Чин ван М.Ханддорж гэж хэн байв
-Үндэсний тусгаар тогтнолын 99 жилийн ойд-
Монголын түүхэнд Чин ван М.Ханддорж гэдэг хүний нэр том байр суурийг эзэлдэг. Энэ нэр өнгөрсөн зууны туршид үзэл суртлын нөлөөнд дарагдсаар жинхэнэ утгаараа хойч үедээ төдийлөн танигдалгүй явж ирсэн нь харамсалтай. Тэгэхдээ сайн нэрийг дарав ч дардайна, булав ч бултайна гэдгээр энэ хүн Монголын хувьсгалчдын нөлөө бүхий том хүний нэг гэдгийг түүх тодотгосоор байгаа билээ.
Монголчууд бид баяр тэмдэглэх дуртай. Өнгөрсөн сарын 26-нд улс тунхагласны, үндсэн хуулийн гээд аль нь мэдэгдэхгүй баяр тэмдэглэсэн. Тэгэхнээ хамгийн тэмдэглэвэл зохих баяр нь 12 сарын 29- ний Бүгд найрамдах улсаа тунхагласны түүхэн өдөрт ач холбогдол өгч тэмдэглэж баймаар. Хаа хамаагүй Христийн баяр тэмдэглэж байснаас ч илүү юм гэдгийг мэдэж авууштай юм.
Манай улсад дипломат алба үүссэний 100 жилийн ой тохиож байна. 1911 оны үндэсний хувьсгалын удирдагчийн нэг Монгол улсын гадаад харилцааны ууган сайд Эрдэнэ дайчин, хошой чин ван Мижиддоржийн Ханддоржийн мэндэлсний 141 жилийн ой болж байгаа билээ.
Манай улсын гадаад харилцааны түүх энэ хүнтэй салшгүй холбоотой гэж үздэг. XX зууны эхэн үед харийхны эрхшээлд хоосорч хоцрогдож, ядарч туйлдсан Монголчуудыг Америкийн инданчуудын хувь заяа хүлээж байсантай адилхан байсан гэж хэлж болно. Ийм хүнд үед эдүгээгийн туурга тусгаар Монгол орноо сэргээх эхлэлийг тавьж, нөр их үйл хэргийн ачааны хүндийг үүрсэн хүн бол М.Ханддорж байжээ.
Тэрээр хүүгээ нөлөө бүхий том хүнийг дагалдуулан ном үзүүлэхээр явуулахад нь манжийн хаад хүүг нь хороож толгойг нь хатаачихсан ирүүлэхэд ихэд хилэгнэн “Жагар түвдийн орноос ширээний лам залахгүй, Жачхүүгийн даваанаас нааш шаахайны мөр гаргахгүй” гэж уурсаж байсан гэдэг.
Монгол орноо тусгаар улс болгохын төлөө эх оронч нөлөө бүхий хаад ноёдтойгоо сэм хуйвалдан Шажин хурах, Төр хурахын аманд үзэл бодлоо солилцдог байсан нь өнөөдөр ч Богд хаан уулын хоёр ам бодит түүхийн гэрч болон үлджээ.
Манай улсын гадаад харилцааны ууган сайдын хувьд гадаад харилцааны алтан аргамжийг таталцаж, орчин цагийн олон улсын харилцааны үндсийг тавьсан томоохон зүтгэлтэн юм. Тэрээр Монголынхоо төлөө амь нас, гэр бүл, үр хүүхдээрээ дэнчин тавьж, болохоос нь болохгүйд хүртэл зүтгэсэн цогт эх оронч хүн байжээ.
М.Ханддорж шинэ тулгар улсаа хөгжүүлэхэд олон чухал зүйлийг сэдэн бүтээжээ. Тухайлбал 1912-1913 оны заагаар манай төлөөлөгчдийг тэргүүлэн Хаант орос улсад очиж Монгол туургатныг нэгэн улс гэр болгохын төлөө улс төр дипломатын аргаар хүчин зүтгэсэн байдаг.
Мөн түүний санаачилгаар 1912 оны гуравдугаар сард 47 сурагчидтай орчин цагийн анхны бага сургуулийг байгуулсан түүхтэй. Түүнчлэн орос улсаас хэвлэлийн машин, үсгийн хэв захиалан авчирч гадаад яамны дэргэд хорголжин барын жижиг хэвлэх үйлдвэр байгуулсан удаатай. Үүгээр манай улсад анх удаа тогтмол сонин, сэтгүүл хэвлэдэг болсон түүхтэй юм.
М.Ханддорж анх Богд хаантай тохиролцон халхын дөрвөн аймаг, шавь тавыг уриалснаар Өндөр Жанрайсэгийн сүм, бурханыг 1911-1913 оны хооронд байгуулсан гавъяатай билээ.
Өөрийн төрөлх Дайчин вангийн хүрээг уран барилгын цогцолбор, өвөрмөц чамин соёлын дурсгалт зүйлээр дүүрэн байлгах талаар олон зүйлийг санаачилсан зэргийг онцлон дурьдаж болно. Ийм ч учраас Богд хаан зарлиг гаргаж 1913 онд “Сайныг удирдагч” цолоор шагнасан байдаг.
Чин ван М.Ханддорж Улс үндсээ харийн дарлалаас чөлөөлөх үйл хэрэг, тулгар төрийн бодлого, үйл ажиллагаанд дайчин зоригтой байдал, ухаалаг чанар, сэтгэлийн хатамжаар үлгэр жишээ үзүүлж чадсан Чингис хааны удмын хат сайт төрийн түшээ байсныг өнөөдөр түүхийн бодит гэрчээр ил тод танилцуулж байгаа нь бахархууштай.
Он цаг алслан холдох тусам энэ хүний нэр төр, үйл хэрэг улам тодорсоор байна. М.Ханддорж нь 1911 оны үндэсний хувьсгалын хошуучлагч байсан бөгөөд түүний гадаад бодлогын чиг шугам, үзэл баримтлал эдүгээ жинхэнэ утгаараа хэрэгжиж Монгол улсын хөгжилд ихээхэн нөлөө үзүүлсээр ирснийг хойч үедээ таниулах хэрэгтэй юм.
Түүхэнд Монголын үе үеийн ноёд дээдсүүд эх оронч, эрэмгий зоригтой байсныхаа төлөө харийнхны гар хөлөөр хөнөөгдсөн байдаг. М.Ханддорж мөн л зүй бусаар учир битүүлэг нас нөгчсөн билээ. Энэ хүний Монгол орныхоо төлөө зүтгэж явсан үйл хэрэг, бүтээсэн гавъяа бусдаас үнэтэйг түүх улам тодруулсаар байна.
Н.Сүрэн
URL:




