2028 оноос эхлэн хүний оролцоогүйгээр хөрөнгө оруулалтыг төлөвлөдөг болно
Манай улс цахим үндэстэн болох том зорилго тавьж, санхүү, боловсролын салбарт цахим үйлчилгээнүүд нэвтрэв. Мөн төрийн үйлчилгээнүүдийг и-баримт, И-Ионголиа гэх мэт аппликэйшнийн тусламжтайгаар бид хэдхэн секундэд авч байна.
Тэгвэл энэ арга барилыг төрийн худалдан авалтад нэвтрүүлэхээр Эрдэнэт үйлдвэр ажиллаж эхэлсэн. Харин улсын төсвийн хөрөнгө оруулалтаа 2028 оноос эхлэн хүний оролцоогүйгээр, хиймэл оюуны тусламжтайгаар хийдэг болох нь.
Энэ онд улсын төсвөөс цахим шинэчлэлт, шинжлэх ухаанд 56 тэрбум төгрөг зарцуулжээ. Ирэх жил энэ дүн 168 тэрбум болох тооцоог Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам хийж, Сангийн яам баталсан буюу дэмжжээ.
Цахим шинэчлэлтийг тасралтгүй хийснээр 2028 оноос Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрынхны ажил хөнгөрнө. Учир нь жил бүрийн хавар яамд ирэх оныхоо төсвийн төслийг тус газарт өгдөг. Хүслийн жагсаалт мэт маш олон ажлыг төлөвлөдөг юм.
Тэдгээрийг Сангийн яам ирэх жилийн төлөвлөгөөнд туссан уу, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт багтсан уу, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай нийцсэн үү гэх мэт шалгуураар шүүгээд цөөлдөг.
Мөн төсвийн хуулийн шаардлага болох зураг төсөвтэй юу, газраа шийдсэн үү, гурван жилд багтаан хэрэгжүүлэх үү гэсэн дараагийн давааг төсвийн төсөл давах ёстой.
Үүний дараа Засгийн газрын хуралдаан, сайдууд хоорондын тохиролцоо, намын бүлгийн хурал, нэг тойргийнхны лобби, байнгын хороо болон УИХ-ын чуулганы хуралдаануудыг давна. Иймээс УИХ-ын гишүүд төсөв батлуулна гэдэг бол алаан байхгүй юу гэцгээдэг.
Тэгвэл 2028 оноос эхлэн төсвийн хөрөнгө оруулалтыг хийхдээ их өгөгдөл ашиглаж, санхүүжилтийн явцыг хиймэл оюун ухаан хянадаг болно. Нэг тойргоос сонгогдсон гишүүд нийлж, Сангийн сайдын урд хойно гүйж, тойрогтоо ахиухан төсөв тавиулах гэж хөөцөлдөх хэрэггүй болох нь. Ерөнхий сайд болон Сангийн сайд нар тойрогтоо арай ихийг өгчихлөө гэх гомдол ч гарахгүй бололтой.
Гэхдээ их өгөгдөл ашиглаж, зөв шийдвэр гаргахын тулд мэдээллийн технологийн сайн мэргэжилтнүүд болон супер компьютер хэрэгтэй болно.
URL:





