Дэлхийн тавцанд улам бүр ганцаардаж буй Израиль
Газын зурвас дахь дайн, хүмүүнлэгийн хямрал үргэлжлэхийн хэрээр Израилийн эдийн засаг, соёл урлаг, спортын талбарт сөрөг нөлөө үзүүлэх нь ихэсч байна. Нэг үгээр хэлбэл, Израиль дэлхийн тавцанд улам бүр тусгаарлагдах болов.
Израилийн арми Газын зурвас дахь хуурай замын довтолгоогоо өргөжүүлж, Катарын нутаг дэвсгэрт байршсан Хамасын удирдлагад цохилт өгснөөс хойш олон улсын шүүмжлэл эрс нэмэгдсэн. Барууны хэд хэдэн улс Израилийн тодорхой хувь хүмүүс, байгууллагуудын эсрэг хориг арга хэмжээг хэдийнэ хэрэгжүүлж эхлээд буй. Тэр бүү хэл НҮБ анх удаагаа Израилийг Газын зурваст палестинчуудын эсрэг геноцид үйлдсэн гэж дүгнэлт гаргав. Мөн Израилийн худалдааны хамгийн том түнш болох Европын холбоо хэрвээ гишүүн орнууд нь зөвшөөрвөл чөлөөт худалдааны гэрээгээ хэсэгчлэн түдгэлзүүлэх арга хэмжээ авах санал гаргажээ.
Дэлхий нийтийн эсэргүүцэл Израилийн эдийн засагт мэдээж нөлөөлж буй. Норвеги улс наймдугаар сард Израиль дахь багцынхаа зарим хэсгийг салгаж байгаагаа зарлав. Мөн Франц, Итали, Нидерланд, Испани, Их Британи болон бусад улсаас хэсэгчлэн эсвэл бүрэн зэвсгийн хориг тавьжээ.
Эсэргүүцэл маш хүчтэй байгааг Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху энэ сарын эхээр хүлээн зөвшөөрсөн юм. Тэрбээр Израиль улс хэдэн жилээр ч хамаагүй үргэлжлэх тусгаарлалттай тулгарч байгааг анхааруулаад, биеэ даахаас өөр аргагүй гэжээ. Үүний тулд зэвсгийн үйлдвэрлэлээ хөгжүүлж, эдийн засгаа гадаад худалдаанаас бага хамааралтай болгох хэрэгтэй аж.
Хоёрдугаарт, даамжирч буй дайн Израилийн соёлын салбарыг ч тойрсонгүй. Ирланд, Нидерланд, Испани зэрэг Европын хэд хэдэн орон 2026 оны “Евровидение” наадамд Израилийг оролцоно гэвэл бойкотлохоо мэдэгдээд байна. Гэвч Израиль өөрсдөө хөгжмийн наадмыг улстөржүүлж болохгүй гэсэн байр суурьтай байна. Тус улс 1973 оноос хойш “Евровидение”-д оролцсон билээ. “Евровидение” наадмыг зохион байгуулагч Европын өргөн нэвтрүүлгийн холбоо ирэх арваннэгдүгээр сард оролцох улсуудын нэрсийг авах аж.
Түүнчлэн саяхан Бельгийн Гент хотод болсон хөгжмийн наадмын үеэр Израилийн удирдаач Лахав Шанитай хамтран тоглох гэж байсан Мюнхений филармонийн тоглолтыг цуцалжээ.
Цаашилбал, Холливудад олон мянган кино найруулагч, жүжигчид, кино үйлдвэрийн ажилчид Израилийн кино компаниудтай хамтран ажиллахгүй гэдгээ амлаад байна. Үүнд, Оливиа Колман, Эмма Стоун, Эндрю Гарфилд, Ханна Эйнбиндер нарын уран бүтээлчид багтана. Ханна Эйнбиндер л гэхэд саяхан Эммигийн шагнал гардуулах ёслолын үеэр үг хэлэхдээ “Палестиныг чөлөөл” гэж төгсгөлд нь хэлж, шуугиан тарьсан билээ.
Спортын салбар мөн адил дархлаагүй болжээ. Тухайлбал, Израиль-Премьер Тех багийг дугуйн уралдаанд оролцуулахыг эсэргүүцсэн жагсаал цуглаан өрнөсөн тул томоохон тэмцээний сүүлийн шат энэ сарын эхээр цуцлагдав. Мөн Испанид болсон шатрын тэмцээнд Израилийн тамирчид эх орныхоо далбаан дор оролцох боломжгүй болсон.
Энэ байдал даамжирсаар Израиль улс Европын хөлбөмбөгийн аваргад оролцож чадахгүйд ч хүрч магадгүй байна. Үүний зэрэгцээ Премьер лигийн хэд хэдэн хөлбөмбөгчин Газын зурвас дахь дайныг эсэргүүцсэн байр сууриа илэрхийлж, эв нэгдлийг уриалав.
НҮБ ДАХЬ ӨӨРЧЛӨЛТ

Израилийг дэлхийн тавцанд тусгаарлагдсан хамгийн сүүлийн жишээ гэвэл НҮБ-ын Ерөнхий ассамблейн 80 дугаар чуулганыг хэлнэ. Тодруулбал, Беньямин Нетаньяхуг үг хэлэхээр индэрт гарч ирэх үед Араб, Африкын орнуудын болон Европын хэд хэдэн улсын төлөөлөгчид эсэргүүцлээ илэрхийлж, танхимыг орхин гарчээ.
Эргэн сануулахад, Канад, Франц, Их Британи зэрэг барууны хэд хэдэн томоохон улс НҮБ-ын чуулганаас өмнө Палестин улсыг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн билээ.
Израиль улс 2017-2025 оны хооронд НҮБ дахь дэмжигчдээ бага багаар алдсаар байгааг Вашингтоны Ойрхи Дорнодын бодлогын хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Роберт Сатлофф судалгаагаар тогтоожээ.
Тэрбээр Израиль-Палестины асуудлаарх НҮБ-ын Ерөнхий ассамблейн тогтоолын төсөлд улс орнууд хэрхэн санал өгснийг шинжилсэн байна. Израилийг олон жилийн турш хамгаалсан улсууд байр сууриа аажмаар өөрчилж буй нь эндээс тодорхой болжээ. Тэр дундаа Израильтай маш чухал, хүчтэй, асуудалгүй харилцаатай улсууд хүртэл Израилийн эсрэг санал өгөх болсон байна.
Түүнчлэн НҮБ-ын Газад хэлмэгдэгсдийн тухай комисс Газын зурвас дахь нөхцөл байдлын талаар тайлан гаргасан нь олон нийтийг Гаагийн шүүхийн мөрдөн байцаалтад дахин анхаарал хандуулахад хүргэсэн юм.
Эргэн сануулахад, Олон улсын эрүүгийн шүүх өнгөрсөн жил Беньямин Нетаньяхуг баривчлах тушаал гаргасан. Тиймээс Нетаньяху НҮБ-ын чуулганд оролцохоор Нью-Йорк хүрэхийн тулд Франц, Испанийн агаарын орон зайгаар дайралгүй, тойруу замаар явжээ.
Энэ мэтчилэн олон улсын дэмжлэг багассан ч гэлээ АНУ Израилийн талд тууштай саналаа өгсөөр байна.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио энэ сарын эхээр Израилийн Катарын нутаг дэвсгэрт хийсэн цохилтын талаар яриа өгөхдөө “Ерөнхийлөгчийн хэлсэн үг ойлгомжтой байгаа гэж бодож байна. Энэ явдал түүнд таалагдаагүй. Гэхдээ Израильтай бидний харилцаа хүчтэй хэвээр байх болно” гэжээ.
ӨМНӨД АФРИКИЙН ЖИШЭЭ
Израилийн эдийн засаг, соёл, спортын салбарт тулгарч буй эсэргүүцлийг олон жилийн өмнөх Өмнөд Африкын жишээтэй харьцуулж байна.
1948 оноос 1990-ээд оны эхэн үе хүртэл Өмнөд Африкт апартейд хэмээх систем бий болсон. Апартейд нь хүмүүсийг үндэс угсаагаар нь ялгадаг систем учир олон улс үүнийг нь дургүйцэн бойкот зарлаж эхэлжээ. Тухайлбал, Өмнөд Африкийн бүтээгдэхүүнийг худалдан авахаа зогсоож, хөрөнгө оруулалт, банкуудыг татах эдийн засгийн бойкот, олон улсын хөгжимчид Өмнөд Африкт тоглохоос татгалзах соёлын бойкот, крикет, регби, олимп зэрэг олон улсын томоохон спортын арга хэмжээнээс тус улсыг хасах спортын бойкот өрнөжээ.
Олимпын наадамд оролцуулахгүй байх зэрэг бэлгэдлийн чанартай зүйлс нь эдийн засгийн тоон үзүүлэлт зэргээс илүү хоруу чанартай байдгийг Израилийн Өмнөд Африк дахь Элчин сайд асан Илан Барух тайлбарлажээ.
Илан Барух өдгөө Палестин улсыг хүлээн зөвшөөрөх шийдэлд хүрэхийг дэмжигч Израилийн эрдэмтэн судлаачид, идэвхтнүүд болон хуучин дипломатчидаас бүрдсэн ажлын хэсгийг ахалдаг.
Тэрбээр “Евровидение маш алдартай. Хөлбөмбөгийн тэмцээнүүд ч маш алдартай. Израилийн бодлогод соёл, спорт гэх мэтээр дарамт үзүүлбэл Өмнөд Африкт юу болсон, түүнтэй адил нөлөө үзүүлэх болно” гэж хэлжээ.
ЭХ СУРВАЛЖ: CNN
URL:




