Хууль бус тамхи тээвэрлэсэн бөмбөлгүүд Вильнюс нисэх онгоцны буудлыг хэдэн цагаар хаажээ

aerostat_lrt_vsat_1128x752-810x500Хууль бус тамхи агуулсан халуун агаараар хөөрдөг 25 хүртэлх жижиг агаарын бөмбөлөг Бямба гаригийн орой (2025.10.04) Литва улсын агаарын орон зайд нэвтэрч, Вильнюс нисэх онгоцны буудлыг хаахад хүргэжээ. Эрх баригчдын мэдээлснээр, эдгээр агаарын бөмбөлгөөс болж бүхий л нислэгийг хэдэн цагаар хойшлуулахаас өөр аргагүй болсон байна. Тодруулбал, агаарын бөмбөлгүүд 30 нислэгт саад болж, 6000 орчим зорчигчийн хуваарьт өөрчлөлт оруулсан гэж Литвын Үндэсний хямралын удирдлагын төв мэдээлэв. Нислэгүүдийг Ням гаригийн 04:50 цагт (Бямба гаригийн 21:50 цагт ET) сэргээжээ.

Хэдийгээр бөмбөлгүүд нь энгийн тамхи тээвэрлэж байсан ч өнгөрсөн нэг сарын хугацаанд төрөл бүрийн зүйлс, техник хэрэгсэл НАТО-гын агаарын орон зайд халдсан явдал олширсон байна.

Улмаар Европ тив өндөржүүлсэн бэлэн байдалд шилжжээ. Зарим Европын албаныхны үзэж буйгаар, агаарын бөмбөлгөөр тамхи тээвэрлэж буй нь Москвагийн НАТО-гийн хариу арга хэмжээг туршиж буй явдал гэж тодорхойлсон. Энэ нь Европын холбоо Оросын эсрэг хэр бэлтгэгдсэн бэ гэх асуултыг төрүүлж байна. Литва болон бусад Балтийн орнууд энэ мэт үйл явдалд онцгойлон санаа зовж байна. Учир нь долдугаар сарын 10-нд Орост үйлдвэрлэсэн Гербера дрон Беларусаас Литва руу нисч, Вильнюс мужид осолджээ. Өөр нэг дрон долдугаар сарын 28-нд цэргийн бэлтгэлийн талбайд осолдсон бөгөөд долоо хоногийн дараа эвдэрсэн хэсгүүд нь олджээ. Үүний дараа уг дрон нь тэсрэх бөмбөг агуулж байсныг цэргийнхэн мэдэгдсэн юм.

Агаарын орон зайг нэвтэрч буй эдгээр хэрэг явдал нь Литвын засгийн газрыг сандаргаж, зэвсэгт хүчинд агаарын орон зайг нь зөрчсөн аливаа дроныг устгах зөвшөөрлийг парламент нь олгожээ.

ХУУЛЬ БУСААР ОРУУЛЖ ИРСЭН 18 МЯНГАН ХАЙРЦАГ ТАМХИЙГ ХУРААСАН

Вильнюс нисэх онгоцны буудлын дээгүүр хоёр агаарын бөмбөлөг нисч байсан гэж хэвлэлийн төлөөлөгч Дариус Бута мэдэгдэв. Бөмбөлгүүд орон нутгийн цагаар 20:45 цаг орчимд нисэх буудлыг агаарын орон зайд нэвтэрсэн бөгөөд албаны 20 гаруй хүн буулгах ажиллагаа явуулжээ. Мөн хилийн цагдаа нар янз бүрийн газраас 11 бөмбөлөг, 18 мянган хайрцаг хууль бусаар оруулж ирсэн тамхи илрүүлсэн гэж Бута ”Associated Press” агентлагт ярьжээ.

Литвын нийслэл Вильнюс нь Оросын холбоотон Беларусь улсын хилээс баруун тийш 40 км зайд оршдог. Беларусын хууль бус наймаачид дроноос хамаагүй хямд агаарын бөмбөлгийг Европын холбоо руу хууль бусаар тамхи нэвтрүүлэхдээ ашиглах нь олширсон аж. Үүнтэй төстэй тохиолдлууд наймдугаар сард бүртгэгдсэн боловч цөөн тооны бөмбөлөг байсан. Өнгөрсөн жил Беларусаас орж ирсэн 966 агаарын бөмбөлгийг Литвын эрх баригчид саатуулжээ. Энэ жил 544 бүртгэгдсэн байна. “Хууль бусаар хил давуулах бөмбөлөг, дрон ашиглах нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл боловч өдөөн хатгалга, хорлон сүйтгэх ажиллагаа биш” гэж Бута онцлон тэмдэглэжээ.

ЭХ СУРВАЛЖ: CNN


URL: