Цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүллээ

1_1382318883

УИХ дахь МАН-ын бүлэг цалин, тэтгэврийг 30 хувиар нэмэгдүүлэх шаардлагыг Ерөнхий сайд Н.Алтанхуягт хүргүүллээ. Уг шаардлагад “Үндэслэл тооцоо муутай, үр ашиг багатай, хууль тогтоомж зөрчсөн, бодлогогүй үйл ажиллагааны улмаас улс орны эдийн засаг, төсөв санхүү хүндэрч, өдөр ирэх бүр иргэдийн худалдан авах чадвар муудаж байгаад анхаарах цаг болсон. Монгол Ардын Нам засгийн эрх барьж байх үед буюу хамгийн сүүлд 2012 онд цалин, тэтгэвэр, тэтгэмжийг 53.8 хүртэл хувиар нэмэгдүүлснээс хойш 2014 он хүртэл огт хөдөлсөнгүй. Гэтэл өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ 30 орчим хувь, бодит байдалд түүнээс ч илүү өссөн нь ард иргэд, ахмад настнууд, орлого багатай хэсгийн амьдралд хүндээр тусч байна. Статистикаас харахад өрхийн орлогын 53 хувийг цалин хөлс, тэтгэвэр эзэлж байна” гэжээ.

Иймээс УИХ дахь Монгол Ардын Намын бүлгээс Засгийн газарт гурван зүйл бүхий шаардлага хүргүүлжээ. Нэгдүгээрт, төрийн албан хаагчдын цалин, нийгмийн даатгалын болон халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2014 оны нэгдүгээр сараас эхлэн “багыг илүү, илүүг бага” нэмэх зарчим баримтлан бага цалин, тэтгэвэртэй хэсгийн цалин, тэтгэврийг 30-аас доошгүй хувиар нэмэгдүүлэх,  хоёрдугаарт, 2012 оны долдугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр үйлчилж буй Нийгмийн халамжийн тухай хуулийг бүрэн хэрэгжүүлж, уг хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2-т заасан “нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэний тэтгэмж”-ийг энэ оны нэгдүгээр сарын 1-нээс тооцон олгож эхлэх, гуравдугаарт, 2012 оны гуравдугаар сарын 9-ний өдөр батлагдсан Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулиар “ахмад настны тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүрийг хэрэглээний үнийн өөрчлөлт, цалин хөлсний өсөлттэй уялдуулан Засгийн газар жил бүр тооцон нэмэгдүүлэх”-ээр заасан. Энэхүү хуулийг хэрэгжүүлэхгүй байгаа шалтгаанаа тайлбарлах, Засгийн газар батлагдсан хуулийг хэрэгжүүлэх үүргээ биелүүлэхийг тус тус шаардсан байна.

Мөн  Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуульд нэмэлт оруулах тухай таван хуулийн төслийг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Д.Дэмбэрэл, Д.Лүндээжанцан, Н.Номтойбаяр, Ё.Отгонбаяр, Д.Сарангэрэл, Я.Содбаатар, Д.Сумъяабазар, Б.Чойжилсүрэн, Л.Энх-Амгалан нар санаачлан боловсруулсан бөгөөд маргааш Засгийн газраас санал авахаар хүргүүлэх гэнэ.


URL:

Сэтгэгдэл бичих