Г.Хайдав: Би ирээдүйнхээ талаар боддог
Өдгөө 90 насыг зооглож буй Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, дуурийн дуучин Г.Хайдавтай ярилцлаа. Монголын дууны урлагт үнэтэй хувь нэмэр оруулж, шилдэг уран бүтээлчдийг бэлтгэсэн түүний амьдрал, уран бүтээлийн замналын тухай дэлгэцийн бүтээл хийхээр болжээ.
-Сайн байна уу, таны лагшин тунгалаг уу?
-Сайн. Миний ингэж яваа нь аав, ээжийнминь эрүүл бие, саруул ухаантай холбоотой. Би говийн хүн. Говьд төрсөн хүн бүх насаараа ган, зуд гэсэн байгалийн айхавтар давааг давдаг. Ер нь говийн хүмүүс их хаттай шүү. Тийм болохоор би “Миний нас харих болоогүй” байна гэжбоддог. Миний садан төрөл дунд 117 настай лам хүн байсан. Дээр нь уншиж судалсан номнуудаас хүн 300 наслах боломжтой гэснийг үзсэн учраас цаашид надад хийж бүтээх зүйл мөн ч олон байна даа.
-Сүүлийн үед таны амьдрал, уран бүтээлийн талаар кино хийнэ гэх мэдээлэл гарах болжээ. Энэ талаар хүмүүс танд дуулгав уу?
-Маш өндөр соёлтой Ц.Зандраа гэж киноны аугаа хүн байсан. Тэр хүн л амьд ахуйдаа миний урлагийн амьд- ралын тухай кино гаргана гээд бүх материалаа цуглуулсан ч бурхан болсон доо. Ц.Зандрааг бурхан болсноос хойш надад ганцаараа болчихсон мэт сэтгэгдэл төрөх болсон шүү. Энэ хүн бүх талаар надад үлгэр дуурайл болж байсан юм. Одоо түүний үйл хэргийг манай нутгийн хүн үргэлжлүүлэх гэж байгаагаа хэлсэн. Ажил болох болоогүй ч хэсэг хугацааны дараа миний уран бүтээлийн тухай кино гарах байх.
-Дууны урлагийн хөгжлийн талаар таниас асуумаар байна?
-Хүннүгээс улбаатай монгол уртын дуу дэлхийд үлгэр жишээ болсон гэж боддог хүн дээ, би. Тиймээс би өөрийгөө ээжийнхээ хэвлийд байхдаа л дуулж сурсан гэж боддог. Ямар сайндаа л дөнгөж хөлд оронгуутаа ээжийнхээ дуулсан дууг дуурайж гонгинож байхав дээ. Би найман настайдаа оросоор нэг ч үг хэлж мэдэхгүй мөртлөө анхны дуугаа сонсголоороо дуулж сурсан. Үүний талаар яагаад яриад байна вэ гэхээр монгол хүүхдийн сонсголын чадамж, авь- яасыг хэлэх гээд байгаа хэрэг. Дуулж чадахгүй монгол хүн байхгүй. Биднийг дуучин ард түмэн гэдэг биз дээ. Тиймээс монгол дуу уртын дуунаас гаралтай гээд байгаа юм. Дээр нь би ирээдүйнхээ талаар боддог. Тиймээс бүх зүйлийг гэгээлгээр хардаг. Түүн шиг хүмүүс ч гэсэн муу зүйлээс дайжиж, сайн сайхан руу тэмүүлэх хэрэгтэй. Ингэж байж монгол хүн өөдрөг явна гэж би шавь нар, хүмүүст захидаг.
-Дуулж чаддаггүй монгол хүн байдаггүй гэдэг ч энэ мэргэжлийг эзэмших нэг өөр хэрэг. Таны дуучин болсон түүх ч их сонирхолтой шүү дээ?
-Би өөрт тохиолдсон хөг- жилтэй зүйлийн талаар ярьж өгөх үү. Намайг дуучин болгосон хүн нь Төрийн шагналт, хөгжмийн зохиолч С.Гончигсумлаа юм шүү дээ. Энэ хүн намайг мэргэжил дээшлүүлэхээр Орост сурах гэж байхад урлагийн сургуульд элсэх санал тавьсан. Тухайн үед би дууны урлагийн талаар ямар ч мэдлэггүй байлаа. Орост сургуульд элсэхээр шалгалт өгөхдөө их хөгтэй явдал болсон. Надаас сонсголын шалгалт авахаар өнгө сонсгоход би “Дунд зэрэг л дуугарлаа” гэж хариулаад онигоо болж байсан юм. Тэгж хөглөсөн хэрнээ С.Гончигсумлаа багшийн зүтгэлээр би сургуульд орсон.
-Тэр сонголтын ачаар, хөдөлмөрийн үр шимээр та Монгол гэсэн нэрийг дуудуулж яваа олон дуучныг бэлтгэсэн?
-Миний шавь нараас “Хамаг Монгол” төслийг санаачлаад байгаа С.Жавхлан миний хамгийн хайртай шавь. Энэ хүн Монголдоо хайртай дуучин. Миний гарын шавь нар дэлхийгээр тарчихсан байна. Итали, Америк, Европын ор- нуудадч уранбүтээлээ хийгээд л явна. Дээр нь шавь нарын шавь дэлхийд нэрээ гаргалаа. Гэхдээ тэглээ гээд яахав дээ. Миний шавийг Гранпри аваад ирэхэд нь тоогоогүй, одоо хүртэл шагналыг нь өгөөгүй л байж байна. У.Далантай бол миний анхны шавь. Зарим дуучин хөдөлмөрөө зохих ёсоор нь үнэлүүлээд явахад У.Далантай одоо хүртэл авдаг хэдэн цалингаараа зүтгэж яваа. Энэ хүн яагаад ингэж хэлмэгдэх ёстойг мэдэхгүй юм.
-Зууны манлай дуучин Х.Уртнасан гуайг дуулах арга эвээ олохгүй явахад та олж авьяастайг нь олон түмэнд таниулсан гэдэг. Тэгэхээр дуучны авьяас илрэх цаг хугацаатай байдаг юм шиг?
-Дуучин хүний авьяас төрмөл байдаг. Харин төрмөл авьяасыг хүн хөдөлмөрөөрөө нээж илрүүлэх ёстой. Түүнээс биш хүн ганц авьяастай байлаа гээд урагш алхахгүй шүү. Х.Уртнасан бол авьяасаа хөдөлмөрөөрөө зүлгэсээр байгаад гарч ирсэн шавь нарын минь нэг дээ.
-Хоёулаа ярианы сэдвээ бага зэрэг өөрчлөх үү. Сүүлийн үед та юу хийж байна вэ. Тасалгааны ургамал их тарьдаг юм шиг санагдлаа?
-Би завгүй хүн шүү. Одоо хүртэл хүмүүст тусалсан хэвээрээ. Зарим багш надаас мэдэхгүй зүйлийнхээ талаар асуудаг л юм. Гэхдээ үүний хажуугаар хийж дадсан зүйлээ хийлгүй яахав. Түүний нэг нь цэцэг тарих. Анх миний гэргий гэртээ 50-аад цэцэг тарьж ургуулж байлаа. Гэргий маань орос хүн байсан юм шүү дээ. Тэрхүнургамлаацэцэглүүлээд түүнийг Ю.Цэдэнбалын гэр- гий Анастасия Филатова “Ямар олон цэцэгтэй юм бэ. Хэн ингэж олон цэцэг тариад байна” гэдэг байв. Тэр цэцгийн зарим нь манай нөхцөлд ургадаггүй.
-Түрүүнээс хойш та надад нэг зүйл харуулах гээд хайгаад байх шиг байна. Юу хайгаад байна аа?
-Гярхай ажиглажээ. Энэ тэмдэглэлийн дэвтрийг үзүү- лэх гэсэн юм. Би тэмдэглэлээ зургаан настай зодуулж бай- гаад сурсан худам монгол бичгээрээ хөтөлдөг. Өдрийн тэмдэглэл бичихгүй үе надад байхгүй. Сүүлд нь надад хэрэг болдог юм. Бас ажлаа ч төлөвлөчихдөг.
-Хэдэн жил худам монгол бичгээр бичгээр өдрийн тэмдэглэл хөтөлж байна вэ?
-Манай нутгийн хүн олон жилийн өмнө “Өөрийнхөө дурсгалыг бич” гэж тэмдэглэлийн дэвтэр өгснөөс хойш өнөөдрийг хүртэл бичиж байна даа. Гэтэл тухайн үед бичсэн тэмдэглэлийн дэвтрээ алга болгочихжээ.
-“Г.Хайдав багшийн шавь болъё” гээд хүмүүс ирэх юм уу?
-Ирнэ. Зарим нь асуугаад, заалгаад явдаг. Гэхдээ би тэгж ирсэн хүмүүсээс нэг ч удаа шан харамж авч байгаагүй. Харин юм болгоныг мөнгөөр хийдэг болсон цагаас хойш энэ талаар анхаарч байна. Миний шавь нар нэг удаагийн дууг хэдэн саяар дуулдаг гэсэн. Би тэднийгээ тэгж дуулдаг эсэхийг мэдэхгүй юм. Харин сонин болгож хэлэхэд, Л.Цогзолмаа бид хоёр хам- гийн дээд тал нь 50 мянган төгрөгөөр дуулж үзсэн.
-Хамгийн сүүлд хэдэн онд 50 мянган төгрөг авсан бэ?-Өнгөрсөн жил. Гэхдээ тэрнээс өмнө дуулаад нэг ч удаа мөнгө авч байгаагүй юм шүү. Тэгээд түүнээс хойш Л.Цогзолмаа бид хоёр ярилцаад мөнгө авахгүй байхаар шийдсэн. Биднийг дуулахад халуун алга ташилтаар мялааж байгаа нь бидний хувьд томоохон шагнал болно.
-Таны хадгалдаг байсан пянз тоглуулагч, пянзнууд одоо бий юү?
-Бараг бүгд алга болсон. Ганцхан пянз үлдсэн нь одоо хүүхдүүдийн гэрт байгаа байх. Уг нь 400 гаруй пянз байсан юм шүү дээ.
-Бидний ярилцлага ихэвчлэн өнгөрсөн цагийн талаар өрнөлөө. Харин одоо таниас ирээдүйд хийж бүтээе гэж бодож байгаа зүйлийн тань тухай асууж ярилцлагаа өндөрлөе?
-Би өөрийгөө үргэлж голж явдаг. Миний хүрсэн болгон дутуу байна гэж боддог. Гэхдээ бурхан “Төгс төгөлдөр юм байхгүй” гэж хэлсэн. Тийм учраас мөрөөдөл байж л байг. Мөрөөдөхөд мөнгө төлөхгүй гэдэг шиг мөнх насална гэж боддог хүн байвал байж л байг. Харин одоо өмнө нь гүйцээж чадаагүй ажлаа яавал дуусгаж чадах бол гэж бодох болж. Би ирээдүйгээ бодно. Хүн мөнхөрч болдог бол мөнхрөхийг бодно.
Б.Сэлэнгэ
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин
URL:





