Ялагдсан нам л шинэчлэл ярьдаг болохоор үр дүн ТЭГ ХУВЬ
Э.Гэрэлт-Од: Ялагдсан нам л шинэчлэл ярьдаг болохоор үр дүн гарахгүй байна.
АН-ын Шинэчлэлийн хорооноос улс төрийн намуудын дотоод ардчилал, санхүүжилт, бодлогын тулгамдсан асуудлууд, чиг хандлага, шийдлийг хөгжүүлэх зорилгоор “Монголын улс төрийн нам-шинэчлэл шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа. Өчигдөр болсон уг хурал СЕХ-ны байранд болсон бөгөөд улс төр судлаачид, эрдэмтэд болон намуудын төлөөлөл оролцсон юм.
Эрдэм шинжилгээний хурлын хүрээнд оролцогч эрдэмтэн, судлаачид улс төрийн намын дотоод ардчилал, Монголын улс төрийн намын шинэчлэл, санхүүжилт, дэлхийн чиг хандлага зэрэг чухал сэдвийг хөндөн ярилцсан юм. Олон хүн Монголын улс төрийн намууд шинэчлэгдэж, зоригтой шийдвэр гаргаж чаддаггүй хэмээн шүүмжилж, санал бодлоо илэрхийлсэн. Мөн шинэчлэлийг хэрхэн хийх, яагаад шинэчлэгдэж чадахгүй байгааг дүгнэлээ.
Энэ үеэр зарим эрдэмтэн, оролцогчдын байр суурь, санал бодлыг сонирхсон юм.
“Улс төрийн намууд шинэ хууль гаргахыг хүсэхгүй байна”
МУБИС-ийн багш, улс төр судлаач, доктор Э.Гэрэлт-Од: -Сонгуульд ялагдаж, эрх мэдлээс хасагдах бүртээ улс төрийн намууд шинэчлэлийн тухай асуудлыг хөндөж, ярьж эхэлдэг. Гэхдээ түүнийг хэрхэн үр дүнд хүргэх, цаашид хэрхэн хэрэгжүүлэх тал дээр намууд ялгаатай байсаар байна. 26 жилийн хугацаанд Монголын улс төрийн намууд яагаад шинэчлэгдэж чадаагүйг, хэд хэдэн зүйлээр илэрхийлж болно. Нэгдүгээрт, намуудын бодлого, үйл ажиллагаа нь тодорхойгүй байдаг. Мөн ард түмэнд амласан амлалтаа биелүүлдэггүй, шударга өрсөлдөөн байдаггүйгээс гадна боловсон хүчнээ бэлдэхгүй байна. Түүнээс гадна манай эрх зүйн орчин маш сул байна. Хамгийн сүүлд 2005 онд Намуудын тухай хуулийг баталсан ч огт хэрэгжүүлээгүй. Бэлэгдлийн төдий хууль гэж хэлж болно.
2016 оны эхээр Намуудын тухай хуулийн шинэчилсэн найруулга өргөн баригдсан ч түүнийг хүлээж аваагүй. Үүнээс харахад улс төрийн намууд шинэ хууль гаргахыг хүсэхгүй байна. Хууль эрх зүйн орчноо сайжруулж, хариуцлагын тогтолцоог бий болгохгүй бол намын шинэчлэл ярих хэцүү. Нам доторх мөнгө болон бүлгийн нөлөө их байна. Фракцгүй нам гэж юу байхав. Гэхдээ намын дотоод ардчилал маш муу байгаа нь харагдсаар байна. Тэгэхээр маш сайн хууль, эрх зүйн орчинг бий болгох хэрэгтэй. Тэгвэл хуулийн төсөлд ямар зүйл заалтыг хийх ёстой вэ. Юун түрүүнд нам дотоод ардчилалтай байх ёстой гэсэн заалтыг хэрэгжүүлэх хэрэгтэй. Ил тод байх хэрэгтэй. Мөн сонгуульд нэр дэвшигчийг хэрхэн тодруулах асуудлыг тодорхой болгох шаардлагатай юм. Манай улсын намууд нэр дэвшигчээ яаж тодруулдгийг бид мэднэ. Өөрийнхөө хүнийг, фракцийн төлөөллийг эсвэл мөнгөтэй нэгнийг нэр дэвшүүлдэг. Үүнийг өөрчилж, болж өгвөл нэр дэвшигчийг тухайн тойргийн иргэд, сонгогчдоос санал асууж тодруулдаг байвал оновчтой. Санхүүжилтийг мөн ил тод болгох хэрэгтэй. Харин эцэст нь улс төрийн намд хүлээлгэх хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох, хэрэгжүүлэх шаардлагатай байна.
“Намуудад төрөөс өгөх санхүүжилтийг нэмэгдүүлэх хэрэгтэй”
Улс төрийн коммуникацийн гүйцэтгэх захирал, доктор, дэд профессор Ц.Мөнхцэцэг: -Ардчилал, Сонгуулийн туслалцааны Олон улсын хүрээлэнгийн судалгаанаас үзэхэд дэлхийн улс орнуудад намын санхүүжилтэд төрөөс үзүүлэх санхүүжилт голлох байр суурь эзлэх хандлагатай байна. Жишээлбэл, Германд 1959, Шведэд 1965, Италид 1974, Испанид 1979 оноос нэвтэрсэн төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх чиг хандлага шинээр ардчилалд шилжиж буй Төв, Зүүн Европын орнуудад өргөн тархаж байна. Мөн Авлигын эсрэг улсуудын бүлгийн судалгаагаар Хорват, Грек, Бельги, Польш, Испани зэрэг улсын намын санхүүжилтын 80 хувийг төрийн санхүүжилт бүрдүүлдэг юм. Харин Монголд улс төрийн намын санхүүжилтийн ямар хэлбэр тохирох вэ. Манай улс Ерөнхийлөгчийн засаглалтай улсуудаас ихээхэн ялгаатай учраас улс төрийн үйл явцад намууд онцгой үүрэг гүйцэтгэдэг, намуудыг төрөөс шууд ба шууд бусаар хөхүүлэн дэмждэг санхүүжилтийн механизмыг нутагшуулах нь тохиромжтой. Төрийн шууд санхүүжилт хийх гол шалгуур нь парламентад эзлэх суудал болон сонгуульд авсан саналын хувь хэмжээг харгалзах явдал юм. Намын тогтолцоо сайн бэхжээгүй байгаагийн хувьд улс төрийн намын санхүүжилтийн талаарх бодлого нь намын тогтолцоогоо дэмжих тал дээр түлхүү анхаарах нь хяналт, зохицуулалтыг чангатгахаасаа илүү чухал байх магадлалтай. Намыг төрөөс санхүүжүүлснээр улс төр дэх бизнесийн бүлгүүдийн нөлөөг багасгана. Энэ тал дээр АНУ-ын Үндэсний ардчилсан хүрээлэнгээс хөгжиж буй 22 оронд хийсэн судалгаанд улс төрийн намуудад төрөөс олгож буй санхүүжилт нь улс төрийн авлигыг амжилттай шийдвэрлэхэд чухал үүрэгтэйг дурдсан байна. Мөн намуудад өрсөлдөөний ижил нөхцөл бий болох юм.
“АН бодлогын нам болж өөрчлөгдөнө”
АН-ын Шинэчлэлийн хорооны гишүүн П.Галиндэв: -Сонгуулийн дүнтэй холбоотой гэхээс илүү улс төрийн намууд үргэлж шинэчлэгдэж байх ёстой. Улс төрийн намын гол үүрэг бол улс орноо бодлогын төвшинд хөгжүүлэх асуудалд манлайлж оролцох явдал. Тийм учраас намууд өөрсдөө ил тод, тодорхой бодлоготой байх ёстой юм. Зөвхөн АН гэлтгүй Монголын улс төрийн намуудад тогтвортой хөгжлийн бодлоготой байх үйл явц үгүйлэгдэж байна. Тиймээс шинэчлэлийн асуудалд бусад намаасаа түрүүлж АН анхаарч эхэллээ. АН-ын шинэчлэх асуудлыг хариуцсан ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсэг шинэчлэлийн асуудлаар эрдэмтэн, судлаачдын үгийг сонсохоос ажлаа эхэлж байна. Манай нам цаашид бодлогын нам болж өөрчлөгдөнө. Тогтвортой хөгжлийг Монгол Улсад авчрах асуудлаар бусад намуудад үлгэр дууриалал болох болно. Судлаачдын үгийг сонсохоос гадна намын жирийн гишүүд, дэмжигчидтэйгээ уулзаж, шинэчлэлийн асуудлаар санал, бодлоо солилцох юм. Мөн намуудын шинэчлэлийн асуудлаар тодорхой судалгаа хийх төлөвлөгөө гаргаад ажиллаж байна. Ойрын хугацаанд АН-ын шинэчлэл бодит ажил болж хэрэгжих ёстой.
“АН үхмэл байдалд ороод байна”
Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооны тэргүүн Т.Хасбаатар: -Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбоо 2009 оноос АН-ын их хурлыг хуралдуулахыг болон намын дүрмийн хүрээнд дотоод ардчиллыг амьд байлгах талаар удаа дараа шаардаж ирсэн. Харамсалтай нь тухайн үеийн удирдлагууд намын дүрмийг хэрэгжүүлээгүйгээс болж улс төрийн намынхаа хувьд үхмэл байдалд ороод байна. Тийм учраас Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбоо намын ҮЗХ-г огцрохыг шаардаж байгаа. Бид хойшид ардчиллын үнэт зүйлийг бэхжүүлж, ардчиллын үнэт зүйлийг тээж явдаг хөрсийг сайжруулахын тулд ажилласаар байна. Нэн яаралтай шинэчлэлийг, ардчиллыг бэхжүүлэхгүй бол 70 жилийн турш коммунизмын үзэл суртал идэгдсэн нийгмийг буцаж байгуулах гэж байгаа юм шиг дүр зургийг одоогийн нийгэмд бий болгочихлоо. Бид ухарч болохгүй.
Нийгмийн ухралт бол аливаа асуудлын гол мөн чанарыг эвдэж, эрүүл орчинг бий болгоход маш том саад бий болгодог. Намын дэргэд олон байгууллага байгуулагдсан. Ялангуяа Ардчилсан хүчний холбоо зэрэг нь намтай зэрэгцэж үйл ажиллагаа эхлүүлснээс болж хямралд хүргэж байна. Аль нэг фракцийг хүчтэй байлгах явцуу хүрээгээр АН-ын дүрмийн үйлчлэлүүд хязгаарлагдмал болсон. Ийм байдалд хүргэсэн хүмүүст хариуцлага хүлээлгэх ёстой. Ардчиллын дуу хоолойг идэвхтэй байлгаж, дүрмийн хүрээнд үг хэлсэн нөхдөө гадуурхаж, ад үзэж ардчилалгүй болгох үндсийг тавьсан хүмүүс шүү дээ.
Г.Ням /АРДЫН ЭРХ/
URL:













