Т.Мөнхсайхан: Би албан тушаалын шуналтай хүн биш

497595662_1143234594515047_5823201859583474867_nУИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан:

-Манай яаманд бодлогын шинжтэй суурь ажлууд сайн үргэлжилж байгаа. Тэр ажлууд ард иргэдэд хүрч, бусдын сайшаалд хүрч байгаа. Цаашид эрүүл мэндийн салбарт хийхээр төлөвлөсөн ажлууд бий. Засгийн газар шинэчлэгдвэл үргэлжлүүлэн ажиллах эсэхээ би мэдэхгүй. Цаг тухай бүрд улс төрийн шийдвэрүүд гарах байх. Миний хувьд энэ Засгийн газрынхан сайн ажилласан гэж бодож байна. Тухайлбал, томоохон төслүүдээ хөдөлгөж чадсан, Ардчилсан намын гишүүд ч тодорхой шийдвэрүүд дээр ажилласан. Улс төрийн шийдвэр учир ажлаа өгнө, өгөхгүй гэдгийг би дангаараа шийдэхгүй. Би албан тушаалын шуналтай хүн биш.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

-”Огцрох амархан” жагсаалыг санаачлагчдын нэг О.Уламсайханыг миний анхны эхнэрийн хүү гэцгээж байна. Энэ бол ор үндэсгүй гүтгэлэг. МАН-ын пиарчид аргаа барж байна. Үндсэндээ С.Ганбаатар энд тэнд нууц хүүхэдтэй гэвэл намайг хайрладаг хүмүүст “Пүү паа” гэж ойлгуулах үүднээс л тараасан байх. Би таван сайхан охинтой хүн. Хүнд үнэнч байна гэдэг бол сайхан. Тэр хүүхдийн нэр хүндийг ч битгий гутаа. “Ноорог”-ийн тэр бол нэрийг нь ч мэдэхгүй залуу байна лээ. Тэр хүүхдэд хэлэхэд “Миний хүү дайчин байгаарай. Битгий ийм гүтгэлэг доромжлолд сөхрөөрэй” гэж хэлье. Тэр хүүхдийн нэрийг л бодож байна. Миний хувьд олон жил ийм зүйлийг хэлүүлж ирсэн. МАН надаас ухаан алдатлаа айж байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар:

-Энэ ч Ерөнхий сайд болно, тэр ч  Ерөнхий сайд болно гэж олон түмнийг төөрөгдүүлэхээ больчихмоор юм. Намайг Ерөнхий сайд болох гэж байгаа гэж яриад байна. Надад ямар ч тийм бодол санаа байхгүй. Нийслэлд эхлүүлсэн ажлынхаа үр дүнг харчих санаатай ажиллаж байна.


URL: