Луврын музейд хулгай гарсан нь хяналтын сул системтэй холбоотойг хүлээн зөвшөөрөв

335982-23102025-1761182064-795478157-gettyimages-2241678550Ням гаргийн өглөө Парис хотын алдарт Луврын музейд дээрэмчид халдаж олон сая ам.долларын үнэ бүхий үнэт зүйлс хулгайлсан.

Дээрэмчид музейн гадна талаас тагтаар нэвтрэн орсон бөгөөд тухайн хэсэг хяналтын камерын тусгалд багтаагүйг музейн захирал хүлээн зөвшөөрсөн байна.

Тэрбээр “Бид үнэт эдлэлүүдийг хамгаалж чадсангүй. Дээрэмчдээс Луврыг хамгаалж чадсангүй” хэмээн ярив.

Музейн хамгаалалтын систем “үнэхээр хангалтгүй” байсныг дурдаад дотоод хэсгийн зарим тоног төхөөрөмж шинэ технологид тохирохгүй буюу хэтэрхий хуучирсан гэв.

Хэдийгээр Луврын музей өнгөрсөн онд 8.7 сая зочин хүлээн авч, дэлхийн хамгийн их хүн зочилсон музей болсон ч хамгаалалтын хөрөнгө оруулалт хангалтгүй байсныг захирал нь онцлов.

2021 онд Луврын музейн захирлаар томилогдож байсан Лоуренс дэ Карс камеруудын тоог хоёр дахин нэмэх зорилготой байгаагаа хэлжээ.

Түүний хувьд хулгай гарсны дараа огцрох хүсэлтээ Соёлын яаманд өгсөн ч үүнийг нь хүлээж аваагүй гэнэ.

Музейн үйл ажиллагаа лхагва гаргаас хэвийн үргэлжилж эхэлсэн ч үнэт эдлэл хадгалдаг галерей хаалттай хэвээр байна.

Дээрэмчдийн хоёр нь галерейн гадна талаас автомашинд суурилуулсан өргөгч шат ашиглан тагтан дээр гарч, цонхыг нь гаднаас нь зүсэн нэвтэрсэн.

Тэдний нэвтэрсэн талын хананд ганц камер байсан ч тэр нь буруу тийшээ харсан байсан тул шатаар дамжин нэвтэрч буй нь хянагдаагүй аж.

Эх сурвалж: ВВС


URL: