“Зуншин” компанийн зөвшөөрлийг өвлийн 3 сард багтаан цуцалжээ
Саяхан Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд орон сууцны зориулалтаар баригдаж байгаа барилга дээр энэ осол гарч, гадна фасад хийж байсан 18 настай эмэгтэй барилгын тоног төхөөрөмж эвдэрсэний улмаас өндрөөс унаж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ.
Энэхүү барилгын гүйцэтгэгчээр “Зуншин” компани ажиллаж байсан юм. Хөдөлмөр хамгааллын аюулгүй ажиллагааг хангахгүй дахин дахин ноцтой осол гаргаж байгаа тус компанийн тусгай зөвшөөрлийг цуцалж өгөхийг МХЕГ-аас шаардан Барилга хот байгуулалтын яаманд хандаад байсан юм. Гэтэл барилга, хот байгуулалтын яамны “Хот байгуулалтын баримт бичиг, барилга, байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажил гүйцэтгэх, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох“ ажлын хэсэг хуралдаж “Зуншин” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн тухай асуудлыг авч хэлэлцэн тус компанийн барьж байгаа барилга дээр удаа дараа гарсан ослын талаар МХЕГ-ын дүгнэлт болон Цагдаа, шүүхийн байгууллагын шийдвэр гартал тусгай зөвшөөрлийг гурван сарын хугацаагаар түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ.
Гэтэл энэхүү гурван сард нь өвлийн гурван сар багтаж байгаа бололтой. Угаас хүйтний улиралд барилгын компаниудын үйл ажиллагаа зогсдог шүү дээ. Тэгэхээр БХБЯ-аас ийм шийтгэвэр ноогдуулаад байгаа нь бүр ч хачирхалтай. Угаас барилгын салбар ажилладаггүй гурван сард тус компанийн эрхийг цуцалсан ч яалаа байсан ч яалаа.
Тэгэхээр энэхүү асуудал нь ирэх хавраас алдарт “Зуншин” компани бахь байдгаараа үйл ажиллагаагаа хэвийн явуулж болох нь тодорхой боллоо.
Б.Мөсөн
agshin.mn
URL:








