Залуус бодлогын асуудлаа хэлэлцэж байна
Монголын залуучуудын холбоо нь 21 аймаг, 9 дүүрэгт салбар холбоодтой, мэргэжил сонирхлоороо нэгдсэн хороод, залуучуудын зөвлөлүүдтэй байгууллага юм. Залуучуудын хөгжлийг дэмжих, тэднийг өөрсдийнх нь оролцоотой хөгжүүлэх мэдлэг чадвараа дээшлүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлэхэд бодлогын түвшинд хамтран ажиллах зэрэг өргөн чиглэлээр олон талт, үр дүнтэй, бодит ажлуудыг Монгол орон даяр зохион байгуулсаар байна.
Энэ удаад НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр, Монгол Улсын Засгийн Газартай хамтран залуучуудын сэдвээр бэлтгэж байгаа “Үндэсний хүний хөгжлийн илтгэл 2014”-ийн хүрээнд “Залуучууд ба Бодлогын асуудлууд” сэдэвт хэлэлцүүлэг 2014 оны 10 сарын 03 өдөр МЗХ-ны Залуус танхимд зохион байгуулдлаа. Уг хэлэлцүүлгийг Залуучуудын талаар баримтлах бодлого болон суурь судалгаанд дүн шинжилгээ хийх, залуусын үзэл бодол, үнэлэлт дүгнэлтийг хүлээн авах, тусгах зорилгоор Монголын Залуучуудын Холбоо, НҮБ-ын Хүний Хөгжлийн хөтөлбөртэй хамтран зохион байгуулж байгаа юм.
Энэхүү хэлэлцүүлэгт 21 аймаг, 9 дүүргийн залуучуудын төлөөлөл, залуучуудын чиглэлээр ажилладаг ТББ-ын төлөөлөгчид /НҮБ-ын Залуучуудын зөвлөлдөх хороо, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо гэх мэт оролцсон бөгөөд өнөөгийн залуучуудад тулгамдаж буй асуудлын талаар хийсэн судалгаанд үндэслэж Залуучууд ба хөдөлмөр эрхлэлт, Залуучууд ба оролцоо, Залуучууд ба боловсрол, Залуучууд ба эрүүл мэнд, Залуучууд ба хөгжлийн бэрхшээл, Залуучууд ба гэр бүл, жендэр гэсэн сэдвүүдээр салбар хэлэлцүүлэг өрнөсөн.
Орон нутаг болон салбар бүрийн төлөөлөл болсон залуус тулгарч байгаа асуудлуудаа хэрхэн шийдвэрлэх талаар санал бодлоо чөлөөтэй илэрхийлсэн юм.
Ийнхүү залуус бодлогын асуудлаа хэлэлцснээр хөдөө орон нутаг, нийслэл хотын залуучуудын нийгэм дэх оролцоог нэмэгдүүлж, залуучуудад хандаж үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагын байр суурь, тэдний хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, цаашид явуулах бодлоготой танилцан, цаашдын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулахад чухал түлхэц болсон байна. Энэхүү хэлэлцүүлгээс гарсан бүхий л санаа бодлыг Үндэсний хүний хөгжлийн илтгэлд тусгах юм байна.
URL:



















