Бяцхан худалдан авагч ба том тоглогч

f764ff07-72af-420c-b4df-c38713c47499-1200x0-8185777c-501f-4d90-96a7-c72a8d5e37b2-1“Хүүхдийн биед харшил өгөхгүй”, “эрүүл, органик”, “хүүхдэд аюулгүй”, “веган” зэрэг шошго хүнс, хувцас, хэрэгсэл гээд хүний хэрэгцээний бүхий л бүтээгдэхүүнийг дагалдаж, маркетингийн түрхүүр үгээр нэрлэгдэх болов.

Эндээс бизнес, маркетингийн салбарынхны гол бай нь хүүхдүүд болсныг харж болохоор байна. Худалдаа, үйлчилгээний салбарынхан санхүүгийн эрх чөлөөнд хүрээгүй, орлогын эх үүсвэртэй ч болоогүй багачуудад таалагдахыг ийн мэрийх болсон нь тун сонирхолтой өнцөг. Одоогоос хэдэн жилийн өмнө хүүхдүүд ээж, аавынхаа зэхсэн хувцсыг өмсөж, бэлдсэн хоолыг идэж, авч өгсөн тоглоомоор нь л тоглодог байлаа. Харин одоо юу худалдан авч, юу эдэлж, хэрэглэхээ өөрсдөө сонгодог болсон төдийгүй өрхийн худалдан авалтад ч голлох нөлөө үзүүлдэг болжээ. Эцэг, эхчүүд өөрсдийн тав тух, хэрэгцээг бодолцохоос илүү хүүхдэд үзүүлэх нөлөөнд нь тулгуурлан сонголт хийдэг болсон байна. Мөн шинэ үеийн эцэг, эхчүүд хүүхдийнхээ хүсэл сонирхлыг сонсож, тэдний сонголтыг хүндэтгэдэг болжээ. Энэ талаарх судалгааг “MarketingCharts” судалгааны байгууллага хийсэн байна. Судалгаанд хамрагдсан эцэг, эхчүүдийн 90 хувь нь аливаа бараа, бүтээгдэхүүн худалдаж авах шийдвэрт хүүхдүүд голлон нөлөөлдөг гэж хариулжээ. Тэдний 48 хувь нь хүүхдүүд өөрсдийнхөө эдэлж, хэрэглэх зүйлсийг өөрсдөө сонгодог гэж хариулсан бол 36 хувь нь өрхийн худалдан авалт, эцэг, эхийн шийдвэрт ч багачууд нөлөөлдөг гэж мэдэгдсэн байна. Дэлгэрүүлбэл, хоол, хүнс, аялал, зугаалга, гэр бүлийн алжаал тайлах үйлчилгээ, гэрийн тавилга, хэрэгсэл төдийгүй томчуудын хувцаслалтад хүртэл хүүхдийн байр суурийг харгалзах нь түгээмэл аж.

Үүний улмаас хүүхдүүдэд сүүлийн зориулсан зарцуулах мөнгө тогтмол жилүүдэд сурталчилгаанд өсөлттэй байна. “Cognitive Market Research”-ийн мэдээлснээр дэлхийн хүүхдийн дижитал зар сурталчилгааны зах зээлийн хэмжээ гэхэд 8240 сая ам.доллароор үнэлэгдсэн байна.

Дижитал нөлөө

Хүүхдүүд бизнес эрхлэгчдийн анхаарах гол бүлэг болсон нь нэгэнт тодорхой болжээ. Тэгэхээр нийтлэлийн энэ хэсэгт альфа үеийн хүүхдүүд ямар төрлийн зар сурталчилгаанд хамгийн их өртөж, худалдан авалтад нь юу чухал нөлөө үзүүлж байгааг хөндье. Альфа үеийнхэн дижитал эринд төрж, өссөн гэдгээрээ онцлог. Тиймээс тэдэнд хамгийн том нөлөө үзүүлэх хүчин зүйл бол дижитал хэрэгсэл юм. Ялангуяа, цахим нөлөөлөгчид худалдан авалт, хүүхдүүдийн сонирхлын гол түлхүүр юм. Тиймдээ ч насанд хүрэгчдэд бус хүүхэд, өсвөр насныханд зориулсан контент бүтээдэг хүмүүс жил ирэх тусам олширч, энэ төрлийн нөлөөлөгчдийн орлого бусдаасаа өндөр байдаг аж.

Альфа үеийнхний 57 хувь нь олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хүлээж авсан бараа, бүтээгдэхүүндээ татагддаг байна. Ялангуяа, 10-12 насныханд нийгмийн сүлжээнд суурилж сонголт хийх нь элбэг.

Харин өсвөр насанд найз нөхөд, хүрээлэл, эргэн тойронд нь байгаа хүмүүс сонголтод нь нөлөөлөх магадлал арай нэмэгддэг байна. Мөн хүүхдүүдийн 41 хувь нь худалдаж авахыг хүсч буй зүйлээ хараад, бусад найздаа эсвэл асран хамгаалагчдаа нийгмийн сүлжээгээр дамжуулан хуваалцдаг аж. Энэ зуршил нь тухайн бүтээгдэхүүний борлуулалтад эерэг нөлөө үзүүлдэг байна. Бизнесийн байгууллагууд ч үүнийг андахгүй. Тиймээс нас, насны хүүхдийн анхаарал татахуйц гял, цял сурталчилгаа байршуулж, хүүхдэд чиглэсэн контент бэлтгэсэн нөлөөлөгчдийг “онилж”, зар сурталчилгаагаа байна. Энэ хэрээр хийлгэсээр нийгмийн сүлжээнд хүүхдэд чиглэсэн контент, сурталчилгаа элбэгшиж байна. 14 настай хүүхэд зөвхөн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр өдөрт 1260 зар сурталчилгаанд өртдөг гэх тооцоолол ч бий.

Сүүдэр

Бизнесийн салбарын том оролцогч нь хүүхэд болсонд төдийгүй тэдний шийдвэр, сонголтод голлох нөлөө үзүүлэх чухал хүчин зүйл нь дижитал орчин байгаад сүүдэртэй тал ч бий. Хүүхдүүд худал мэдээлэлд автах, гэмт хэрэгт өртөх гэхчлэн олон зүйлийг тоочиж болно.

Тэдгээрээс гадна 18 хүртэл насны хүүхэд, залуучууд эрүүл бус хүнсний маркетингд ихээр өртөж, энэ нь хооллох дадал зуршил, эрүүл мэндэд нь сөрөг үр дагавар учруулах хэмжээнд хүрээд байгааг ДЭМБ анхааруулсаар буй.

Улмаар 2010 онд Дэлхийн эрүүл мэндийн 63 дугаар Ассамблей хүүхдэд чиглэсэн хүнс болон чихрийн агууламж өндөр, согтууруулах бус ундааны маркетингийн талаарх ДЭМБ-ын багц зөвлөмжийг баталсан. Үүний хүрээнд хүүхдэд чиглэсэн зар сурталчилгаанд тодорхой хяналт, шүүлтүүр тавьсан улс орон ч цөөнгүй бий. Чили улс гэхэд 2014 онд 14-өөс доош насны хүүхдийн анхаарлыг татахуйц хүүхэлдэйн кино, хөдөлгөөнт тайлбар видео, тоглоом болон бусад контент ашиглан эрүүл бус хүнсний бүтээгдэхүүнийг сурталчлахыг хоригложээ. Мөн 06:00-22:00 цагийн хооронд гарч буй телевизийн нэвтрүүлгээр хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй хүнс гаргахыг хориглосон аж. Их Британийн Засгийн газар мөн ижил төрлийн арга хэмжээ авсан байна. Ингэснээр хэт боловсруулсан хүнсний бүтээгдэхүүн, чихэр, сахрын хэрэглээ буурчээ.

Харин манай улсад энэ төрлийн зохицуулалт дутмаг байна. Ялангуяа, нийгмийн сүлжээнд ийм төрлийн контентыг хязгаарлах хязгаарлалт огт байдаггүй. Үүний улмаас хүүхдүүдэд зориулсан контент бүтээгч болон нөлөөлөгчид чихэр, сахартай бүтээгдэхүүн сурталчилж, зарим нь энэ төрлийн бизнес ч хийж байгаа юм. Гороор нь эрүүл бус хүнсний орчин болж, энэ нь хүүхдүүдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө учруулж байгааг НҮБ-ын Хүүхдийн сангаас гаргасан “Эрүүл бус хүнс, ундааны хүүхдэд чиглэсэн маркетинг сурталчилгаа” бодлогын хураангуйд дурдсан байна.

Эрүүл бус хүнсний маркетинг хүүхдүүдэд итгэл үнэмшил ихээр төрүүлж, тэдэнд хүчтэй нөлөөлдөг. Энэ нь хүнс, хооллолтын эргэн тойрон дахь нийгмийн хэм хэмжээг бүрдүүлж, хүүхдийн хэт боловсруулсан хүнсний сонголт, хэрэглээг нэмэгдүүлж, биед авч буй нийт илчлэгийн хэмжээг өсгөдөг. Амьдралын явцад энэ нь жин нэмэхэд хүргэдэг бөгөөд илүүдэл жин, таргалалт, хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин, зүрх судасны өвчин, хавдрууд зэрэг олон төрлийн халдварт бус өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Сүүлийн үед худалдааны төв болгон хүүхдийн тоглоомын төвтэй, багачуудын ая тухыг хангасан бүстэй, бага насны хүүхдээ хуурайлах, сүүг нь уулгах тусгай хэсэгтэй болсон. Ингэснээр гол хэрэглэгчдээ татаж, борлуулалтын орлогоо нэмэгдүүлж байна. Ийн хүүхдийн ая тухыг хангаж, хэрэглэгч татах нь зүйн хэрэг. Харин хүүхэд гол тоглогч гэдгийг ашиглах чанаргүй, эрүүл мэндэд тусгүй бараа, бүтээгдэхүүн борлуулах, сурталчлах нь олон сөрөг үр дагавартай. Түүнчлэн энэ төрлийн харилцаа ямар нэг зохицуулалтгүй байгаа нь шүүмжлэх гол өнцөг юм.

 

https://eagle.mn/r/xbOb5m3CZbA


URL: