Ардын намын гишүүд нь олигархиуд байх уу?
Намын XXVI их хуралд тавьсан даргынхаа илтгэлд гишүүд нь тун хангалтгүй гэсэн дүн тавьж байна. Мэдээж, үүнийг
намын гишүүдээс нь ил хэлэх хүн цөөн. Өөр хоорондоо Ю.Цэдэнбалын хэлдэг үг шиг л юм хэллээ хэмээн чамлангуй ярилцаж сууна. Нээрээ ч, Монголын нийгмийг хэрэн чөдөрлөж байгаа авлигын талаар, олигархиудын эсрэг, бүр ядаж л хорт хавдар, утааны талаар тэрээр ганц үг ганхийсэнгүй. Авлига, олигархи гээд ярихаар өөрсдөө ч холбогдох учраас зайлсхийгээ биз ээ. Харин ядуурал, ажилгүйдэл, утаа униар тэдэнд падлийгүй учраас тоогоогүй биз.
Намын их хурлаар МАХН нэрээ өөрчилж МАН болов. Баярын уухай нүргэлж амтай болгон шахуу Ардын нам, ардын засаг мандтугай хэмээн хашгирч байна. Тэгвэл энэхүү шинээр байгуулагдсан Монгол ардын намын гишүүд нь нулимс унаган хөөрч байгаа тэрхүү баян цатгалан эрхмүүд байж болох уу. Яагаад ч боломжгүй гэнэ.
1920 онд Ардын намыг байгуулж байх тэр цагт Монголд ард болон тайж гэсэн хоёр л давхарга байв. Ард гэдэг ойлголтод төрийн түшмэд, ноёдоос бусад бүх хүмүүс хамрагдаж байлаа. Энэ ардууд нийлж, Ардын нам байгуулж, Ардын засгийг эмхэлсэн түүхтэй. Зөвлөлт Оросын Пролетарийн намаас санаа авч Ардын нам хэмээн нэрлэсэн гэдэг. Үүсгэн байгуулагчид нь П.Гэндэн, Шагдарсүрэн, Х.Чойбалсан, Д.Сүхбаатар, Д.Бодоо, С.Данзан гээд дандаа малчин ардууд
Тэд улс орноо баян болгохын тулд хүн бүрээ хөрөнгө мөнгөтэй болгоё гэсэн барууны үзэл баримтлал бүхий намыг бий болгож байсан түүхтэй. Ардууд ингэж Ардын нам, Ардын засгаа байгуулж байжээ. Харин 90 жилийн дараа пролетарийн буюу Ардын намыг дахин байгуулав. Гэхдээ зүүн төвийн гэсэн үзэл баримтлалтайгаар. Хөөр баяр болж байна. Ардын засгаа ардууд нь байгуулчихаад ингэж баярлаад байна уу гэтэл арай өөр дүр зураг харагдах юм. Жирийн ардын төлөөлөл тэнд ширхэг ч алга. Монголын толгой баячууд, тайжуудын сор нь энэ намыг даргалж, Удирдах зөвлөл, Бага хурлын гишүүд нь болжээ. Намын дарга Сү.Батболдыг Монголын төрд байгаа хамгийн том олигархи гээд намынх нь гишүүн хүртэл нэрлэж байсан шүү дээ. Дагалдагсад нь дарга, сайдууд, том том компанийн захирлууд, нэртэй дуучид гээд ардын амьдралаас хол тасархай хөрөнгөтнүүд.
Үнэхээр л хуучин уламжлалын дагуу намынхаа нэрийг сэргээж байгаа юм бол Ардын намыг ардууд байгуулж, Ардын засгийг ардууд удирдах ёстой биш үү. Олигархиуд шургалах зай Ардын нам, Ардын засагт байхгүй. Үг яриа, үйл хөдлөл ингэж хол зөрж байгаа болохоор Ардын нам, ардын засаг гэдэг ч энэ цагийн өнгөн дээр утгаа алдаж байгаа ажээ.
“Пролетарийн хувьсгал бол талхны төлөөх хувьсгал байсан юм” хэмээн В.И.Ленин тодорхойлсон байдаг. Марксийн онолоор бол “Пролетариуд бол өөрийн гэсэн эзэмшил, үйлдвэрлэл байхгүй харин өчүүхэн цалин хөлсний төлөө хөдөлмөрөө үнэлж амьдардаг хөрөнгөтөн нийгмийн хэсэг бүлэг хүмүүс” гэж томъёологдсон байдаг. Тэгээд пролетариуд буюу ардууд нөгөө талд байгаа хөрөнгөлөг нийгмийнхэнтэйгээ цалин хөлсөө нэмүүлэхийн төлөө байнгын зөрчил мөргөлдөөнтэй байх нь жам гэсэн байдаг билээ. Гэтэл хөрөнгөлөг нийгмийнхэн тэднийхээ нэрээр нам нэрийдэн өнөөх өнө мөнхөд байх зөрчлийг арилгах гэж оролдож байна гэлтэй. Монголын жирийн ардууд өнөөдөр идэх талхтай байхын төлөө л зүтгэж байхад тайж нар тэдний нэрээр Ардын нам байгуулан ийн тоглож сууна.
Намын нэр сольсонд жирийн гишүүд дурамжхан байгаа нь илт. МАХН гэдэг уг нь сайн ч, муу ч Монголын нийгэмд брэнд болсон нэр. Харин шинэчлэл нэрийн дор хувьсгалт гэдэг үгийг авч байгаа нь үнэн хэрэгтээ шинэчлэлээсээ ухарсан хэрэг болжээ хэмээн шүүмжилж байна. Үнэндээ хувьсгал гэдэг нь асар их өөрчлөн байгуулалтыг хэлсэн утгатай үг. Хүн төрөлхтний түүхэнд гурван том өөрчлөлтийг албан ёсоор “хувьсгал” гэж нэрлэдэг. XVIII зуунаас эхэлсэн үйлдвэрлэлийн хувьсгал, XX зуунаас эхэлсэн интернэтийн хувьсгал, энэ зууны эрчим хүч, технологийн хувьсгал хүн төрөлхтөнд дандаа сайн сайхныг авчирсан байдаг. Харин МАХН-ын гишүүд өөрчлөлт шинэчлэл хийхдээ “хувьсгал” гэдэг үгнээс ичин нэрнээсээ бүрмөсөн хасаж орхив. Ингээд олигархиуд Ардын нам, ардын засгийг байгуулсан хачин түүх эхэллээ.
Одоо Ардын нам, Ардын засгийн гишүүд хуучин уламжлалынхаа дагуу Оросоос зөвшөөрөл авах л дутуу байна даа.
URL:













