Францад хэт халалтын улмаас сургуулиуд болон Эйфелийн цамхгийг хаалаа

332397-02072025-1751449244-1631121654-prisЕвроп даяар нүүрлээд буй агаарын хэт халалтаас үүдэн Франц улс сургуулиуд болон хүн олноор цугладаг зарим томоохон газруудаа хаажээ.

Францын эрх баригчид ойрын өдрүүдийн халууны оргил үед болзошгүй эрсдлээс сэргийлэх арга хэмжээ авч, 1,350 орчим сургуулийг бүрэн болон хэсэгчлэн хаах болсноо мэдэгдлээ.

Мөн мягмар гарагт Парис хот улаан түвшний сэрэмжлүүлэг зарлаж, Эйфелийн цамхгийн оройг түр хугацаагаар хааж, агаарын бохирдол нэмэгдсэнтэй холбогдуулан зарим тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлаж, хурдны хязгаар тогтоогоод байна. Эйфелийн цамхгийн 330 метр өндөр оройг даваа гарагт 11:00 цагаас хааж, мягмар, лхагва гарагуудад мөн хаалттай байлгахаар болжээ. Харин нэг болон хоёрдугаар давхарт орох боломж нээлттэй хэвээр үлдээх ч зочдыг болгоомжтой байхыг анхааруулж байна.

Ибери хойг, Франц, Итали, Балкан, Грек зэрэг бүс нутгийн орныг хамарсан хэт халалт хэдэн өдрөөр үргэлжилж, олон улсын хэмжээнд анхааруулга, гал түймрийн өндөр эрсдэлийн тухай сэрэмжлүүлэг мэдээ түгээгээд буй.

Эрдэмтдийн үзэж байгаагаар хүн төрөлхтний үйл ажиллагаанаас үүдсэн уур амьсгалын өөрчлөлт ийм төрлийн халалтыг илүү хурц, өргөн хүрээтэй, давтамж ойртоход нөлөөлж байгаа аж.

Хамгийн бага температур нь 20–24°C эсвэл түүнээс дээш, хамгийн их температур 36–40°C хүрч, зарим газарт 41°C хүрч болзошгүй гэжээ.

Парис хот орчмын агаарын бохирдлын улмаас бохирдол ихтэй тээврийн хэрэгслийг өглөөний 03:30–22:00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцохыг хориглож, зарим бүсэд хурдны хязгаарлалтыг 20 км/ц хүртэл бууруулжээ.

Түүнчлэн бага насны хүүхэд, өндөр настан, архаг хууч өвчтэй хүмүүсийг онцгойлон анхаарахыг сануулсан төдийгүй элдэв хууч өвчингүй энгийн хүмүүст ч сөргөөр нөлөөлөх эрсдэлтэйг мэдэгджээ.

Эх сурвалж: France24


URL: