Дүүргийн Засаг даргын саналаар газрын зөвшөөрөл олгохоор болов

pict3489Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өчигдөр болж дүүргийн Засаг дарга нарын мэдээллийг сонслоо.

Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа “Доржийн гудамжны зам засварын ажлыг хийхдээ явган хүний зам, гэрэлтүүлэг хийгээгүйгээс болж иргэд зам тээврийн осолд өртөх тохиолдол нэмэгдсэн. Өнгөрсөн долоо хоногт ШУТИС-ийн КТМС-иас Цайз хүрэх замд зам тээврийн таван осол гарч, гурвынх нь эзэн холбогдогч нь тодорхойгүй байх жишээтэй. Энэ замын ажил их муу болсон. Одоо цөмөрч эхэлсэн. Манай дүүргийн хэмжээнд таггүй 227 ширхэг траншей байна. Харъяа байгууллагуудад нь тоохгүй өнөөдрийг хүрлээ. Нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй баригдсан барилгын асуудал их байна. Жишээ нь, Нарны замд, Чулуун овооны уулзварын баруун урд иргэн Балдан-Очир явган хүний зам дээр барилгаа барьсан юм. Эдгээр асуудлуудыг нэн яаралтай шийдвэрлэх хэрэгтэй байна” гэлээ.

Харин Баянголын гэр хорооллынхонд нийлүүлэгдэх боловсруулсан түлшний асуудал хамгийн хүндрэлтэй байгаа гэж Засаг дарга Д.Оросоо хэллээ. Тус дүүрэг нь жилд 24922 тонн кокос, 12461 тонн үртсэн шахмал түлшний хэрэгцээтэй юм байна. Одоогоор дөнгөж 491.5 тонн түлшний нөөцтэй болжээ. Үүнээс улбаалан иргэд нүүрс түлэхээс өөр аргагүйд хүрч байна” хэмээн ярилаа.

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, “Өмнө нь нийслэлд газрын асуудал хууль, дүрэмгүй мэт задгай явж ирсэн. Одоо энэ бусармаг байдлыг халж газрын зөвшөөрлийг дүүргийн Засаг даргаас санал авч олгоно” гэлээ.

Д.Сүрэн /ЗУУНЫ МЭДЭЭ/


URL:

Сэтгэгдэл бичих