С.Энхтулга: ”Оюутолгойнхон дүүг минь осолдсоныг мэдэгдээгүй
Албан үүргээ гүйцэтгэж явсан 26-хан настай залуу осолд өртсөн нэгнээ аврах гээд амь үрэгдсэн сэтгэл сэмлэсэн мэдээллийг өнгөрөгч сард сонин хэвлэлээр цухас дурдаад өнгөрсөн. Тэр өдрөөс хойш осол гарах болсон шалтгаан нөхцлийн талаархи мэдээлэл сураг тасарсан гэж хэлж болно. Тиймээс осолд өртсөн О-ийн төрсөн ах Дорнод аймгийн харьяат С.Энхтулгатай уулзлаа.- Миний дүү 2009 онд их сургуулиа дүүргээд Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулдаг Чех Улсын 100 хувийн хөрөнгө оруулалтай цэвэрлэх байгууламжийн” Хаанза” ХХК-нд ажилд орсон. Ажиллаад хоёр жил есөн сар болж байсан юм. Осол гарсан өдөр буюу өнгөрөгч тавдугаар сарын 19-ний 16.51 цагт миний дүү О нэг ажилтныхаа хамт цэвэрлэх байгууламж дээр ажиллаж байх үед нь насос нь эвдэрсэн байгаа юм. Эвдрэл гарсан даруй хамт ажилладаг эрэгтэй нь засахаар цэвэрлэх байгууламжийн нүх рүү орохдоо хальтарч унасан юм билээ. Тэгэхээр нь дүү араас нь татаж гаргахаар ороод хоёулаа осолдсон.
- Тухайн үед ослын газарт Олон улсын мэргэжлийн баг ажиллаж байна гэсэн мэдээлэл цацагдаж байсан. Ослын дүгнэлт гарсан уу?
- Миний ойлгож байгаагаар” Хаанза” ХХК Хөдөлмөр хамгааллын аюулгүй ажиллагааны дүрэм зөрчиж ажилтнуудаа ажиллуулж байсан гэж бодож байна. Тухайлбал цэвэрлэх байгууламж бол бохир усыг цэвэршүүлэх үүрэгтэй. Тэр байгууламжид ажиллахын өмнө 3-4 инженер аюулгүй ажиллах дүгнэлтийг гаргасан байх шаардлагатай юм байна лээ. Хамгийн наад зах нь байгууламж доторх хорт хийг хэмжиж, насосны аюулгүй ажиллагааг шалгаж, ажилтан тусгай баг зүүж орох ёстой. Гэтэл тухайн үед тэнд ажиллаж байсан хоёр хүний аюулгүй байдлыг хангаагүй. Хоёр хүний амь эрсэдсэн осол гарчихаад байхад ослын шалтгааныг тодруулах ёстой орон нутгийн Мэргэжлийн хяналтын хэлтсийнхэн өнөөдрийг хүртэл дүгнэлтээ гаргахгүй байгаад бид маш их гайхаж байна. Бас хувь хүнийхээ хувьд хардах сэтгэл төрж байгааг нуух юм алга.
- Мэргэжлийн байгууллагын дүгнэлт 24 цагийн дотор гарах ёстой биз дээ?
- Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн байцаагч н.Батмөнх яагаад өнөөдрийг хүртэл ослын дүгнэлтийг гаргахгүй байна вэ гэдэг асуудлыг холбогдох албаны хүмүүст тавих хэрэгтэй байх. Тэнд осол гарч хоёр хүний халуун амь үрэгдчихээд байхад бүтэн сарын турш ослын шалтгааныг тодруулахгүй байгааг юу гэж ойлгох вэ. Миний дүү архи ууж яваад гудамжинд нас бараагүй шүү дээ. Хөдөлмөрлөж явсан цэл залуухан дүү минь хүний амь аврах гээд осолдлоо. Ирээдүйдээ хийж бүтээх өсч дэвжих зорилготой явсан дүү минь бурхны оронд очсон. Ээж аав дүүдээ түшигтэй, гэр бүл, хамт олнынхоо хайр хүндэтгэлийг хүлээсэн тийм л хүн байсан. Талийгаачийг уйгагүй хөдөлмөрч, хичээнгүй нэгэн байсан гэдгийг хамт олон, удирдлага нь хэлнэ. Би энд нэг л зүйлийг онцолж хэлмээр байна. Гадны хөрөнгө оруулалтай энэ олон уул уурхайн компанид мэргэжлийн байгууллага хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм журмыг ягштал мөрдүүлээч. Сэрэмжлүүлэг аваач. Хоёрын хоёр хүний эрдэнэт амь сүйдлээ шүү дээ. Тэд эх орныхоо бүтээн байгуулалт хөгжилд бага ч гэсэн хувь нэмрээ оруулж явсан тийм л залуус.
- “Хаанза” ХХК –ны удирдлагатай таны гэр бүлийнхэн уулзсан уу?
- Осол гарсны дараахан компанийн Чех захирал нь хуриманд оролцохоор нутаг буцсан гэж монгол захирал нь бидэнд хэлсэн л дээ. Ерөнхийдөө хоёр удаа монгол захиралтай нь уулзсан. Мэргэжлийн байгууллагаас гарах дүгнэлтийг хүлээж байна гэсэн юм хэлж байна лээ. Энд бас нэг зүйлийг тодотгох хэрэгтэй л дээ. Осол гарсан даруй компанийнхан манай гэр бүлийнхэнд мэдэгдээгүй. Тухайн үед хөндлөнгийн хүн эмэгтэй дүү рүү утасдаж хэлсэн байгаа юм. Гэтэл осол гарсны дараа 10 гаруй цагийн дараа бидэнд дуулгасанд манай гэр бүлийнхэн гомдолтой байгаа. Энэ компани “Оюутолгой” ХХК-ны гэрээт компани. Миний дүүгийн осолд өртөхөөс өмнөх үеийнх нь ажиллаж байсан хөдөлмөрийн хөлсийг ч бодож өгөөгүй. Тэд дүүгий тань хамгийн сүүлд ажилласан цалин гээд цалинг ч авчирч өгөөгүй шүү дээ.
- Шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан уу?
- Бүтэлтийн улмаас амь насаа алдсан. Осолд өртөх үедээ согтууруулах төрлийн бодис хэрэглээгүй, үхэлд хүргэх суурь өвчний шинж тэмдэг илрээгүй гэсэн шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан.
- “Оюутолгой” компанийн зүгээс ямар тайлбар өгч байх юм ?
- “Оюутолгой” компанийн удирдлагууд бидэнтэй уулзаж ямар хүсэлт байна бид туслая гэж байна лээ. Бид нэг зүйлийг хүссэн. Гэрээт компанийхаа Чех талын захирлыг уулзуулж өгөөч гэж хэлсэн. Энэ хүсэлт биелүүлэхэд тийм хэцүү асуудал биш.
- Дүү тань хамгийн сүүлд хэзээ гэрийнхэнтэйгээ холбогдсон юм бол оо?
- Өнгөрөгч тавдугаар сарын 24-ны өдөр төрсөн өдөр нь тохиодог юм. Төрсөн өдөр болохоосоо хэд хоногийн өмнө ээжтэй ярихдаа “ Та нар надад ямар бэлэг авч өгөх гэж байна даа” гэж хэлсэн гэсэн. Дүү маань 56 хоног ажиллаад 14 хоног амардаг байсан юм. Осолд өртөхөөс дөрөв хоногийн дараа амралтын хугацаа нь болох байлаа. Миний дүү гэр бүл болж амжаагүй. Гэхдээ эмэгтэй дүүгийн минь хүүхэд “ааваа” гэж дууддаг байсан юм. Одоо тэр хүүхэд аав тэнгэрт байгаа гээд уйлж сууна шүү дээ.
- Ослын хэргийг шалгах мөрдөн байцаах ажиллагаа ямар шатандаа яваа юм бол оо?
- Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын дүгнэлт гарахгүй байгаа нь мөрдөн байцаах ажиллагааг удаашруулж байна. Дашрамд дурдахад тус аймгийн Цагдаагийн хэлтсийнхэн энэ хэрэгт анхаарал тавьж ажиллаж буйд танай сайтаар дамжуулан ар гэрийхний зүгээс талархал илэрхийлье. Орон нутгаас зорьж Улаанбаатарт ирээд хоёр ч удаа мэдүүлэг авч байгаа нь ажлаа шуурхай сайн гүйцэтгэж байгаагийн илрэл гэж ойлгож байгаа бид. Мөн уй гашуу тохиолдох үед гүн туслалцаа үзүүлсэн Дорнод аймгийн Боловсролын газар,сургууль цэцэрлэг , МУЗН, Дорнод аймгийн УЗН, Дорноговь аймгийн УЗН, хамт олон найз нөхөддөө талархаж буйгаа илэрхийлье. Миний гэр бүлийнхэн зөвхөн өнөөдрөөр асуудлыг дуусгахгүй. Хэрэв мэргэжлийн байгууллагын дүгнэлт бодит байдлаас зөрүүтэй гарвал хууль сахиулах, ослыг шударга үнэнээр шийдвэрлүүлэхийн тулд тэмцэнэ. Бүх хэвлэл мэдээллийн байгууллагад хандана.
Н.Түвшин
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.














Гадны компаниуд жинхэнэ молжлого явуулж байна