Пакистаны баруун хойд хэсэгт хүчтэй аадар бороо орж, гэнэтийн үер үүссэний улмаас дор хаяж 157 хүн амиа алдсан гэж мэдээллээ. Аврагчид хөрш Энэтхэгт гарсан үерийн дараах хохирогчдыг ч мөн эрэн хайж байна.
Кибер-Пахтунхва мужийн Онцгой байдлын албаны төлөөлөгч Мохаммад Сухайлын хэлснээр баасан гарагийн үд гэхэд зөвхөн Бунер дүүргээс 78 хүний цогцсыг олсон бол үдээс хойш нурсан байшин, усанд автсан тосгодоос дахин 79 хүний цогцсыг гаргажээ. Тэрээр “Бид одоо ч хэдэн арван хүнийг эрж хайж байгаа тул нас барагсдын тоо нэмэгдэх магадлалтай” гэжээ.
Ослын улмаас Пакистаны бороотой холбоотой нийт нас барагсдын тоо зургаадугаар сарын 26-наас хойш 556-д хүрээд байна гэж гамшгийн удирдлагын байгууллага мэдээлжээ.
Ийм хүчтэй богино хугацааны аадар бороо буюу “cloudburst” Энэтхэгийн Гималайн бүс болон Пакистаны хойд хэсэгт сүүлийн жилүүдэд улам түгээмэл болсон бөгөөд үүний улмаас гэнэтийн үер, хөрсний гулгалт олонтоо тохиолддог байна. Судлаачдын үзэж буйгаар уур амьсгалын өөрчлөлт, мөн уулын бүс нутагт төлөвлөгөөгүй хөгжлийн нөлөөгөөр ийм үзэгдэл нэмэгдэж, хор хохирол улам ихэсжээ.
Гилгит-Балтистан бүс нутагт долдугаар сараас хойш олон удаа үер бууж, Карокорамын хурдны замд хөрсний гулгалт үүсгэсэн байна. Энэ зам нь Пакистан, Хятадыг холбосон чухал худалдаа, аялал жуулчлалын чиглэл юм.
Дэлхийн цаг уурын эрдэмтдийн хамтарсан сүлжээний судалгаагаар, энэ оны зургаадугаар сарын 24-нөөс долдугаар сарын 23-ны хооронд Пакистанд орсон хур тунадас уур амьсгалын өөрчлөлтөөс болж 10-15 хувиар их байсан байна. Харин 2022 онд тус улсын хамгийн хүнд борооны улирлын үеэр 1,700 гаруй хүн амиа алдаж, 40 тэрбум ам.долларын хохирол учирсан юм.
Түүнчлэн Энэтхэгийн Кашмирын Чосити тосгонд баасан гарагт болсон гэнэтийн үерийн улмаас 60 хүн амиа алдаж, олон хүн сураггүй байгаа тухай албаныхан мэдээлсэн. Пүрэв гарагт орсон хүчтэй үерийн дараа 300 орчим хүнийг аварсан ч олон хүн урсгалд автан алга болжээ. 50 гаруй хүн хүнд гэмтэл авч, эмнэлэгт хүргэгдсэн байна.
Цаашид дахин хүчтэй аадар бороо орох төлөвтэй байгаа бөгөөд нэмэлт үерийн аюултай гэж албаныхан сэрэмжлүүлэв.
https://itoim.mn/a/2025/08/16/world/hhq?9e701e5441532bd6f74f324b4db06ade
URL: