Сирийн түүх шинээр эхэлж, анхны сонгуулиа явуулав
Башар аль-Ассадын дарангуйлал төгсгөл болсны дараа Сири улс анх удаа сонгууль явуулж байна. Олон жил иргэний дайнтай байсан орон нутгийн хороод шилжилтийн үеийн парламентыг сонгох ажлыг Ням гаригт (2025.10.05) эхлүүлээд байна. Энэ нь улс орныг дахин босгоход чухал алхам юм. Шинэ парламентын гуравны нэгийг Ахмед аль-Шараа шууд томилох бол үлдсэнийг нь мужийн хүн амын тоонд суурилсан электорал коллежоор дамжуулан сонгоно.
Гэхдээ энэ удаагийн сонгуульд хүн бүр санал өгөх боломжгүй байна. Учир нь олон жил үргэлжилсэн иргэний дайнаас болж зарим иргэн орон гэрээсээ дүрвэж, иргэний мэдээллийг баталгаажуулах ямар ч баримт бичиг, үнэмлэхгүй болсон аж.
Зөвхөн иргэний үнэмлэхтэй иргэд энэ удаад санал өгөх бөгөөд дараагийн үндсэн сонгуульд бүх иргэнийг хамруулна.
Түр засгийн газрын удирдагч аль-Шараа Дамаск хотын Үндэсний номын санд хэлсэн үгэндээ, “Биднийг урагшлуулах олон хуулийг батлах хэрэгтэй байна. Сири улсыг дахин босгох нь бүх иргэдийн хамтын үүрэг юм” гэжээ. Улмаар парламентын сонгуулиас урьтаж тэрбээр хуучин, эрх мэдэлгүй парламентыг тараажээ. Шинэ парламент 210 гишүүнтэй байх ба 30 сарын хугацаанд ажиллана. Энэ хугацаанд шинэ Үндсэн хууль боловсруулж, жинхэнэ сонгуулийн тухай хууль батлах ёстой. Одоогоор 1500 гаруй хүн нэр дэвшиж байгаа ба тэдний зөвхөн 14 хувь нь эмэгтэйчүүд байна. Хуучин Ассадын дэглэмийг дэмжиж байсан, эсвэл улс орныг хагалган, бутаргахыг уриалж, сурталчилдаг байсан хүмүүс нэр дэвших эрхгүй. Мөн нэр дэвшигчдийн дунд Америкт амьдардаг Сири гаралтай еврей Хенри Хамра багтжээ. Тэр бол 1940-өөд оноос хойших анхны еврей нэр дэвшигч юм.
Гэсэн хэдий ч хоёр бүс нутагт сонгууль хойшлогджээ. Тодруулбал, Друз үндэстэн давамгайлдаг Сувейда муж болон Курдын хүчний хяналтад байдаг бүс нутагт сонгууль улс төрийн зөрчилдөөнөөс болж хойшлогдсон байна. Тухайн бүс нутгийн зарим хүн энэхүү сонгуулийн систем нь шударга бус гэж шүүмжилж, зөвхөн хүчирхэг хүмүүсийг эрх мэдэлд хүргэх болно гэж үзэж байна. Эдгээр шүүмжилж буй хүмүүсийн нэг нь Дамаскт амьдардаг эмч Лина Даабоул байсан. Тэрбээр эхэндээ шударга сонгууль болно гэдэгт итгээгүй байна. Дараа нь нэр дэвшигчид, нөхцөл байдлын талаар сайтар судалсныхаа дараа сонгууль өгөх шийдвэр гаргасан байна.
Даабоул сонгуулийн өдөр орон нутгийн хэвлэлд хэлэхдээ, “Би анх удаа сонгууль өгөх гэж байна. Би маш их баяртай байгаа. Санал өгөхөөр эгнээнд жагсах хүртэл надад сайхан санагдаж байна” гэжээ.
Сонгуулийн төв комиссын гишүүн Лара Эезоуки хэлэхдээ, “Шинэ парламент бүх шашин, үндэстнийг хамарсан бөгөөд Сирийн түүхэнд анх удаа саналын хайрцаг жинхэнэ утгаараа шийдвэр гаргахад тусалж байна. Өмнө нь үр дүн урьдчилан тогтчихсон байдаг байсан” гэж онцлон тэмдэглэжээ.
Түүнчлэн Ассадын армид алба хашиж байсан ч 2011 оны бослогын дараа оргосон Ибрахим Халаби хэлэхдээ, “Бид амьдралдаа анх удаа гадны дарамтгүй, жинхэнэ ардчилсан сонгуульд оролцож байна” гэв. Аль-Шараа тэргүүлсэн исламын эвсэл өнгөрсөн арванхоёрдугаар сард Ассадын дэглэмийг унагаасан юм.
ЭХ СУРВАЛЖ: THE GUARDIAN
URL:




