Туулын эргээс хайргыг нь зөөчихөөд амралтын хүрээлэн байгуулна гэв үү?
-Туулаас ундаалсан үхэр ганц нүдтэй тугал гаргах болжээ-
“Туул голоос ундаалсан тууврын мал хээлээ тээж чадахгүй хэцүүдэж байна. Гарсан хээл нь ганц нүдтэй, үс ноосгүй төрж байна. Гарч чадахгүй зарим нь гэдсэн дотроо үхэж байна” гэж хатан туулыг хаяалан амьдардаг хүмүүс ярьж байна. Хан-Уул дүүрэгтэй хил залгаа орших Алтанбулаг сумынхан аргаа бараад УИХ-ын зарим гишүүдэд ийнхүү гомдоллож сууна. Хавар болж хүн малын зоо тэнийх үед энэ суманд халдварт өвчин гараад хүн, малгүй сандардаг болсон гэнэ.
Мөн голын усанд ороод гарч ирсэн малнаас хэдэн өдрийн турш өмхий үнэртээд салдаггүй гэв. Учир шалтгааныг нь олох гэж цаг үрээд хэрэггүй. Тэд аль хэдийн үүнийгээ өөрсдөө “оношилчихож”. Тунгалаг байсан Туул гол энүүхэн Сонгины гүүрний орчимд лаг шавар, өтгөн шингэн холилдсон өмхий самхайгаар дүүрээд удаж байгаа. Төв цэвэрлэх байгууламжаас гарсан бохир ус энэ хавийн булан тохойд хуралдаж, голын цэвэр урсгалтай нийлэн цааш урсдаг. Өвөл хөлддөггүй гэх энэ химийн хорт бодистой өмхий бохирдлыг тосч ундаалдаг эхний “хэрэглэгчид” нь Алтанбулаг сумынхан аж.
Үнэр танар гэж авах юм алга, тэнд. Хамар сэтлэх шахаж байна. Ойр хавийн оршин суугчид нь яаж тэсдэгийг бүү мэд. Үнэхээр Туул голын уснаас хүн битгий хэл, мал ундаалахад ч хэцүү болжээ. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны тогтоолын дагуу Туул голын усны нөөцийн ашиглалт, хамгаалалтын байдалд хяналт, шалгалт хийхээр энэ сарын эхээр ажлын хэсэг байгуулагджээ. Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Д.Кёкүшюүзан Батбаяр, гишүүдээр нь Су.Батболд, Ц.Батбаяр, Ц.Сэдванчиг, Д.Энхбат нар томилогдсон байна. Мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх дэд ажлын хэсгийн ахлагчаар Улсын мэргэжлийн хяналтын газрын дэд дарга Д.Ганбат томилогджээ.
Харин энэ удаа Мэргэжлийн хяналын ерөнхий газраас ахалсан шалгалтын бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Д.Батбаяр, Су.Батболд, Ц.Сэдванчиг болон Ашигт малтмалын газар, ЦЕГ-ын Улсын мөрдөн байцаах газар, Усны газар, Байгаль орчны яам болон холбогдох газрын мэргэжилтнүүд хамт явсан юм. Хэвлэл мэдээллийнхэн тэднийг бас дагалдсан. Улаанбаатараас Төв аймгийн Алтанбулаг сум хүртэлх Туул голын ойн сан бүхий газруудаар явж, элс хайрга олборлодог тусгай зөвшөөрөлтөй аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаатай танилцлаа.
КАРЬЕР ОЛБОРЛОЛТЫН УЛМААС ГАРЧ ИРСЭН ТОГТООЛ УСАНД ХҮҮХЭД ОСОЛДЖЭЭ
Энэ удаагийн шалгалтад нийслэлийн нутаг дэвсгэрт, тэр дундаа Туул голын орчимд түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож буй тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллагууд бүгд хамрагдаж байгаа аж. Туул голын ойролцоо ашигт малтмал олборлож буй 250 гаруй компани байдаг гэсэн судалгаа бий. Тэдний ихэнх нь Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг юм байна. “Энэ хавьд элс хайрга, шар шавар олборлодог, тоосго үйлдвэрлэдэг, авто замын болон барилгын материалын асфальт бетон, хайрга бутлан ангиладаг 14 аж ахуйн нэгж байдаг” гэж албаны хүмүүс ярьж байна.
Бид хоёр, гурван компанийн үйл ажиллагаатай очиж танилцлаа. Газрын хэвлийг орвонгоор нь эргүүлчихсэн, улаан шороо, элс хайрга овоолсон эзэнгүй хэдэн тоног төхөөрөмжөөс өөр юм алга. Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газраас эдгээр компанид ашиглаж байсан талбайдаа нөхөн сэргээлт хийх хоёр жилийн хугацаа өгчээ. Гэтэл энэ хугацаанд ямар ч ажил хийгээгүй. Одоо харагдаж байгаа энэ дүр төрх дордсноос биш дээрдээгүй гэнэ. Тиймээс үйл ажиллагааг нь түр зогсоосон гэж байна. Тухайлбал, “ND”, “Эв Од импекс” зэрэг компани нөхөн сэргээлт гээч юмыг ор тас мартжээ.
Тиймээс экологи, эдийн засгийн хохирлыг нь Байгаль орчин аялал жуулчлалын яамаар тооцуулаад, дараа нь ямар арга хэмжээг авах вэ гэдгээ шийднэ гэж Мэргэжлийн хяналтынхан ярьж байна. Үнэндээ тэдэнд тухайн компанийг торгох, үйл ажиллагааг нь түр зогсоохоос өөр авч чадах арга хэмжээ байдагг үй гэнэ. Эзнийг нь бариад хорьчихож болдогг үй. Үйл ажиллагааг нь цуцлах гэхээр зугатаад явчихдаг аж. Үүнээс гадна бас нэг асуудал байна. Карьер олборлолтын улмаас тогтоол ус үүсчихсэн хэдэн газар таарлаа. Хол ойр цэлэлзсэн устай олон газар харагдаж байна. Албаны хүмүүс үүнийг хиймэл нуур гэх аж. Дөрөв, таван жил болж буй нэг нуур дээр очив.
“Эв Од”импескс компанийх гэнэ. Нуурын гүн нь 4-5 метр, зарим газраа 2-3 метр гэж байна. Хөлгүй цүнхээл гэж хэлж болох энэ газар өнгөрсөн жилийн наадмаар хүүхэд унаж осолджээ. Энэ жил хүн, мал дахиад осолдохгүй гэх баталгаа алга. Тэнд тавьж байгаа хараа хяналт, ойр орчимд нь анхааруулж, сэрэмжлүүлсэн зүйл харагдсангүй. Үүнээс болж зарим сэтгүүлч албаны хүмүүстэй ам зөрөв. “Анхнаасаа буруу газар олборлолт хийх зөвшөөрөл олгочихоод, газар буруу ашигласнаас газрын гүний ус дээшээ гарч ирчихээд байхад “Хиймэл нуур” гээд хээвнэг ярьж зогсох юм. Та нар ажлаа сайн хийсэн бол ийм зүйл болохгүй байсан биз дээ” гэж бухимдах хүмүүс ч байсан.
Хэдийгээр мэргэжлийн хяналтын байцаагч нарт хандаж хэлсэн ч энэ үг ашигт малтмалынханд бас хамаатай. Гэтэл тэд үүнийг анзаарсан шинжгүй зогсоно. Ажлаа мэддэггүй энэ салбарынхан сэтгүүлчдийн битгий хэл, улс төрчдийн асуусан зарим асуултанд ч хариулж чадахгүй, ээрч муурч зогссон. Уур нь хүрсэн Ц.Сэдванчиг гишүүн “Та нар ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрлөөр хувийн бизнес хийж болохгүй” гэж хатуухан хэлсэн. Харин УИХ-ын гишүүн Су.Батболд “Тусгай зөвшөөрөл авсан хүн бүхэн дуртай газраа ухаад онгичоод явж болохгүй. Энэ хавийн газрыг эргээд хүн амьдрах аргагүй болгосон байна. Бидний үр хүүхэд энд өсч торнино гэдгийг бодолцох хэрэгтэй” гэж зөөллөсөн.
Харин хатагтай Болормаа гэх эмэгтэй мэдэн будилаад л өнгөрсөн. Ийм хүмүүсийн “буянаар” үүссэн хиймэл нуурт энэ жил хэдэн хүн осолдохыг хэн мэдэх вэ. Бас хариуцлагыг нь хэн үүрэх юм бэ.
НЭГЭНТ ГАРААД ИРЧИХСЭН ХИЙМЭЛ НУУРТ НӨХӨН СЭРГЭЭЛТ ГЭЖ ЯРИХ Ч ХЭРЭГГҮЙ
“Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв” гэгчээр одоо энэ газарт нөхөн сэргээлт хийх ямар ч боломжг үй болжээ. Нэгэнт газрын гүнээс гараад ирчихсэн усыг хуурай шороогоор булж, далдлах арга байхгүй. Хотын ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан тохижуулахаас өөр аргагүй гэж Байгаль орчны яамныхан ярьж байна. Аргаа барсан хариулт шиг сонсогдох ч үүнээс өөр сонголт бас алга. УМХГ-ынхан бас “Уг нь ус нь цэнгэг учир энд зохиомол арал бий болгож, соёл амралтын хүрээлэн маягаар тохижуулах бололцоо бий” гэж ярьж байна.
Харин ийм төлөвлөгөө байгаа ч ажил хэрэг болохгүй байгаа учир эдгээр компаниудад хариуцлага тооцож, төр төмөр нүүрээ харуулахгүй бол болохгүй нь. Тэр утгаараа “Нийслэлд хайрга олборлож, буталж байгаа бетон зуурмагуудын үйл ажиллагааг цуцлах, хотоос гаргах арга хэмжээг авч өгөөч. Байнгын хорооноос ийм шийдвэр гаргаж өгөөч” гэсэн хүсэлтийг Мэргэжлийн хяналтынхан тавьж байв.
БОХИР УСЫГ ДАХИН ШҮҮЖ ЦЭВЭРЛЭХ “МОРЬТ СЕРВИС” КОМПАНИЙН ТӨСӨЛ ХААЧИВ
Дараа нь бид Хан Уул дүүргийн Био комбинатын Сонгины буланд очсон. Усны газрын Ус ашиглалтын газрын дарга П.Бадамдорж “Бид Туул гол дагуух 11 цэгээс тогтмол шинжилгээний дээж авдаг. Энэ хамгийн бохирдолтой хэсэг нь” гэж очсон газрыг минь тодотгосон. Толгой эргэж, дотор муухайрам үнэртэй энэ газар Төв цэвэрлэх байгууламжаас ирж байгаа бүх бохирдол хуримтлагддаг ажээ. Тэгээд Туул голын цэвэр устай нийлж цааш урсдаг байна. Уг нь энд гадаадын хөрөнгө оруулалттай нэгэн хувийн компани тун боломжийн төсөл хэрэгжүүлэхээр ярьж байгаад сураг тасарчээ.
“Туул сонгины Усны нөөцийн хувьцаат компани Төв цэвэрлэх байгууламжаас гарсан бохир усыг нааш нь татаж ирээд энд нь шүүж, цэвэрлээд дахин ашиглах тухай төсөл хэрэгжүүлэхээр ярьж байсан. Гэтэл хөрөнгө мөнгөний асуудлаас болоод чимээгүй болсон” гэж холбогдох албаны хүмүүс ярьж байна. Одоо энэ компани хаана юу хийж яваа нь ч бас тодорхой бус байгаа аж. Нэр хаяг нь бас солигдчихсон гэнэ. “Морьт сервис” аль эсвэл “Туул сонгино” хувьцаат компани гэсэн нэрийн дор элс хайрга олборлоод явж байгаа гэж зарим нь таамаглаж байна.
Уг нь энэ төсөл хэрэгжсэн бол нийслэлч үүд бидний амьдралд их хэрэг болох байжээ. Энэ бүхнийг нүдээр үзсэн улс төрчид одоо ямар арга хэмжээ авахыг бүү мэд. Ямартай ч, Туул голын ус энэ хэсэгт хоёр өнгөөр ялгарч харагдана. Төв цэвэрлэх байгууламжийн бохир ус химийн бодист хордоод хар ногоон өнгөтэй болжээ. Ус нь өтгөрөөд урсгал нь удааширчихаж. Харин цаанаас нь түрэн ирж буй Туул голын цэвэр ус өнөөх бохир урсгалтай нийлэн саарал өнгөтэй болон хувирч, цааш урсаж байна.
Б.Энхтуул
URL:













