200 сая төгрөг халаасалсан Засаг ноёд ичээсэй
Нийслэлийн 375 жилийн ойн төрсөн өдөр тохиогоод Нийслэлийн Засаг даргын Тамгын газрынхан болон Э.Бат-Үүл даргад зав алга. Энд тэнд гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж, нийслэлийн сүлд бүхий марк захиалгаар хийлгээд, гадаадын эрдэмтдийг өндөр үнээр урьж илтгэл уншуулаад ойрын хэдэн өдөр тун ч завгүй байна. Лав энэ долоо хоногтоо тэдний баяр хөөр дуусахгүй нь бололтой. Тэр тусмаа Үүл дарга байгууллага, иргэдийг шилдгээр өргөмжилж шагнаад нийслэлийн хөрөнгийг ёстой л баруун солгойгүй цацаж байна. Нийслэлийн ирэх оны төсвийг цалингийн данс болголоо, арван зургаан оны АСЕМ-ийг зохион байгуулж чадахгүй гээд боож үхэх гээд байсан Хотын дарга мөнгөнд харин ч нэг санаа зовохгүй байгаа бололтой. Хотын дарга захирамж гаргаж шилдэг хороодыг шалгаруулж 20 хорооны Засаг ноёнд 60 хүртэл ам метр орон сууц худалдан авахад нь зориулан урьдчилгаа төлбөрийн 20 хувийн хөнгөлөлт үзүүлэх эрхээр шагналаа.
Өөрөөр хэлбэл шилдэг хороодын “шилдэг” Засаг дарга нар 200 сая төгрөг халааслав. Ингэхдээ хороодод Эрүүл аюулгүй байдлын индекс, Амьдрах орчны зураглал, Орон нутгийн хөгжлийн сан, Төр-Иргэний үйлчилгээ гэсэн шалгуур үзүүлэлтийг тусгаж, дээрх үзүүлэлтийг хамгийн сайн биелүүлсэн хороодыг хувиар эрэмбэлсэн гэнэ. Үнэн хэрэгтээ хороод эрүүл аюулгүй орчинтой билүү, иргэддээ шуурхай, соёлтой, шударга үйлчилдэг билүү гэдэг зураглал цаасан дээр нэг янзаар бодитоор нэг өөрөөр буудаг нь нууц биш. Хороодын үүдээр ороход л иргэдтэй хэрхэн харьцдаг нь мэдэгдэнэ. Газрын албаныхантай ганц үг солиход л болно доо. Нийслэлийн ойгоо тохиолдуулаад шагналаа гэхэд иргэддээ хүнд сурталгүй үйлчилж, бүтээн байгуулалт хийж, хорооныхоо хүүхдүүдийг бүрэн цэцэрлэгт хамруулчихсан дарга хэд байгаа бол. Ядаж иргэдийнхээ төлөө санаа зовдог нь хэд бол. Тэртээ тэргүй хангалттай идэж ууж байгаа дарга нарт ингэж арван саяар нь өгч байхаар бүтээн байгуулалт хийчих, ядарсан иргэдээ дэмжчих, сургууль цэцэрлэг барихад нэмэрлэчих гээд хороонд нь өгчихвөл арай өөр. Хотын даргын энэ утга учиргүй шагналаас ихрүүдэд баяр өгсөн нь харин нүдээ олсон шагнал байлаа. Цаашид хаанахын хэн гэдэг даргад хэдэн саяыг өгөх бол.
БОЛЗОТ УРАЛДААНД ТЭРГҮҮЛСЭН ХОРООД
| Д/д | Дүүргийн нэрс | Хороодын дугаар | Үнэлгээ /хувиар/ | Олгох шагналын хэмжээ /сая төгрөг/ |
| 1 | Хан-Уул | 7-р хороо | 92.1 | 10.0 |
| 2 | Чингэлтэй | 16-р хороо | 91.2 | 10.0 |
| 3 | Хан-Уул | 1-р хороо | 90.8 | 10.0 |
| 4 | Сонгинохайрхан | 11-р хороо | 90.5 | 10.0 |
| 5 | Налайх | 1-р хороо | 86.5 | 10.0 |
| 6 | Чингэлтэй | 12-р хороо | 86.4 | 10.0 |
| 7 | Налайх | 7-р хороо | 86.3 | 10.0 |
| 8 | Баянгол | 8-р хороо | 86.2 | 10.0 |
| 9 | Сүхбаатар | 20-р хороо | 86.0 | 10.0 |
| 10 | Чингэлтэй | 15-р хороо | 85.9 | 10.0 |
| 11 | Багануур | 2-р хороо | 85.4 | 10.0 |
| 12 | Баянзүрх | 26-р хороо | 85.2 | 10.0 |
| 13 | Хан-Уул | 2-р хороо | 85.1 | 10.0 |
| 14 | Сүхбаатар | 11-р хороо | 85.1 | 10.0 |
| 15 | Баянгол | 7-р хороо | 85.0 | 10.0 |
| 16 | Баянзүрх | 23-р хороо | 84.9 | 10.0 |
| 17 | Баянзүрх | 12-р хороо | 84.8 | 10.0 |
| 18 | Сүхбаатар | 2-р хороо | 84.8 | 10.0 |
| 19 | Баянгол | 18-р хороо | 84.7 | 10.0 |
| 20 | Сонгинохайрхан | 25-р хороо | 84.7 | 10.0 |
| Нийт дүн | 200.0 | |||
С.САРУУЛ /ЗУУНЫ МЭДЭЭ/
URL:













