Улсын заан Ц.Баярсайханд холбогдох хэргийг анхан шатны шүүх рүү буцаажээ
Төв аймгийн Баян-Өнжүүл сумын уугуул, Улсын заан Ц.Баярсайханд холбогдох шүүх хурал өнгөрсөн нэгдүгээр сарын 04-нд Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхэд болж түүнд чанга дэглэмтэй хорих ангид 11 жил хоригдох шийдвэрийг шүүх бүрэлдэхүүн гаргасан билээ.
Ц.Баярсайханд Эрүүгийн хуулийн 148,4-өөр хэрэг үүсгэн шалгасан бөгөөд бусдын эд хөрөнгийг хууран мэхлэх замаар залилсан хэмээн ийнхүү буруутгаж, хоёр сая төгрөгийг хураан авах шийдвэрийг гаргасан билээ. Харин шүүхийн шийдвэрийг эсэргүүцсэн тэрбээр, өмгөөлөгчийн хамт өнөөдөр давж заалдсан юм. Давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг анхан шатны шүүх руу буцаажээ.
Энэ талаар шүүхийн эх сурвалжаас тодруулахад “Шүүх хурал нь болсон. Анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэх шаардлагатай гэж үзэж хавтаст хэргийг буцаасан байгаа” гэв. Ц.Баярсайхан заан аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүнээс нийт 500 сая төгрөгийг “Мах импекс” компанитай гэрээ хийсэн мэтээр хуурамч бичиг баримт үзүүлэн мэхлэн авсан нь мөрдөн байцаалтаар тогтоогдоод байдаг. Ингээд шүүхэд очоод хэрэг нь шийдэгдэхгүй хойшилж байх үед Ц.Баярсайханд холбогдох залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй үйлдэл дахин гарч иржээ. Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгаж, тус дүүргийн Прокурорын газарт хянаж байсан бусдын 50 сая төгрөгийг залилан мэхэлж авсан гэх үйлдэл хэрэг дээр нь нэмэгдсэн юм байна. Хамгийн гол нь хохирогч болсон хүнийхээ хохирлыг бүрэн барагдуулж чадахгүй явсаар байгаад ийнхүү шүүхийн хаалга татсан ажээ.
О.Сайхан
URL:





