Малчид өргүй болж, түүхий эд үнэд орно
Өнгөрсөн долоо хоног малчдад ээлтэй байлаа. Чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийн төслийг батлав. Гэхдээ хууль жилийн дараа хэрэгжиж эхэлнэ. Харин тогтоолын төсөл нь хууль батлагдсан өдрөөс хэрэгжиж буй. Өөрөөр хэлбэл, жилийн хугацаанд хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн бирж байгуулах бэлтгэл ажлыг хангах гэнэ.
Биржийн хууль батлагдсанаар малчид үйлдвэрлэгчидтэй шууд харьцаж түүхий эдээ нийлүүлэх боломж бүрдэж буй юм. Улсын хэмжээнд ганц бирж ажиллана. Бирж нь хөрөнгийн биржийг түшиглэсэн бөгөөд энэ оны төсөвт дөрвөн тэрбум төгрөг суулгаж өгчээ. Харин орон нутаг үйл ажиллагаа явуулах брокер хоршоо цахим хэлбэрээр биржийн арилжаанд оролцох гэнэ. Эхний ээлжинд баруун, зүүн, төвийн бүсээс гурван аймгийг сонгон шалгаруулж туршилт явуулахаар тогтов.
Мөн тус биржээр эхлээд мах, ноолуур, буудай борлуулах аж. Тухайн биржийн хариуцлагын тухайд Компанийн тухай хуулиар зохицуулагдах талаар хууль санаачлагчид тодотгож байсан. Бирж нь төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл бүхий 13 хүний бүрэлдэхүүнтэй зохицуулах зөвлөлтэй байх аж. Зохицуулах зөвлөлийн даргыг гурван жилийн хугацаатай сонгоно. Зохицуулах зөвлөл нь ажлын албатай бөгөөд жил бүр Засгийн газарт тайлагнаж байхаар зохицуулжээ.
Малчдын өрийг хүний хөгжил сангаар шийдвэрлэнэ
Түүнчлэн Засгийн газрын цагаар Ерөнхий сайд мэдээлэл хийхдээ мөн л малчдын асуудлыг хөндсөн юм. Манай улс 2010 оны жилийн эцсийн байдлаар 32.7 сая малтай, 160.0 мянган малчин өрхтэй байна. Өнгөрсөн онд мал аж ахуйгаас 493.7 сая литр сүү, 264.4 мянган тонн мах, 12.7 сая ширхэг арьс шир, хонины ноос 22.4 мянган тонн, ноолуур 6.4 мянган тонн бэлтгэсэн талаар Засгийн газрын тэргүүний танилцуулгад дурьдагдав.
Энэ оноос мал аж ахуйн салбарт зарцуулах төсвийн хөрөнгийг хоёр дахин нэмэгдүүлж, бүх суманд мал эмнэлэг, үржлийн тасгийг гурван хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулан ажиллуулж эхэлжээ. Мөн малчдын өр зээлийг Хүний хөгжил сангийн хүрээнд шийдвэрлэхээр судалж байгаа гэсэн таатай мэдээг Ерөнхий сайд дуулгав. Ойрын хугацаанд эл асуудлыг УИХ-д танилцуулах гэнэ.
Мөн Хятад улстай байгуулж байгаа 500 сая ам.долларын зээлийн бодлогын хүрээнд малчин, тариаланчдыг бага оврын 8000 трактороор хангах тухай яригдаж байгаа аж. Түүнчлэн БНСУ-аас авах зээлийг орон нутагт хүргэх эрүүл мэндийн үйлчилгээнд зарцуулахаар төлөвлөж байгаа гэв. Өөрөөр хэлбэл, алсын зайн оношлогооны төвтэй болох гэнэ. Эхлээд бүсүүдэд алсын зайн оношлогооны төв ажиллуулж, улмаар аймаг бүрт, дараа нь сум гэхчлэн хүрээг нь өргөжүүлэх бодлого барьж буй тухай Ерөнхий сайд гишүүдэд танилцууллаа.
Мөн иргэдээ аюулгүй эрүүл хүнсээр хангахтай холбоотойгоор энэ зун мал сүргээ вакцинжуулалтад хамруулна, мөн туулгалт хийж, угаалганд оруулахаар болжээ. Бэлчээрт нийт 36 мянга гаруй худаг ашиглаж байгаагийн 68 хувь нь гар худаг, 32 хувь нь инженерийн хийцтэй худаг аж. 2008-2010 онд инженерийн хийцтэй 1000 худаг гаргаж, 1500 худаг засварлаж, малчдын хүчээр 1600 гар худаг гаргасан байна. Хөдөөгийн хүн амыг болон 40 сая толгой малыг найдвартай усны эх үүсвэртэй болгоход инженерийн хийцтэй 8000 худгийг шинээр барих шаардлагатайг мэргэжлийн байгууллагууд тогтоожээ. Үүнийг үе шаттай хэрэгжүүлэх зорилгоор “Монгол мал” хөтөлбөрийн хүрээнд тодорхой зардлуудыг төсөвт тусган ойрын жилүүдэд шийдвэрлэхээ ч энэ үеэр Засгийн газрын тэргүүн амлалаа.
Кг ноос тутамд 2000 төгрөг олгоно
Мөн өдөр чуулганы хуралдаанаар Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, баталсантай холбоотой нэр бүхий гишүүд мэдээлэл хийсэн юм. Тогтоол батлагдсанаар ноос, ноолуурын салбарыг дэмжих хүрээнд Засгийн газраас таван жилийн хугацаатай жилийн долоон хувийн хүүтэй, 300 тэрбум төгрөгийн бонд гаргахаар болсон. 300 тэрбум төгрөгийн бондын 100 тэрбум нь ноолуурын салбарт, 150 тэрбумыг жижиг, дунд үйлдвэрийг дэмжихэд, 50 тэрбум нь ноосоо тушаасан малчинд урамшуулал олгоход зарцуулна.
Ингэснээр нэг кг хонины ноос, тэмээний ноос тутамд 2000 төгрөгийн урамшуулал олгох юм. Малчид ноосоо хоршоонд тушаана. Улмаар хоршоогоор дамжуулж урамшуулал олгоно. Гэхдээ урамшууллыг 2013 оны долдугаар сарын 1-нээс олгох гэнэ. Учир нь урамшуулал авах малчин заавал хоршооны гишүүн байна. Гэтэл ихэнх малчин хоршооны гишүүн болж амжаагүй, ноосоо бэлтгэх хугацаа хэдийнэ дууссан гэх үндэслэлээр урамшуулал олгох хугацааг ийн сунгажээ. Дээрх тогтоолын төсөл батлагдсантай холбоотой 50- 60 мянган ажлын байр шинээр бий болно хэмээн Эдийн засгийн байнгын хорооныхон тооцоолжээ.
Засгийн газраас жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих хүрээнд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 60 тэрбум төгрөгийн зээлийг иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгоход 12 мянган ажлын байр шинээр бий болсон талаар УИХ-ын гишүүн Д.Балдан-Очир онцлов. Мөн тэрбээр энэхүү тогтоол нь өнгөрсөн жил УИХ-аар баталсан “Монгол мал” хөтөлбөр, Түүхий эдийн биржийн тухай хуультай уялдсан гэдгийг тодотгосон юм. Ингэснээр сүүлийн 20 гаруй жилийн турш орхигдсон байсан мал аж ахуйн салбарыг үндэсний үйлдвэрлэгчидтэй нь холбох тэр дундаа мал аж ахуйгаас гарах түүхий эдийг үйлдвэртээ хүрдэг байх тогтолцоог бий болгоход чиглэсэн гэв.
Харин Д.Ганхуяг гишүүн “Монгол Улсын хувьд тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлэх салбарын тэргүүнд сайн чанарын дэд бүтэц, боловсруулах үйлдвэр, аялал жуулчлал, барилгын салбар жагсаж буй. Эдгээрийг төрийн зүгээс бодлогоор дэмжин хөгжүүлэхдээ өрсөлдөх чадварыг нь сайжруулах шаардлага бий. Энэ хүрээнд ажил хийж байгаа хүмүүсээ төр дэмжих нь чухал. Тийм ч учраас ноолуурын салбарыг дэмжих хүрээнд 100 тэрбум төгрөгийг зээлээр олгоно. Хэдийгээр 12 үйлдвэр энэхүү зээлд хамрагдах боловч утас ээрдэг үйлдвэрүүдэд олгогдох учраас цаагуураа өрхийн үйлдвэрлэл, жижиг үйлдвэрлэлээ дэмжих боломж олгож байгаа юм” хэмээв. Энэ мэтчилэн цаашид УИХ үндэсний үйлдвэрлэлээ дэмжих бодлогын хүрээнд үргэлжлүүлэн мах, арьс шир үйлдвэрлэгчдийг дэмжсэн бодлого гаргах тухай энэ үеэр дуулгасан юм.
Л.Нинжсэмжид http://niigmiintoli.mn/
URL:













