Домогт “Атлантида”-г Атлантын далайн хойд хэсгээс оллоо
Атлантын далайн ёроолоос эртний уул, голын сав газруудыг английн эрдэмтэд илрүүлжээ. Шотландаас зүүн хойш одоогийн Шетландын арлаас баруун тийш 56 сая жилийн тэртээ хуурай газар байсан гэнэ. “Газрын тос олборлолтын ажлыг зохион байгуулах гэж судалгааны ажил явуулж байсан бүлэг эрдэмтэд түүхийн өмнөх газрын зургийг сэргээжээ” хэмээн “Live Science” сэтгүүлд бичсэн байна.
Нийтдээ 10 мянган хавтгай дөрвөлжин километр нутаг дэвсгэрийг судалсан байна. Хүн бий болохоос өмнө энэхүү далайн ёроол нь одоогийн Шотландын нутаг дэвсгэртэй нэгдмэл цул байж, Норвегийн эрэг хүрч байсан гэх таамгийг эрдэмтэд дэвшүүлжээ.
Өнөөдрийн байдлаар далайн ёроол болон хувирсан түүхийн өмнөх газар нутгийн газрын зургийг дуу авиа баригч тусгай тоног төхөөрөмжийн тусламжтай гаргасан байна. Төмөр цилиндрээс агшсан агаарыг өндөр даралтаар гаргахад авианы давалгаа бий болон далайн ёроолд хүрдэг байна. Эдгээр давалгаанаас тусгалаа олж газрын байдал болон түүний бүтцийн өөрчлөлтүүдийг дээш дамжуулан өгдөг юм. Авиаг микрофоны тусламжтай тэмдэглэн авчээ. Харин тэрхүү тэмдэглэлийн тусламжтайгаар далайн ёроолын байдлыг зурах боломжтой болсон байна.
Далайн ёроолоос хоёр километрийн гүнд байх газрын үелэл эрдэмтдэд домогт Атлантидыг санагдуулжээ. Энэхүү газрын үеийг судалж үзээд том гол мөрний найман гольдролыг олж тогтоосон байна. Тэд ёроолыг өрөмдөж ил гаргаж ирсэн дээжээс тоос болон нүүрсний үлдэгдлийг ирүүлжээ. Тиймээс одоо далай байгаа энэ газарт дээр үед амьдрал цэцэглэж байсан гэх дүгнэлтэд хүрсэн байна.
Гэхдээ энэхүү үе болон түүний доод хэсгээс эрдэмтэд далайн амьдралын шинж тэмдгийг олж илрүүлсэн юм. Тэгэхээр энэ хэсэг газар далай дээр гарч ирсэн боловч 2,5 сая жилийн дараа дахин усанд хучигдсан бололтой. Геологийн шинжлэх ухааны үүднээс авч үзэх юм бол 2,5 сая жил гэдэг бол их богино хугацаа юм байна. Өнөөдрийн байдлаар яагаад ийм зүйл болсон бэ гэдэг асуудал дээр эрдэмтэд судалгаа хийж эхлээд байгаа бололтой.
Т.Бүрэн
URL:













