Бэлэглэлийн гэрээний нууц буюу Д.Энхтайван нарын амташсан луйвар
Сүүлийн үед Тээвэр хөгжлийн банк гэх цаасан дээрх банк тойрсон асуудал хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр ихээр үзэгдэх болж, төрийн байгууллагуудаар ч энэ тухай элдэв зүйлс бичсэн хэвлэмэл хуудсууд тарах болсон нь үүний цаана “том” эрх ашиг нуугдаж байна уу гэлтэй.
Энэ түүх юун түрүүн та биднийг тэртээ 1996 он буюу өмч хувьчлалын жилүүдэд аваачина. Учир нь нийтлэлийн гол баатрууд болох Д.Энхтайван хийгээд түүний төрсөн дүү Д.Энхжаргал нар нөлөө бүхий эрх мэдэлтэн байсан бөгөөд өмч хувчлалын үйл явцад зоригтойгоор гар дүрж, түүнийгээ тухайн үед ТӨХ-ны Төрийн өмчийн удирдлага, хувьчлалын газрын орлогч дарга байсан Ц.Нанзаддорж гэгчээр аргалуулсан нь өнөөдөр нэгэнт ил болов.
1990 ээд оны эхээр “Автозам” нэртэй төрийн өмчит банк байсныг цөөнгүй хүн мэднэ. Зам тээвэртэй холбоотой бүхий л санхүүжилт мөнгө төгрөг энэ банкаар дамжиж гардаг байсан гэдэг.
Гэтэл тэр үед Д.Энхжаргал Монголбанкны хяналт шалгалтын хэлтсийн даргаар томилогдонгуутаа “Автозам” банкны үйл ажиллагааг нь зогсоож, хүчээр үйл ажиллагааг зогсоосон тус банкийг Ц.Нанзаддорж дампуурсан болгон төрийн өмчийг ах дүү хоёрт бэлэглэснээр төрийн өмчид “Автозам” банкны суурин дээр “Тээвэр хөгжлийн банк” нэртэй хувийн банк босож ирсэн түүхтэй.
Харин үүнийхээ төлөөсийг ах дүү хоёр “Тээвэр хөгжлийн банк”-ны өөрсдийн эзэмшлийн 49 хувиа бэлэглэл нэрийдлээр Ц.Нанзаддоржид шилжүүлэн цагаатгахыг оролдсон нь тэдний хууль бус санаархалуудыг ил болгосон төдийгүй өнөө хэр нь үргэлжилж байгаа банк тойрсон маргааныг эхлүүлсэн юм.
Бүр тодруулбал 2009 оны долдугаар сарын 23-нд Монголбанкны Лондон дахь төлөөлөгч Д.Энхжаргалын гэр бүлийнхэн болох Д.Батхүү, Д.Энхтайван, Д.Энхтуяа нар нь өөрсдийн эзэмшдэг Тээвэр хөгжлийн банкны 49 хувь буюу гурван тэрбум 920 сая төгрөгийн үнэ бүхий 3920 ширхэг хувьцаагаа Ц.Нанзаддоржид бэлэглэж байсан хачирхалтай баримт бий. Энэ их хэмжээний бэлгийг хүлээн авахын тулд Ц.Нанзаддорж нэг сая төгрөгний дүрмийн сантай “Хамтдаа Чигээрээ” ХХК /үүрд хамтдаа, салж хагацахгүйгээр, эргэлт буцалтгүй эхлүүлсэн замаараа явна/ гэх эрс шийдсэн нэртэй компанийг ганцхан өдрийн дотор байгуулан улсын бүртгэлд бүртгүүлж 49 хувиа шилжүүлж өгөхийг Монголбанкнаас хүсчээ.
Гэсэн ч тухайн үед Ц.Нанзаддорж төрийн жинхэнэ албан хаагч байсан тул Төрийн албаны тухай хуулиар энэ мэт бэлэг авч болохгүй гэсэн хариуг Монголбанк тэдэнд өгч, дээрх бэлэглэлийг хүлээн зөвшөөрөөгүй юм.
Хачирхалтай нь уг бэлэглэл дан ганц дээрх шалтгаанаар өрнөөгүй, анхнаасаа л Д. Энхтайван, Д.Энхжаргал нар Тээвэр хөгжлийн банкийг дампуурлаас аварсан тус банкны 51 хувийн давуу эрхт хувьцаа эзэмшдэг В.Арминд зохиомол хэрэг үүсгэн Монголоос хөөж явуулчихаад, түүний банкин дахь эзэмшлийн 51 хувийг үнэгүйгээр өөрсдийн болгохоор санаархажээ гэдэг нь дээрх бэлэглэл болоод В.Армин, түүний хүмүүсийг зохиомол хэрэгт унагах гэсэн оролдлогуудтай цаг хугацааны хувьд яв цав таарч байлаа.
Тэгвэл Д.Энхтайваны үйлдсэн хэрэг үүгээр дуусахгүй нь. Д.Энхтайван болон “Макс” компани Монголбанкаар дамжуулан ихээхэн хэмжээний мөнгө угаасантай холбоотой бас нэгэн ноцтой баримт дэлгэгдлээ.
Монголбанкны Ерөнхийлөгчийн 2011 оны долоодугаар сарын 8-ны өдрийн 404 тоот тушаалаар Арилжааны банкуудын дүрмийн сангийн доод хэмжээ 16 тэрбум төгрөг байхаар заасан ба өнгөрсөн оны тавдугаар сарын 1-нээс өмнө хөрөнгөө хуримтлуул” гэсэн нь Д.Энхтайваны дараагийн нэгэн луйварын сэдэл шалтгаан болсон бололтой.
Банкны дүрмийн санг 16 тэрбум төгрөгт хүргэх гэж улайрсан Д.Энхтайван, “Макс”-ын босс Д.Ганбаатарын ах Д.Цэрэнжигмэдээс өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр бэлэглэлийн гэрээг үйлдэн “МАКС”-ын ногдол ашиг гэх 8 тэрбум төгрөгийг авчээ.
Гэтэл “Макс”-аас бэлгэнд авсан 8 тэрбумаараа Д.Энхтайван “Тээвэр хөгжлийн банк” дахь хувиа нэмэгдүүлэх хүсэлтээ Монголбанкинд гаргахдаа уг мөнгийг өөрийн хуулиар зөвшөөрөгдсөн үйл ажиллагаанаас олсон цэвэр ашгаас бүрдэж байгаа гэж хэнэг ч үгүй мэдүүлчихсэн байх юм.
Тиймээс энэхүү хүсэлтийг Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхлангаас эхлээд Монголбанкны ХШГ-ын захирал Д.Ганбат, Эрх зүйн газрын захирал Г.Эрдэнэбаяр, болон бусад хэлтсийн захирал, хянагч нар хянаад Д.Энхтайваны банкин дахь хөрөнгийг нэмэгдүүлэх бэлгэнд авсан гэх 8 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх хууль зүйн үндэслэлгүй гэдгээ удаа дараа анхааруулсаар байтал Монгол банкны Ерөнхийлөгч Н.Золжаргал дур мэдэн Д.Энхтайваны хөрөнгийг 8 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэрт гарын үсэг зуржээ.
Хамгийн ноцтой нь Монголбанкны ерөнхийлөгч дээрх шийдвэрээрээ Д.Энхтайваны “Тээвэр хөгжлийн банк”-инд оруулсан 8.66 хувь буюу 784.000.00 төгрөгний нэрлэсэн үнэ бүхий хөрөнгийг шууд 8 тэрбумаар нэмэгдүүлж, түүний хувийг 54.9 хувь болгон өсгөж, харин хуулийн дагуу тус банкны 51 хувийг эзэмшдэг Инфрастракчер ХХК-ийн хувийг 25.5 хүртэл нь бууруулсан илт хууль зөрчсөн гэмт хэргийг үйлдсэн нь цаанаа зохион байгуулалттай байсан гэдэг нь тодорхой харагдах аж.
“Макс” компани ямар замаар олсон 8 тэрбум төгрөгөө бэлэглэл нэрийдлээр Д.Энхтайванд өгч, Монголбанк түүнийг хааш нь зувчуулав.
Учир нь Д. Энхтайван болон “Макс” компани нар дээрх их хэмжээний мөнгийг хэдэн сарын турш Монголбанкинд байршуулан, “Тээвэр хөгжлийн банк”-ны мэдэлд ирсэнээс хойш гурав хоногийн дараа “Макс” компани харъяа охин компаниудад ямар ч барьцаагүйгээр 2-3 тэрбум төгрөгийн зээл олгох нэрээр буцаан гаргасан байх юм.
Өөрөөр хэлбэл Д.Энхтайван, МАКС компани нарын зувчуулсан хууль бус хөрөнгийг Монголбанк хууль ёсных болгон угаажээ.
Ийн Тээвэр хөгжлийн банк тойрсон хууль бус үйлдлүүдэд энэ мэт эрх мэдэл албан тушаал, нэр нөлөө бүхий эрхэмүүд олноороо холбогдох болсон төдийгүй хууль хяналтынхан эдгээр хэргийн халуун мөрөөр ороод ирэхийн цагт Д.Энхтайван гэнэтхэн л хууль шүүхийн шүүхийн шинэчлэл ярьж, бусдыг элдэв гэмт хэрэгт гүтгэх болсон нь шүүх прокурорт нөлөөлөх замаар өөрсдийн хууль бус үйлдлүүдийг халхлах гэснээс өөр юу ч биш ажээ.
URL:





