Нүүрс боловсруулах АНУ-ын туршлагаас суралцаарай
Гадаадын Хөрөнгө оруулалтын Газар, АНУ-ын Засгийн газрын Худалдаа, хөгжлийн Агентлаг, Монгол улсаас АНУ-д суугаа ЭСЯ-тай хамтран энэ оны 6 дугаар сарын 15, 16-ны өдрүүдэд Вашингтон хотноо Монгол-Америкийн бизнесийнхний дугуй ширээний уулзалтыг зохион байгуулахаар болжээ. Уулзалтын сэдэв нь нүүрсний уул уурхайн үйл ажиллагаа, тэргүүн туршлага, технологи, нүүрсийг шингэрүүлэх, хий гаргаж авах зэрэг өдгөө манай улсад тулгамдаад байгаа олон асуудал байх юм байна.
Энэхүү уулзалт нь Монголын бизнес эрхлэгчдэд, ялангуяа уул уурхай, нүүрсний салбарт ажиллаж буй компаниудад АНУ-ын уул уурхай, мэдээллийн технологи, банк санхүүгийн чиглэлийн төрийн болон хувийн салбарын төлөөлөгчид, томоохон компаниуд, судалгааны хүрээлэн зэрэгтэй биечлэн уулзаж санал солилцох, нүүрсний шинэ технологийг нэвтрүүлж буй үйлдвэрийн үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцах чухал ач холбогдол бүхий арга хэмжээ болно хэмээн зохион байгуулдагчид онцолж байна.
Сонирхсон аж ахуйн нэгж, байгууллагууд энэ сарын 27-ныг дуустал Гадаадын хөрөнгө оруулалтын газарт бүртгүүлэх боломжтой аж. АНУ руу зорчих виз бүрдүүлэхэд хугацаа шаардлагатай тул эртлэн бүртгүүлэхийг Гадаадын хөрөнгө оруулалтын газраас анхаарууллаа.
С.Болд
URL:













