Гүйцэтгэх ажиллагаа явуулсан хэмээн сенсаци дэгдээсэн С.Ганбаатар гишүүний яллах дүгнэлтийг Халдашгүй байдлын дэд хороонд өгчээ

196b343b282ae4e1f48b722235ba1bd2УИХ дахь Ардчилсан намын бүлэг 2026 оны төсвийн хуулиар 5 хоногийн завсарлага авсан. Эхлээд хоёр хоногийн завсарлага авч дууссан ч УИХ-ын гишүүн С.Ганбаатарын өрөөнд АТГ-ын хоёр мөрдөгч гүйцэтгэх ажиллагаа явуулсантай холбоотойгоор завсарлагын хугацааг сунгах хүсэлт гаргасан юм.
Өнөөдөр энэ асуудлыг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэр гаргана гэдгийг УИХ-ын гишүүн Б.Жаргалан хэлсэн. “Тэрээр “АТГ-ын Балдандорж, Батмөнх гэсэн хоёр мөрдөгч Төрийн ордонд ажилладаг нэр бүхий албан тушаалтны нэр дээр нэвтрэх зөвшөөрөл авч орж ирээд УИХ-ын гишүүн С.Ганбаатарын өрөөнд гүйцэтгэх ажиллагаа явуулсан хэрэг гарлаа. Энэ бол УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдсан, парламентын дархлааг сулруулсан, засаглал хоорондын хяналт тэнцлийг үгүй хийсэн ноцтой асуудал. Тиймээс УИХ дахь АН-ын бүлэг цаашид энэ асуудлыг авч хэлэлцэх ёстой гэж бодож байгаа учраас төсвийн хэлэлцүүлэг дээр авсан завсарлагаа сунгах хүсэлтэй байна” гэсэн юм.
Тэгвэл УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг АТГ-аас гурван хэрэгт яллагдагчаар татан шалгаж дууссан бөгөөд С.Ганбаатар гишүүн яллах дүгнэлттэйгээ танилцахгүй байсан аж. Тиймээс АТГ-ын мөрдөгчид өнгөрсөн баасан гарагт Төрийн ордон дахь өрөөнд нь орж яллах дүгнэлттэй танилцуулах гэсэн боловч тэрээр гүйцэтгэх ажиллагаа явууллаа хэмээн бүлгийн гишүүддээ ойлгуулж, төсвийн завсарлагын хугацааг сунгуулжээ. УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг Эрүүгийн хуулийн
22.4 дүгээр зүйл буюу Нийтийн албан тушаалтан хахууль авах,
22.10 дугаар зүйл буюу Үндэслэлгүйгээр хөрөнгөжих,
18.6 дугаар зүйл буюу Мөнгө угаах гэсэн зүйл ангиар яллагдагчаар татан мөрдөн шалгаж дуусаад шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Харин УИХ-ын гишүүн С.Ганбаатар яллах дүгнэлттэйгээ танилцахаас татгалзсан учраас дүгнэлтийг УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороонд өгчээ.
Парламентын цөөнхийн бүлэг гишүүнээ хамгаалах нь зүйн хэрэг. Гэхдээ хууль хяналтын байгууллагын ажилд саад учруулж, гишүүний бүрэн эрхээрээ бамбай хийж болохгүй. Хэрвээ хууль зөрчөөгүй бол УИХ дахь бүлгийнхээ ард нуугдах бус халдашгүй эрхээсээ түдгэлзээд шалгуулах нь зүйн хэрэг.

URL: