Оюуны өмчийн хулгайн хэргийг хэрэгсэхээ больжээ
Оюуны өмчийн хулгай манай оронд арай л дэндүү байх шиг. Уг нь бол “Оюуны өмчийн газар” гэх байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Гэтэл тэрхүү байгууллага зүгээр л нэг мөнгө хүүлэх аппарат гэж бодогдохоор байна. Монгол дахь Louis Vuitton дэлгүүрийн захиалгаар иргэдийн лангуун дээрх тус брэндийн таних тэмдэгтэй бараа бүтээгдэхүүнийг хураасан. Үнэндээ түүнийг авчирч зарж байгаа биш Хятадаас нааш нийлүүлж байгаа хүнтэй тэмцэх тухай олон улсын оюуны өмчийн хуулийн заалт бий. Дээрээс нь Оюуны өмчийн хулгай хаа сайгүй нүүрлэж байгаа бөгөөд Оюуны өмчийн газар өөрсдийнхөө тусгай гэрчилгээ олгосон бүтээлүүдээ ч хамгаалж чадахгүй байна. Угтаа тэрхүү гэрчилгээг нь 50 мянган төгрөгөөр худалдаж авдаг юм. Зарахдаа инээж бүртгэсэн хирнээ гомдол мэдүүлсэн хүмүүсийн асуудлыг шийдвэрлэж өгдөггүй тус газрыг яг ямар ажил хийдэг вэ гэдгийг ойлгож мэдэх юм алга.
“Би чамд хартай-2” гэх уран сайхны кино бүтээл Оюуны өмчийн газраас алдагдаж хулхи цомог болон 1000 төгрөгөөр худалдаалагдсан хэргийг шүүх хэрэгсэхгүй болгосон. Гэтэл бас нэгэн киноны хулгайн хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Энэ бол 500 гаруй сая төгрөгөөр бүтсэн гэх “90 сая”-ын Гансүхийн тухай “Бодлын хулгайч” кино байсан юм. Кино театруудаар гарч дуусаагүй байхдаа хулгайлагдсан тус киног задруулсан хүн нь “Өргөө” кино театрын мэргэжилтэн. Орон нутагт гаргачихаад ирсэн тэрээр дүүдээ тус киног гэртээ үзүүлсэн гэж байгаа. Дүү яахав дээ киног үзчихээд манай гэрт байгаа гэж найзууддаа онгирч. Нэг сэргэлэн найз нь түүнийг Торрентод шээрлэчих гэж ятгаснаар энэ кино олны олз болсон гэдэг. Уул нь хэнд хариуцлага тооцох нь ойлгомжтой байгаа ч энэ хэрэг бас л хэрэгсэхгүй боллоо.
Дээрээс нь Монголын Үндэсний телевизээр гардаг байсан “Нэг л биш ээ”, “Цэг, таслал” хэмээн асуудал хөндсөн нэвтрүүлгүүдийг үзэгч та санаж байгаа. МУСГЗ Г.Золжаргал, МУСГЗ найруулагч Го.Бадарч нарын хийж байсан оюуны өмчийн гэрчилгээ бүхий энэ бүтээлийг залуу сэтгүүлч Г.Тэгшжаргалд албан ёсоор үргэлжлүүлэн хийх эрхийг өгч байжээ. “Цэг, таслал” нэвтрүүлэг нь эрэн сурвалжлах, асуудал хөндсөн нэвтрүүлэг юм. Гэтэл “Цэг, таслал” нэвтрүүлгийг нь ТВ1 суваг дээрэмдэж өөрсдийнхөө эфирээр жанрыг нь хүртэл хулгайлан хийсээр хэдэн сарын нүүрийг үзэж байгаа ажээ. Тус телевиз энэ нэвтрүүлгээ болихгүй гэж сэтгүүлч Г.Тэгшжаргалд хэлсэн агаад түүнийг Оюуны өмчийн газарт хандахад тус газар энэ асуудалд жулджээ.
Өөрсдөө баталгаажуулж оюуны өмчийн гэрчилгээг нь гардуулж өгсөн бүтээлээ хамгаалж чадахгүйн дээр болгоомжгүй үйлдлээр алдагдаад байгаа оюуны хулгайн гэмт хэргүүдэд “Оюуны өмчийн” гэх Засгийн газрын томоохон агентлаг ямар ч арга хэмжээ авч чадахгүй байсаар байна. Тэдний яг одоо хийж байгаа ажил нь бараа бүтээгдэхүүний нэрийг баталгаажуулж 30-50 мянган төгрөг хураах, энэ гэрчилгээг нь 1 жил хүлээлгэж байгаад олгодог, олгосон гэрчилгээндээ баталгаа өгдөггүйн дээр өөрсдөө ах дүүсдээ си-ди борлуулах цэг нээгээд өгчихсөн байдаг гэх. Уул нь статусаа ойлгодог бол Оюуны өмчийн газар орчин цагт цагдаагийн байгууллагын хэмжээнд илүү эрч хүчтэй, хариуцлагатай ажиллах ёстой байгууллага мэт санагдана.
Б.Ану /www.wikimon.mn/
URL:





