20 замтай нисэх буудлыг 2015 онд ашиглалтанд оруулахаар төлөвлөжээ

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар “Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудал” барих төслийг санхүүжүүлэхэд дутагдаж буй эх үүсвэр, сонгон шалгаруулалтын тухай асуудлыг хэлэлцлээ. Монгол улсын Засгийн газар Японы Олон улсын хамтын ажиллагааны банкны хооронд байгуулсан хэлэлцээрийн хүрээнд хэрэгжиж байгаа дээрх төслийн үндсэн хэсгийн барилгын ажилд дутагдаж буй санхүүгийн эх үүсвэр болон үндсэн хэсгээс гаднах энгийн технологитой зарим барилга, талбайн ажлуудыг дотоодын хөрөнгөөр санхүүжүүлэх нь зүйтэй гэж Засгийн газар үзсэн байна. Манай улсын хувьд өвлийн улиралд утаанаас шалтгаалж онгоц буух боломжгүй болдогтой холбоотойгоор осол гарахгүй байх нөгцөлөөр хангагдсан онгоцны буудал барих асуудлыг Японы талд тавиад байгаа юм. Мөн зөвлөх компани ч тус улсаас гарсан бөгөөд техник, эдийн засгийн үндэслэл зураг төсөл гарах үед үнийн хувьд өөрчлөлт гарчээ. Энэхүү үнийн өсөлтийн талаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцлээ. Уг ажлыг гүйцэтгэхэд 320 сая ам долларын санхүүжилт хэрэгтэй байсан бол үнэ нэмэгдсэнээс шалтгаалж 120 тэрбум төгрөгийн асуудал гарч иржээ. Уг ажлын санхүүжилтийг Японы талаас буюу  320 сая доллараар шийдэх байсан бол ийнхүү Монголын талаас 120 тэрбум төгрөгийг шийдэхээр болжээ.  Энэхүү өргөтгөлийг хийснээр нисэх буудал нь 20 замаар онгоц хүлээн авах боломж бүрдэх юм байна. Одоогийн байдлаар зураг төслийн ажил дуусчихсан байгаа бөгөөд ажил гүйцэтгэх тендер зарлаад байгаа ажээ. Онгоцны буудлын барилга угсралтын ажлыг энэ жилийн сүүлээр эхлүүлэх төлөвлөгөөтэй бөгөөд ашиглалтанд орох хугацааг 2015 он гэж тооцоод байгаа юм. Ийнхүү уг хуралдаанаар шаардагдах санхүүжилтийн хуваарийн дагуу эх үүсвэртэй уялдуулан тухайн жилийн төсөвт суулгахыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалт болон Сангийн сайд нарт даалгасан. Мөн ажлын явцыг танилцуулж байх энэ ажил маш ойлгомжтой, хариуцлагатай, нээлттэй байхаас гадна хурдтай ажиллах ёстойг  Засгийн газрын тэргүүн С.Батболд үүрэг болголоо.


URL:

Сэтгэгдэл бичих