Монгол хүн эх орондоо үнс нурам шиг байхад харийнхан гал цогоо бадрааж явна!
Сайн байцгаана уу? Захидлыг минь уншиж буй та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе! Би өөрийнхөө амьдралын туршлага болон сэтгэлдээ тээж явдаг зүйлээ залуустайгаа хуваалцах гэсэн юм. Миний хамгийн ихээр эмзэглэж явдаг зүйл бол Ажилгүйдэл! Хийх зүйлгүй хүн л хэрэг төвөгт орооцолдож, хэрүүл зодоон хийж, аяга тагш нийлүүлэн архи дарс сөгнөж явна шүү дээ!
Сархад савнаасаа бусдыг дийлдэг гэгчээр онц ноцтой гэмт хэргийн дийлэнх нь архинаас улбаатай байдаг. Миний ажигласнаар амьдралын зорилго, ажлын идэвхигүй хүмүүс л хамгийн ихээр архинд донтож байгаа юм шиг.
Өндөр хөгжилтэй улс орнуудад сайхан амьдрал, сайн нэрийн төлөө зогсолтгүй хөдөлмөрлөж, залуус нь өрсөлдөөн дунд амьдардаг. Харин бид яг эсрэгээрээ бага цаг, их цалинтай ажил мөрөөдөж, олсон хэдэн зоосоо олиггүй зүйлд үрэн таран хийж, өнөө маргаашаа болгож, байр машины төлөө л амьдарч байгаа юм шиг хүмүүс байх юм. Ажил хайсан ЗАЛУУС, ажилчин олдохгүй АЛБАН ГАЗАР! Жил бүр зах зээлд 15000 төгсөгч гардаг ч ердөө 30 хувь нь ажилд ордог. Мөнгөөр диплом авч, өнгөөр ажил хайсаар…Цагаан цамцтай гудамж метрлэгчид өдөр ирэх тусам нэмэгдсээр…Бакалаврын зэрэг үнэгүйдэж, багаар бодоход 2 дээд сургууль төгсөж байж оффис менежерхэн төдий! Овоо орлоготой болсон хэд нь ажилдаа ИДЭВХИГҮЙ, авсан цалиндаа УРАМГҮЙ.
Өнөөдөр манайд 100 Mонгол хүний цалин ганц хоёр гадаад ажилчдын цалинтай тэнцэж байна. Монгол хүн эх орондоо үнс нурам шиг байхад харийнхан гал цогоо бадрааж явна. Яагаад гээч бидэнд ДЭЛХИЙН ХЭМЖЭЭНД СЭТГЭХ, ОРЧИН ҮЕТЭЙГЭЭ ХӨЛ НИЙЛҮҮЛЭН АЛХАХ ХҮСЭЛ АЛГА!
Хангамж сайтай болохоор төрийн албанд орно гээд л хахууль өгч, Ирээдүйтэй гээд л танил талаараа яриулж том байгууллагат шигдэнэ. Бид хэн нэгний гарыг харалгүйгээр яагаад өөрсдийн хөдөлмөрөөр ирээдүйгээ бүтээж, хангалттай хэрэгцээг бий болгож болохгүй гэж? Залуу хүн амьдрал босгох гэж биш , амжилт бүтээх гэж ажил хийгээсэй!
Хайртай хүнтэйгээ хэзээд амьдрал бүтээж болно. Харин цаг хугацаа, залуу нас хэзээ ч эргэж ирэхгүй. ХӨГЖ, ХӨДӨЛМӨРЛӨ, ХҮССЭНДЭЭ ХҮР!
Бүү шантар, эхний жижиг хаалга хаагдсан ч дараагийн том хаалга нээгдэж байдаг юм! Ажилд орох маш олон боломжууд байна. Манай улсад маш олон хөдөлмөрийн биржүүд үйл ажиллагаагаа явуулдаг. Үнэ төлбөргүй ажил хайгчдад зориулсан ажлын зарын сайтууд зөндөө л байна. Тэдгээрийг бүгдийг нь ашиглаарай! Орчин цагийн хөрөнгөтний нийгэмд хэн өрсөж СЭТГЭНЭ, тэр түрүүлж ХӨГЖИНӨ. Амжилт хүсье залуусаа!
Хүндэтгэсэн Б.Сумъяа
URL:













