“Манай 152 иргэн гадаадад ял эдлэж байна”
ГХЯ-ны Консулын газрын дарга Ш.Сүхбаатарыг “Ярилцах танхим”-ынхаа зочноор урилаа. Түүнтэй гадаадад байгаа иргэдийн асуудлаар ярилцав.
-Манай улсын хойд хил орчмын нутгаар маргаантай асуудал мэр сэр гардаг. Энэ бүгдийг яаж шийдвэрлэж байна вэ. Та саяхан Баян-Өлгий, Увс зэрэг аймгаар яваад ирсэн гэсэн?
-Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсанаас хойш ГХЯ-наас хэрэгжүүлж байгаа бодлого, арга хэмжээг танилцуулахаар Баян-Өлгий, Увс аймагт ажилласан.
Ингэхдээ хил орчмын нутгаар амьдарч байгаа иргэдэд ямар асуудал, бэрхшээл тулгарч байгааг сонирхсон юм. Энэ үеэр нэг асуудал их анхаарал татлаа. Тэр нь Баян-Өлгий, Увс зэрэг хилийн аймгийн иргэдэд нэг удаа хил нэвтрэх зөвшөөрөл бүхий цагаан хуудас олгох тухай юм. Орос, Монголын хил орчмоор нутагладаг иргэд харилцан зорчих эрхийг 1994 оны гэрээгээр баталгаажуулсан. Харин энэ асуудлын хүрээнд иргэдээс цөөнгүй гомдол гарч байгаа.
-Тухайлбал ямар асуудал байна вэ?
-Оросын талаас иргэддээ цагаан хуудас олгохгүй байна. Баян-Өлгий, Увсын хил орчмын сумдад амьдарч байгаа манай иргэд хил нэвтэрвэл гурав хоногийн дотор бүртгэл хийлгэх, долоо хоногийн дотор ОХУ-ын нутаг дэвсгэрээс гарахыг шаардаж, захиргааны арга хэмжээ аван торгууль тавьдаг. Улмаар тус улсад зорчих эрхийг хаадаг гэх мэт бэрхшээлүүд бий. Мөн оршуулга, хурим найр болох гэх мэт иргэдийн хувийн харилцаатай холбоотой асуудал гардаг. Манайхан тэнд очсон хойноо дэлгүүр хоршоо орох үед нь Оросын тал дахин хилээр нэвтрэх эрхийг нь хаах тохиолдол ч бий. Энэ бүгдийг бид газар дээр нь харж, ярьж зөвлөлдлөө.
-Алтайн хязгаар орчмын бүс нутгаар манай иргэд цөөнгүй бий. Бүр манай зарим иргэн хэрэгт холбогдож баригдсан тохиолдол бий. Тэр бүгдийг яаж шийдвэрлэж байна вэ?
-Кызылд манай Ерөнхий консул байрладаг. Энэ консулаас хамаарах тойрогт Алтайн бүгд найрамдах улс, Алтайн хязгаар, Хакасын бүгд найрамдах улс, Тувагийн бүгд найрамдах улс багтана. Харин Кызылээс Барнаулд очиход 2000 гаруй ки-лометр зам туулдаг бөгөөд зам харилцаа нь төдийлөн сайн биш. Тийм учраас тэнд байдаг иргэдтэй холбоотой асуудлыг богино хугацаанд шийдэхэд төвөгтэй байдаг.
Өнгөрсөн оны зургаадугаар сарын 18-нд манай нэг иргэн ОХУ-ын районд баригдсан. Түүнээс хойш хоригдож байгаа. Энэ хүний хэрэгтэй холбогдуулан бид ОХУ-ын талд ноот бичгийг олон удаа хүргүүлсэн. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард ОХУ-д суугаа манай Элчин сайдын яамны консул Ц.Батсайхан газар дээр нь очиж, тэнд хоригдож байгаа манай иргэн болон холбогдох албаны хүмүүстэй уулзсан. Тэгээд манай иргэн хилс хэрэгт холбогдсон байж магадгүй гэх мэдээллийг бидэнд өгсөн.
Үүний дагуу би Кызыл дэх Консулын газрын дарга М.Ганбатын хамт Алтайн бүгд найрамдах улсын Засгийн газрын орлогч дарга, Цагаачлалын албаны дарга, Холбооны аюулгүйн албаны төлөөлөгч, тус хэрэг дээр ажилласан мөрдөн байцаагч, Алтайн бүгд найрамдах улсын гадаад эдийн засгийн харилцааны зөвлөх гэх мэт хүмүүстэй уулзлаа. Тэд бол энэ хэргийг хамаарах гол хүмүүс. Энэхүү уулзалтын үеэр манай иргэнтэй холбоотой хэргийг шударгаар шийдвэрлэхийг тэднээс хүссэн.
-Хойд хилийн хувьд ийм байж. Харин сүүлийн үед манайх руу хятад ажилчид олноороо орж ирж байгаа гэх мэдээлэл их гарч байна. Тэдэнд хяналт тавьж чадаж байгаа юу?
-Хятадаас ирж байгаа иргэдийн асуудлыг Гадаадын иргэн харьяатын асуудлыг эрхлэх газар, Хөдөлмөрийн яамнаас асуусан нь дээр байх.
-Танай яаман дээр тодорхой мэдээлэл байхгүй гэсэн үг үү?
-Байгаа. Гэхдээ энэ асуудлыг хариуцсан газраас нь асуувал зүгээр байх.
-Манай улсаас Германд суугаа Элчин сайд Б.Даваадоржийн асуудал юу болж байгаа вэ. Түүнийг Германы цагдаа нар шалгаж эхэлсэн гэсэн. Гэхдээ өөрөө бол “Ийм юм байхгүй” гэж хариулсан юм билээ?
-Энэ талаар та бүгд өөрөөс нь асуусан нь дээр байх.
-Германы талаас АТГ-ын дэд дарга Б.Хурцыг шүүх хуралд оролцуулах хүсэлт гаргасан гээд байгаа. ГХЯ-нд үүнтэй холбоотой хүсэлт ирсэн үү?
-Энэ талаар ГХЯ-нд ямар нэгэн мэдээлэл ирээгүй.
-Хэрэв ийм мэдэгдэл ирвэл Б.Хурцыг явуулах уу?
-Үүнийг би хариулж мэдэхгүй байна. Тухайн үед нь шийдэх байх.
-Сүүлийн үед манай улсын иргэд хар тамхины хэрэгт холбогдох нь ихэслээ. Үүнтэй холбоотой тодорхой тоо баримт байна уу?
-Манай 25 иргэн Хятадад хар тамхи зөөвөрлөсөн хэрэгт холбогдон ял эдлэж байгаа. Нийт 152 иргэн хилийн чинадад ял эдэлж байгаагаас 35 хувь нь хар тамхины хэрэгт холбогдсон. Мөн гадаадын 13 оронд 85 үйлдлээр 136 иргэн гэмт хэрэгт холбогдон сэжигтнээр татагдсан. Тэдний 60.1 хувь нь хулгайн хэрэгт холбогдсон. Түүнээс дийлэнх нь Хятад, Хонконг, Сингапур, Тайландад байна.
-Хойд Солонгосын иргэд манайд олноороо ажилладаг гэж байгаа. Чухам хэдэн иргэн байна вэ?
-Хойд Солонгосоос Монголд ажиллаж байгаа иргэдтэй холбоотой мэдээлэл бүрэн бий. Гэхдээ бид гадаадад байгаа иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэл бүхий үүрэгтэй ажилладаг. Харин манай улсад ажиллах эрх, зөвшөөрөл өгдөг хариуцсан байгууллагууд нь тусдаа бий. Тэднээс асуувал зүгээр байх.
-Гадаадын иргэдтэй гэр бүл болж, нутагт нь очсон манай эмэгтэйчүүд янз бүрийн асуудалд холбогдох боллоо. Тухайлбал, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэлээд шуугьсан С.Энхмаа, Т.Аятунгаа нарын хэрэг байна?
-Иргэн хүн хаанахын хэнтэй гэр бүл болох нь түүний хувийн асуудал. Тиймээс хувь хүний хэрэгт хөндлөнгөөс оролцох нь зохисгүй гэж үздэг. Ер нь хилийн чинадад манай улсын цөөнгүй иргэн гэр бүлийн амьдрал зохиож байгаа. Үүнтэй холбоотой тоо баримт ч бий. Гэхдээ тэр бүгдийг шууд дэлгэхээс илүү эрх ашиг нь хохирсон тохиолдолд ГХЯ болон Консулын газраас арга хэмжээ авдаг.
Тухайлбал, С.Энхмааг хоёр хүүхдийнх нь хамт Нигер улсаас авчирсан. Буддын хийдэд шавилж суусан О.Буяндэлгэр ламыг Непалаас, БНХАУ-ын Эрээн хотоос Д.Мөнхзул, Энэтхэгээс Батцэцэг, Туул, Сарангэрэл нарыг бичиг баримтын зөрчлийн улмаас саатуулагдаад байхад нь авчирсан. Шаардлагатай тохиолдолд тэдэнд эх орондоо ирэхэд зарцуулагдах зардлыг Гадаадад байгаа иргэдэд туслах сангаас гаргаж өгдөг.
Хууль ёсны эрхийг нь хамгаалах талаар холбогдох байгууллагынхантай нь ярьж байгаа. Жишээ нь Т.Аятунгаа Филиппинд очоод таван сартай хүүхдээ нөхөртөө алдчихсан. Тэгээд мөнгөгүй, бичиг баримтгүй хоцорсон байсныг нь бид эх оронд нь авчирсан. Мөн Тэргэлсаран хүүг нь эрж хайж байгаа. Манай иргэн Т.Аятунгаа, Солонгоо нарыг Филиппиний тал интерполоор эрэн сурвалжилсан. Гэхдээ энэ хэрэгт манай улсын хоёр иргэн буруугүй гэдгийг бид нотолж, үүнийг хүчингүй болгохыг интерполд уламжилсан. Иймэрхүү байдалтай л явж байна.
-Малайзад амиа алдсан Ш.Алтантуяагийн хэрэг ямар шатандаа яваа юм бол?
-Энэ оны гуравдугаар сард би Малайзад очиж, Ш.Алтантуяагийн хэрэг дээр ажилласан. Гол асуудал нь эрүүгийн хэргийн хяналтын давж заалдах шатны шүүх хурлууд болохгүй байгаа нь юм. Үүнээс болж иргэний хэрэг гэх мэт бусад асуудал шийдэгдэхгүй байна. Малайзын тал энэ хэргийг ирэх наймдугаар сараас өмнө шийдэж өгөхөөр болсон. Гэхдээ болж өгвөл энэ сардаа багтаахыг хичээж байгаа. Улмаар хохирогчийн хохирлыг барагдуулах, үр хүүхдийнх нь асуудлыг тодорхой болгох хүсэлтийг манай талаас гаргасан. Ямар ч гэсэн энэ хэрэг цаашид үргэлжилнэ.
-Ер нь манайхан зуучлалын байгууллагаар дамжуулж гадныхантай гэр бүл болох нь элбэг байдаг. Хуулиараа бол ийм байгууллага байхыг зөвшөөрдөг юм уу?
-Үүнийг ГХЯ-наас илүүтэйгээр Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам зохицуулдаг. Албаны дипломат паспорттой хүмүүс манайхаар дамждаг бол бусад нь өөрсдөө визээ зохицуулаад гадагшаа гардаг. Харин гадаад явж байхдаа ямар нэгэн асуудалтай тулгарвал Консулын газарт ханддаг.
Тэгсэн тохиолдолд бид чадах чинээгээрээ тусалж, дэмждэг. Ер нь манай улс иргэддээ урьдчилсан сэргийлэх, таниулах арга хэмжээ авдаг. Тухайлбал, манай иргэд хулгайн хэрэгт холбогдож байна гэвэл эх орныхоо нэрийг бодох хэрэгтэйг сануулна. Мөн иймэрхүү байдлыг цааш нь даамжруулахгүйн тулд холбогдох цагдаагийн байгууллагад ханддаг. Харин хар тамхитай холбоотой хэргээс урьдчилан сэргийлэх асуудлыг гадны байгууллагуудтай хамтарч хийхгүй бол иргэдээ алдаж гишгэхээс нь урьтаж чадахгүй байна.
-Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын газрын дарга, хурандаа Д.Цогтбаатарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Үүнтэй холбоотойгоор гаднаас хоёр мөрдөгч ирсэн гэх мэдээлэл бий. Энэ үнэн үү?
-Үүнийг холбогдох цагдаагийн байгууллагаас тодруулбал зүгээр байх.
-Ер нь гадаадад байгаа иргэдийн асуудлаар ГХЯ-ны Консулын газраас цаашид ямар бодлого баримталж ажиллах вэ?
-Шинэчлэлийн Засгийн газрын бодлогын хүрээнд цаашид Консулын газраас хилийн чинадад байгаа манай иргэдийн эрх ашиг зөрчигдсөн тохиолдолд түүнийг хуулийн дагуу хамгаалах тал дээр анхаарч ажиллана. Хэрэг төвөгт орсон бол тэднийг эргэж, ар гэрийнхэнтэй нь уулзуулах, өмгөөлөгчтэй нь холбох, орчуулагчаар хангах гэх мэтийг шийдвэрлэхийг зорьж байна. Мөн хилийн чинадад байгаа монголчуудын эх хэл, үндэсний өв соёлоо дээдлэх, эх орондоо эргэн ирэх бололцоо нөхцөлийг ойлгуулж, сурталчлах ажлыг хийж байгаа.
-Ярилцсанд баярлалаа.
Ж.Баттуул

URL:












