Нефтийн төлөөх дайн эхэллээ
Ливийн дайн үргэлжилсээр байна. Хэзээ дуусах, Ливийн ард түмэн хоорондоо болон НАТО-гийн бөмбөгдөлтийн улмаас хэдэн хүн амиа алдсан тухай ярихад эрт байна. Гэхдээ Ливид НАТО-гийн зорилго улам тодорхой болсоор байна. Өрнөдийхний Ливийн цэргийн ажиллагааны гол зорилго нь тус улсын байгалийн нөөцийг авахад оршиж байгаа нь тодорхой боллоо.
Дийлэнх шинжээчийн үзэж буйгаар энэхүү нефтийн төлөөх дайн нь сүүлчийн биш гэнэ. Өөрөөр хэлбэл, тус улсын түлшний үндсэн орд газрууд тогтворгүй байдалд байнгын бэлэн байх хэрэгтэй болжээ. АНУ, барууны бусад улсын эдийн засгийн хямралын үеэр дэлхийн нөөц багасч буй нь таамаг төдий биш.
Энэ бол шинжлэх ухаанаар нотлогдсон. Судлаачдын ярьснаар нөөц багасч буй нөхцөлд хоёр чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж болох аж. Нэгд, хэрэглээг багасгах дэлхий нийтийн зөвшилцөөнд хүрэх юм. Ингэснээр зарим улсын хэт өндөр хэрэглээг багасгах ёстой. Хоёрт, арай хялбар арга байдаг.
Энэ нь цэрэг, улс төрийн чадавхд тулгуурлан дэлхийн нөөцийг хүчээр авахыг санаархах юм байна. Барууныхан өөрсдийн хэрэглээний түвшинг бууруулахыг хүсэхгүй. Тиймээс хоёр дахь замыг сонгожээ. Постколончлолын үед дэлхийн түүхий эдийн болон санхүүгийн зах зээл дээр зарим улс өөрсдийн сонирхлыг илүүд тооцуулж байх хэмжээд хүрч чаджээ.
Өөрөөр хэлбэл, Ирак энэ замыг туулсан. Харин одоо Ливи аж.Афганистаны байгалийн нөөц тийм ч их биш. Гэвч яг тийм нөөцтэй Төв Азийн орнууд болон Ирантай зэрэгцэн оршдог. Тэгвэл барууныхны дараагийн бай аль улс вэ. Сүүлийн өдрүүдэд Европоос Ираны тухай дохио ирэх болсон байна.
НАТО-гийн М.Каддафийн дэглэмийг устгах хагас жилийн хүчин чармайлт нь барууныханд тавьсан зорилтдоо шуурхай, бүрэн хэмжээгээр хүрэх хангалттай нөөц байхгүй гэдгийг харууллаа. Иран бол Ливи биш. Иран улс бол хүн амын тоогоор, эдийн засаг, цэрэг, үзэл суртлынхаа хувьд илүү хүчтэй.
Ливи барууныхны хувьд хөнгөн “зууш” болж чадаагүй бол Ираны хувьд цэргийн мөргөлдөөн гарвал Хойд Африкийн хямралыг давтах хэмжээнд хүрэхгүй гэж шинжээчид үзжээ. Гэхдээ барууныхан Ираны нөөцийг олз гэж үзэхээ болихгүй. Харин ойрын жилүүдэд Африкийн орнууд тэдний бай болж мэдэх аж.
Энэ нь үргэлжилсээр Арабын удирдах улс болох Саудын Арабд хямрал хүргэх төлөвлөгөөтэй байгаа. Учир нь тус улс дэлхийн нефтийн 13 хувийг хангадаг төдийгүй Арабын ертөнцийнхний бодлогыг тодорхойлдог юм.
М.КАДДАФИ НЭГ ХОТОО ӨГЧЭЭ
М.Каддафигийн талын цэргийнхэн Триполиос өмнө зүгт байдаг Бани-Валид хотыг хамгаалах ажиллагаагаа зогсоохыг зөвшөөрсөн гэж өчигдөр “Аль-Жазир” телевиз босогчдын удирдлагын мэдээлснийг иш татан уламжилжээ. Ливийн удирдагч асан М.Каддафигийн цэргүүдийн гол түшиц хот байсан Бани Валид хот руу босогчид өчигдөр орсон байна.
Д.Түвшинтөр
Эх сурвалж: “Нийгмийн толь”
URL:













