын динамик нөлөөг хар­гал­зан үзэж ДНБ-ий зорилтод хү­рэ­хэд шаард­ла­га­тай хөдөлмөр эрхлэлтийн коэф­фи­цен­тийг үнэлсэн.
ДНБ-ий өсөлтөд шаардлагатай ажиллагчдын тоог хоёр хувил­ба­раар боловсруулсан. Ту­хайл­бал, эдийн засаг жилд дунджаар 4.5 хувиар харь­цангуй удаан өсөх бол дараа нь хурдан нэмэгдэх буюу жилийн 7.2 хувийн дундаж өсөлт үзүүлэх үед гэж тооцоолсон. Эхний хувилбараар эдийн за­саг өсөхөд хөдөлмөр эрхлэлтийн түвшин 2025 онд 58.8, 2030 онд 59.4, 2035 онд 60 хувьтай байна. Харин хоёрдугаар хувилбараар өсөхөд 2025 онд 59.2, 2030 онд 61.1, 2035 онд 62.1 хувь болно гэж таамагласан.

-Цалин хөлсний бүтцийн шинжил­гээ­ний ажлын үр дүнг хэрхэн судлав?
-Цалин хөлсний талаар үндэсний хэмжээнд ба­римтлах бодлогыг Хөдөлмөр, нийгмийн зөвш­­лийн гурван талт үндэсний хороо батал­сан. Цалин хөлсний талаар баримтлах бод­ло­гын хү­рээнд цалин хөлсний бүтцийн судал­гааг хоёр жил тутамд хийж байна. Мөн сал­ба­рын болон ажиллагчдын шинж байдлаарх бодлогын шин­жилгээг гурван жил тутамд хийх зохи­цуу­лалт­тай. Тиймээс бид цалин хөлсний бүтцийн судал­гааг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Үндэсний статистикийн хо­роо­той хамтран 2009-2010 оноос эхэлж хийсэн. Шинжилгээний ажилд цалин хөлсний бүт­цийн судалгааны дата санг ашигласан юм.

-Уг шинжилгээний дүнд ямар дүгнэлтэд хүрсэн бол?
-Шинжилгээний дүнгээр хамгийн өндөр цалин авдаг ажилчдын хүн ам зүйн бусад шинж чанарыг дурдвал дээд боловсролтой, тө­рийн өм­чит аж үйлдвэрийн салбарт ажил­ладаг, турш­лага­тай эрэгтэй ажиллагчид байна. Бодит ца­линд гарсан өөрчлөлтийг шин­жихэд 2021 оны өсөлтөд цалингийн өгөөж (урамшуулал) нэ­мэгдсэн нь нөлөөлжээ. Тухайлбал, энэ нь нийт ца­­лин­гийн өсөлтийн 70 орчим хувьд нь нө­лөөл­сөн байгаа юм. Үлдсэн 20 хувьд нь ажил­лагс­дын нөх­цөл байдал нөлөөлсөн байна. Харин 2023 оны­ход бүтцийн өсөлт нь голлон нөлөө үзүүл­жээ. Хөдөлмөрийн эрхлэлтийн зардлын өсөлт 2021-2023 онд газар зүйн байршлаар аймаг бүрд харилцан адилгүй байсан. Улсын дунд­жаар бодит хөдөлмөрийн зардал 45.8 хувийн өсөлттэй байна. Ховд, Булган, Дундговь аймагт 2019 оны бодит зардалтай харьцуулахад хоёр да­хин өсжээ.
Хөдөлмөрийн бүтээмжийн хувьд 2019-2023 онд уул уурхайн салбарынхан өндөр өсөлттэй буюу 3.4 хувьтай байсан. Харин орлогын өсөлт нь 4.8 хувьтай, ажиллагчдын тооны өсөлт 0.3 хувь байна. Хөдөө аж ахуйн салбарт хөдөл­мө­рийн бүтээмж 0.7 хувиар буурсан ч бор­луулал­тын орлого 1.6, ажиллагчдын тоо 7.2 хувиар нэ­­мэгд­­жээ.

-Хэдийгээр Монголд ажиллах хүчний эрэлт их байгаа ч гэсэн гадаадад ажил­ла­хаар зоригсдын тоо өндөр хэвээр. Үүний шалт­гааныг хэрхэн дүгнэсэн бэ?
-Хүн ам, орон сууцын 2020 оны тооллогоор гадаадад оршин сууж буй монгол иргэдийн тоо 122 301 гэж гарсан. Энэ нь 2010 оныхтой харь­цуулахад 14.2 хувиар өссөн үзүүлэлт юм. Гадаадад амьдарч буй иргэдийн нийт хүн амд эзлэх хувь 3.7-3.9 хувь байгаа. Дэлхийн дундаж ойролцоогоор 3.6 хувь. Гадаадад оршин суугаа 10 хүн тутмын ес нь хөдөлмөрийн насных. Гадаад руу шилжих хөдөлгөөний цаашдын чиг хандлага одоогоор тодорхойгүй. Гэсэн хэдий ч эдийн засгийн хүндрэлтэй жилүүдэд гадаад руу шилжих хөдөлгөөн нэмэгддэг зүй тогтолтой. Харин эдийн засаг тогтворжиход шилжих хө­дөлгөөн буурах магадлал өндөр.
Шилжих хөдөлгөөний оролцогч хамгийн идэвх­тэй насныхан нь 25-34. Хөдөлмөрийн бү­тээмж өндөртэй залуус шилжих хөдөлгөөнд олноор оролцож байна гэсэн үг юм. Өөрөөр хэл­бэл, эдгээр иргэн Монгол Улсын хөдөл­мө­рийн зах зээлийн нийлүүлэлтэд оролцдоггүй. Олон улсын судалгаагаар шилжих хөдөлгөөнд оролцогчдын дийлэнх brain drain буюу хүн амын боловсролтой хэсэг нь бусад улс руу явах хандлагатай байна гэдэг. Хөдөлмөрийн бү­тээмжийг нэмэгдүүлэх боломжтой хэсэг нь га­даад улсад суурьшиж байна шүү дээ. 2023 онд хий­сэн хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ний­лүү­лэлтийн таамаглалаас харвал гадаад руу шил­­жих хөдөлгөөнийг бууруулах, буцах хө­дөл­гөө­нийг өдөөх буюу нэмэгдүүлэх арга хэмжээ авах­­гүй бол 2035 онд гадаад шилжих хөдөлгөөн 206.6 мянгад хүрэхээр байгаа. Үүнийг 2020 он­той харьцуулбал 68.9 хувиар өссөн үзүүлэлт юм.

А.Тэмүүлэн

https://www.unuudur.mn/a/273689


URL: