”Сод монгол”-ынхон хотын даргын шийдвэрийг биелүүлсэнгүй

Энэ жил нийслэлд хийгдэх зам засварын ажил эхлээд 20 гаруй хонож байна. Цаг хугацааны хувьд эрт эхэлсэн нь сайшаалтай боловч өнөөх л саад бэрхшээлүүд ар араасаа ундарсаар, засварын ажилд сөргөөр нөлөөлж эхэлжээ. Нийслэлээс баруун тийш гардаг гол зам болох Таван шараас Орбит, 22-ийн товчоо чиглэлийн замыг шинэчилж, өргөсгөх ажлын явцад хоёр том саад тулгараад байгаа аж. Ямар саад вэ гэхээр тухайн замыг өргөсгөн шинэчлэхэд хувийн эзэмшлийн газар тэнд байгаатай холбоотой асуудал.

Тодруулбал, “Петровне”, “Шунхлай”, “Сод монгол” компанийн салбар ШТС-ын байгууламж замын зураг хийгдсэн талбайд байдаг аж. Дээрх ШТС-уудын үйл ажиллагааг зогсоох шийдвэрийг хотын удирдлагаар тэдэнд хүргүүлсэн боловч ажилласаар байгаа гэнэ. Түүнчлэн төрөөс нөхөн олговрыг нь хүртэл бэлнээр гаргаж өгөх саналыг тавьжээ. Газар дээрээ нөхцөл байдал ямар байгаа, тус ШТС-ууд үйл ажиллагаагаа зогсоож газраа чөлөөлж өгсөн эсэхийг сурвалжиллаа.

Таван шарын эцсийн буудлаас баруун тийш явдаг зам дагуу 300 орчим метрт “Петровне”, “Сод монгол”, “Шунхлай” гэсэн гурван ШТС замын хоёр талаар хаяа хатган байрладгийг хүмүүс мэдэх байх. Эдгээрээс замын хойд талд байх “Сод монгол” группийн ШТС л ганцаараа ажиллаж байв. Бензин авах гэсэн машинууд дугаарласан харагдана. 30 гаруй насны залуу хойш урагш шалмаг хөдөлж дугаарласан машинуудад үйлчилж “байлаа. Түүнээс “Танайх яагаад хаахгүй байгаа юм бэ. Зам засварын ажилд саад учруулж байгаа болохоор танайхыг хаах шийдвэр гаргасан гээ биз дээ” гэж асуухад “Мэдэхгүй. Би ажлаа л хийж байна” гэснээс өөр юм дуугарсангүй. Хотын өнцөг булан, зам талбай бүрийн голд нь шахуу “Сод монгол группийн ШТС-ууд харагддаг. Гэтэл баруун чиглэлийн төв зам дээр байрлуулсан нэг салбараа нийтийн эрх ашгийг хүндэтгээд нүүлгэхэд юу нь болохгүй байгаа юм бол гэж уулзаж тааралдсан хүмүүс ярьж байна. Үндсэндээ уг замыг өргөсгөснөөр дээрх гурван ШТС үйл ажиллагаагаа зогсоож, барилга байгууламжаа буулгахаас өөр аргагүй байдалд хүрсэн нь хэн ч харсан ойлгомжтой байв. Учир нь зам өргөссөнөөр замын хашлага ШТС-ын бензин түгээх талбайн голд хүрэхээр төлөвлөгдөн ажил эхэлсэн байна. Түүнээс гадна Мэргэжлийн хяналтын газраас дээрх гурван компанийн ШТС нь стандартын бус байрлалтай гэсэн дүгнэлтийг ч гаргажээ.

Дараа нь замынхаа урд талд нь байрладаг “Шунхлай” компанийн ШТС дээр очлоо. Эднийх өнөөдөр (өчигдөр) өглөөнөөс үйл ажиллагаагаа зогсоожээ. Мөн бензиний үнэ бичсэн самбараа буулгаж, машин орж гардаг гарцаа төмөр хашлагаар хааж битүүлсэн байна. Тус станцын ажилчид ийн ярив.

“Дарга өчигдөр орой утсаар яриад маргааш өглөөнөөс эхлэн ажиллаж болохгүй. Зам засварын ажилд саад учруулаад байна” гэсэн гэжээ. Гэхдээ ямар хугацаанд хаах, барилга байгууламжаа буулгах эсэхийг удирдлагаас нь тодорхой хэлээгүй байгаа юм байна. “Шунхлай”-н баруун талд “Петровис”-ын салбар байна. Тэд бас өчигдөр хаажээ. Ажилчид нь байхгүй, үйлчилгээ нь зогссон байлаа. Мөн л зам засварын үйл ажиллагааг хүндэтгэсэн бололтой. Гэхдээ үйл ажиллагаагаа зогсоосон энэ хоёр станц шаардлага хүргүүлснээс хойш багагүй хугацаанд ажиллаж зам засварын ажилд хүндрэл учруулж байсан талаар замын компанийн ажилчид гомдоллож байсан.

ЗАМ ЗАСВАРЫН АЖИЛ ХЭВИЙН ЯВАГДАЖ БАЙНА

Таван шарын эцсийн буудлаас Орбитын уулзвар хүртэлх 2.5 км зам засварын ажлын гүйцэтгэлийг “Улаанбаатар зам засвар арчлалт” компани хийж байгаа юм байна. Харин туслан гүйцэтгэгчээр нь “Наран булаг” компани ажиллаж байгаа аж. Өчигдрийн байдлаар зам засвар, шинэчлэлтийн ажил үндсэндээ хэвийн явагдаж байна лээ. Тус замын зорчих хэсэг өмнө нь арван метрийн өргөнтэй, нэг чигийн урсгалдаа нэг эгнээ машин явдаг байсан бол засч шинэчилснээр 15 метр өргөн болохоор төлөвлөгджээ. Тэгэхээр хоёр урсгалдаа нийт зургаан эгнээ машин явах боломжтой болох юм байна. Түүнчлэн замын хажуугийн ногоон байгууламж, явган хүний зам талбайн ажил зэрэг хийгдэж байгаа харагдлаа. Явган хүний замыг нь хүртэл тавиад эхэлчихсэн байв. “Улаанбаатар зам засвар арчлалт” компанийн талбайн инженер Х.Батдоржоос цөөн асуултад хариулт авав.

-Засварын ажил хэзээ эхэлсэн бэ. Ямар хугацаанд үргэлжилж, ашиглалтад хэзээ өгөх төлөвлөгөөтэй ажиллаж байна?

-Засварын ажил дөрөвдүгээр сарын 1-нд эхэлсэн. Өнөөдрийн байдлаар хийх ёстой ажлууд графикийн дагуу явагдаж байна. Зам хоёр тал руугаа багагүй хэмжээгээр өргөсөж байгаа. Замын хоёр талын газрыг чөлөөлөх ажил бага зэрэг удааширсан хэдий ч хотын удирдлагууд хугацаа алдалгүй шаардлагатай арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Хоттой хийсэн гэрээгээр ирэх наймдугаар сарын 1-нд замын ажлыг хүлээлгэж өгөх ёстой. Гэхдээ зургадугаар сарын 15-ны дотор ашиглалтад хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна.

-Одоо байгаа замыг хуулах, асфальт дэвсэх үеэр замын хөдөлгөөнийг хаах шаардлага гардаг. Хэзээ ямар хугацаагаар зам хаах вэ?

-Тодорхой хугацаанд хаах нь ойлгомжтой. Гэхдээ хэзээ, ямар хугацаанд хаахыг холбогдох мэргэжлийн байгууллагуудтай нь ярьж байж шийднэ. Одоогоор хэлж мэдэхгүй байна.

-Өнгөрсөн жил зам засварын ажлыг гүйцэтгэхэд багагүй саад учирч байсан. Тухайлбал замын асфальт дуусах гэх мэт. Энэ жил уг асуудлыг хэрхэн зохицуулсан бэ. Асфальт нийлүүлэх компанитайгаа ярьж тохирсон уу?

-Өнгөрсөн жил асфальт үйлдвэрлэдэг компаниудын үйл ажиллагаа доголдсоноос болж ийм асуудал гарсан. Учир нь асфальт хийхэд шаардагддаг битум шаардлагатай хэмжээгээр нөөцлөгдөөгүй байсан, хувийн компаниудад. Асфальт үйлдвэрлэдэг компаниуд тасалдаад байсан түүхий эдээ энэ жил хангалттай нөөцөлсөн гэсэн. Тэгэхээр дээрхийн ижил хүндрэл энэ жил гарахгүй байх. Гэхдээ цаг агаарын байдлаас гарах хүндрэлийг бид яаж ч чадахгүй гэв.

А.БИЛГҮҮН

залууком


URL:

Сэтгэгдэл бичих