Тархины гэмтлээсээ болж “гоц чадвар”-тай болсон хүмүүс

Ер бусын гоц чадвар, суу билгийг тохиолдлын буюу тархитай холбоотой гэмтэл, гажигаас үүдэн олж авсан хүмүүсийг “Савант” хүмүүс гэж нэрийддэг бөгөөд үүнд ой тогтоох ер бусын чадвар, зураг зурах, аливааг тооцоолоох, зөгнөх, харь хэлээр ярих зэрэг чадварууд ордог аж.

Савантчуудын синдром болон отизм буюу өөрөө өөрийнхөө бий болгосон хийсвэр ертөнцөд амьдардаг эмгэгтэй хүмүүсийг судалдаг сэтгэл мэдрэлийн эмч Дэрольд Трефэртийн үзэж байгаагаар дэлхий дээр 50 хүрэхгүй шахам ийм гоц хүмүүс амьдарч байгаа юм байна.

10. Эдвард Майбриж (1830 – 1904)

XIX зууны үеийн Английн шилдэг гэрэл зурагчин, дэлхийн гэрэл зургийн түүхэнд үнэтэй хувь нэмэр оруулж аливаа зургийн шилжилт хөдөлгөөнийг буулгах хосгүй технологийг нээсэн тэрээр энэхүү сонгодог нээлтээ тархины хүнд гэмтэл авч эмчилгээ хийлгэж байсан 1861 – 1866 онуудад хийсэн гэдэг.
Эдвард сүйх тэрэгний осолд өртөж толгойгоо хаданд хүчтэй цохисны улмаас маш хүнд гэмтэл авч амтлах, бодож сэтгэх, харааны гээд хэд хэдэн чадвараа алдсан ба Калифорниа Беркелигийн их сургуулийн мэдрэлийн эмч, доктор Артур Шимамурагийн хэлж байгаагаар ямар ч эмчилгээгүй түүний тархины эл гэмтэл шийдвэр гаргах, аливааг тунгаах гол механизмыг үүсгэдэг тархины өмнөд этгээдийг маш хүнд гэмтээсэн ч түүнийг зовиурлуулах нь битгий хэл бүтээлч чадварыг нь улам ихээр  нэмэгдүүлсэн гэнэ.

9. Кен Уолтерс

Инженер мэргэжилтэй Кен Уолтерс 2005 онд ачааны өргөгч машины осолд орсны улмаас тархиных нь хэсэг газар цус харвалт өгч, тархины гэмтлээс үүдэлтэй биеийн эд эс нь саажиж эхэлжээ. Саа өвчнөөр өвдөж эхэлснээ мэдсэн Уолтерс хэл ярианы засал хийлгэх эмчилгээнээс эхлээд саа өвчнөөсөө хэсэгчлэн салах арга замыг эрэлхийлж олон төрлийн эрчимт эмчилгээ хийлгэжээ. Түүнийг эмчилж байсан эмч нарын яриагаар түүний тархины гэмтэл нь эд эсээ өөрөөрөө нөхөн төлжүүлж, тархины эрүүл хэсгийнхээ эд эсийг улам сэргээж байгаа тухай хэлжээ.
Тэрээр үүндээ өөрөө ч итгэхгүй байсан бөгөөд урлаг сонирхдоггүй байсан Кен гартаа харандаа барьж янз бүрийн өгүүлэмж, дүрслэл бүхий гайхалтай зургуудыг зурах болж түүнийгээ дижитал зурагт хөрвүүлэх зэргээр эргэн идэвхитэй амьдралдаа оржээ. Түүний эл бүтээлүүд Америкийн видео тоглоомын шилдэг компани болох “EA Games”-ийнхний анхаарлыг татаж тархиныхаа гэмтлээс үүдэлтэй гоц чадвараараа 51 насандаа дэлхийд нэр хүндтэй компанид ажиллах болжээ.

8. Алонзо Клеманс

Колорадод амьдарч уран бүтээлээ туурвидаг Алонзо нэг цагийн дотор зэрлэг онгон байгалийн гайхалтай амьтдыг жинхэнээс нь дутахааргүй амьд мэтээр урлаж чаддаг ховорхон чадвартай уран барималч гэнэ. Багадаа чухам юуны улмаас тархиндаа гэмтэл авсан нь тодорхойгүй ч тэрээр дэлхий дээр амьдарч байгаа тархины гэмтлээсээ улбаатай гоц чадвартай болсон цөөхөн хүмүүсийн нэг юм.
Түүний нэг бүтээл $45.000 доллараар худалдаалагдаж байсан бөгөөд ихэвчлэн өндөр үнээр зарагддаг юм байна. Дан ганц уран бүтээл хийхээс илүү хүндийн өргөлт сонирхож, хотынхоо олон нийтийн ажилд идэвхитэй оролцдог ажээ.

7. Энн Адамс

Алцхаймер өвчний дараагаар орох эрт зөнөх тархины маш ховор эмгэгээр өвчилсөн эрдэмтэн, судлаач Энн тархиныхаа эмгэгийн улмаас нэг л өдөр дуртай ажлаасаа хөндийрч урлагийн бүтээл туурвих болсон гэнэ. Эмч нарын үзэж байгаагаар түүний тархины эл эмгэг нь сэтгэл санаа, оюун ухаанд нь маш ноцтой эрсдлүүдийг дагуулдаг хэдий ч бие даах, бүтээлч чадварыг дээшлүүлэх нөлөөг ч үзүүлэх нь бий ажээ.
Түүний бүтээлүүд шинжлэх ухаан болон гоо зүйн төгс хослол бүхий зургууд байсан бөгөөд 1930-аад онд амьдарч, тархины өвчтэй ч гоц ухаантай хөгжмийн зохиолч Рэйвелийн хөгжмөөс урам эрчийг авдаг байжээ. Энн 2007 онд хорвоогоос хальжээ.

6. Сэнди Аллен

40 настайдаа анагаах ухааны их сургуульд элсэн суралцаж, хоёр хүүхдээ бие даан өсгөж явсан ганц бие ээж Сэндигийн тухайд тэрээр математик, шинжлэх ухаанд сонирхолтой нэгэн бөгөөд зүүн тархиндаа гольфийн бөмбөг шиг хэмжээтэй хавдартай байсан гэнэ.
Тархиныхаа хавдрыг авахуулсан Сэнди их сургуульдаа үргэлжлүүлэн сурах боломжгүй болж тэрээр төрөл бүрийн хээ таталбар зураг сонирхох болсноор баруун тархиныхаа нөлөөгөөр өөрийнхөө олон давуу талыг нээн хөгжүүлжээ. Мөн хамгийн хачирхалтай нь ээж, эгч хоёрыгоо чадварлаг уран бүтээлч болсон мэтээр бодохын сацуу гэрийн тавилгаа өөрөө хийж, төрөл бүрийн цоморлиг зураг зурах болсон байна.

5. Элисон Сильва

Эрүүл мэндээ золиослон эмчилгээгээ хаяж, урлагаа сонгосон Элисон багаасаа уран зургийн урлагт амьдралаа зориулсан нэгэн бөгөөд тархинд нь цус харвалт өгч, толгой нь үе үе хүчтэй хатгаж өвдөхийн зэрэгцээ хараанд нь нөлөөлж, таталт өгдөг болжээ. Өөрийгөө гайхамшгийн оронд байгаа мэтээр мэдэрч олон гайхалтай бүтээл туурвисан Сильва урлагаа сонгожээ.

4. Дерек Амато

Тархины олон төрөл гэмтлийн улмаас гоц чадвараа нээсэн цөөнгүй хүн урлагаас гадна хэлний чадвартай байдаг гэнэ. Гэхдээ энэ хүн бол хөгжмийн далд мэдрэмж, авъяасаа олж нээсэн хүн бөгөөд тэрээр 40 настайдаа усан санд сэлж яваад хана мөргөсний улмаас ой тогтоолтын гажигтай болжээ.
Шингэн зүйл харж суугаад долгилох усны хэмнэлийг мэдэрсэн даруй хэзээ ч хүрч үзээгүй хөгжмийн зэмсгээр шөнийн хоёр цаг хүртэл тоглосон гэдэг. “Science Channel” сувгийн мэдрэлд нь хийсэн шинжилгээний явцыг харуулсан нэвтрүүлгээс үзвэл дэлхий дээрх цөөн хэдэн гоц хүний нэгээр тодорчээ.

3. Ким Пийк (1951 – 2009)

Ер бусын онцгой санах ойгоороо шагшигдсан чадвартай Ким маш ховор “FG” эмгэгтэй байжээ. Тэрээр календарын он сар өдрүүдээс эхлээд улс, хотын дуудлага хийх кодууд гээд энгийн хүний тэр бүр цээжилж чадахгүй уртаас урт тоон цувааг тогтоож чаддаг чадвартай байжээ. Гавлын яс ба тархи хоорондын холбогч эсүүдийн гэмтэл авсан түүний эл эмгэгийг эрдэмтэд маш ховор холбоо хэмээн үзэж энэ нь ер бусын онцгой ой тогтоолттой болох нөхцлийг бүрдүүлжээ.
Ким “Rain Man” кинонд дуртай байсан бөгөөд тэр киногоор амьдардаг байсан гэхэд хилсдэхгүй. Түүний амьдралын зам тус кинонд гардаг шиг байгаагүй ч нас барснаас нь хойш энэ төрлийн гоц чадвартай хүмүүсийн хэрэгцээ шаардлагыг хангасан орчин, боловсон хүчнийг бэлдэх асуудлыг нааштай үр дүнд хүргэсэн байна. Эл дэлгэцийн бүтээл нь тархины гэмтлээс үүссэн гоц чадвартай хүмүүсийн тухай гардаг тэргүүн бүтээл юм.

2. Орландо Серрэл

Бэйсбол тоглож байгаад санамсаргүй тархиндаа гэмтэл авснаа мэдэлгүй нилээд хугацааг өнгөрсний эцэст толгой нь ихээр өвдөх болж нэг л өөр зүйл мэдрэх болсон тэрээр хүн тооцоологч буюу гайхалтай хурдан боддог, цаг агаарыг хүртэл тооцоолж хэлдэг хосгүй чадварыг олжээ.
Түүнтэй ижил хурдан тооцоолох чадвартай хүн Англид 1700-гаад оны үед байсан бөгөөд тэрээр төрөлхийн тархины ийм гажиг – гоц чадварыг эзэмшсэн нэгэн байжээ.

1. Даниэль Тэммет

АНУ, Их Британий олон эрдэмтдийн анхаарлын төвд байж гол судлагдахуун болсон тэрээр 10 гаруй хэлийг бие даан эзэмшсэн гоц чадвартай юм. Энэ төрлийн чадварыг эзэмшсэн цөөнгүй хүмүүсээс хэлний боловсрол эзэмших нь хамгийн хосгүйд тооцогддог.
Даниэль багаасаа унаж татдаг хүүхэд байсан ба гурван настайгаасаа аливаа өнгө, дүрсийг ялган таньж тогтоодог байсан нь 2004 онд Европын аварга болох эхлэлийг тавьсан төдийгүй  тэрээр 08.16-нд гурав дахь номоо хэвлүүлсэн байна.

Тархитай холбоотой жигтэй мэдээллээс хачирлавал: Тархиндаа “хөл”-тэй төрсөн хүү

Маш ховор тохиолддог тархины хавдартай хүү хорвоод мэндлээд гурван өдрийн дараа “хөл” хэлбэртэй хавдраа авахуулах тархины мэс ажилбарт орсон тохиолдол 2008 онд BBC мэдээллийн сайтад архивлагджээ. Лондонгийн эмнэлгийн ажилтнуудын хэлснээр анагаах ухааны түүхэнд ийм 100 орчим тохиолдол бүртгэлтэй байдаг ба магад ураг ихэр байсан байж болох бөгөөд нөгөө ургийнхаа тархинд хөгжиж эхэлж байсан гэсэн магадлалыг дэвшүүлээд байгаа аж.
Мөн хайлмал тархитай бяцхан Бэйби Зи болон бичиж чаддаг ч уншиж огт чаддаггүй Канад зохиолч Ховард Энгель нарын олон хачирхалтай тохиолдлууд бүртгэгджээ


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих