М.Оюунчимэг: Хүүхэд харах үйлчилгээ халамж биш
УИХ-ын гишүүн М. Оюунчимэгтэй ярилцлаа.
-Та Ерөнхий сайдад сургууль, цэцэрлэгийн хүрэлцээний талаар асуулга тавьж байсан. Үүнтэй ч холбоотойгоор хүүхэд харах үйлчилгээ үргэлжлэхээр болж байх шиг байна?
-Би наймдугаар сарьш эхээр сургууль, цэцэрлэгийн хүртээмж, хүүхэд харах үйлчилгээний цаашдын зорилт гэсэн цогц асуудлаар Ерөнхий сайдад асуулга тавьж хариултаа яг 2017 оны төсөв, үндсэн чиглэл хэлэлцэж байх энэ үед УИХ дээр авсан нь маш зөв боллоо. Миний асуулгын үр дүн ч гарч байна. Засгийн газар ч нилээд сайн судалж үзсэн байна. Хариулт авах явцад БСШУС-ын сайд Ж.Батсуурь “Гишүүний асуултын дагуу бид шаардлагатай арга хэмжээнүүдийг авч байна.
Цэцэрлэгийн хүртээмж ялангуяа захын гэр хорооллуудад амаргүй байгаа. Тиймээс төвийн хорооллуудын орон сууц, яам, тамгын газруудын нэг давхрьгг зориулалтын ёсоор нь янзлаад цэцэрлэг болгох ажлыг эхлүүлсэн. Ингээд тодорхой хэмжээний төсөв эндээс хэмнэгдсэн. Түүгээр нь цэцэрлэг барих, санхүүжилт хүлээгдэж цэцэрлэгүүдийн асуудлыг шийдээд дуусгах боломжийг зохицуулалтаар хийж байна. Ямар ч байсан 2017 онд 72 цэцэрлэг барих үндэс суурийг тавина. Тэгээд энэ дөрвөн жилдээ цэцэрлэгийн хүртээмжгүй байна гэдэг асуудлыг дуусгавар болгоно” гзж амалсан. Энэ амлалтыг хэрэгжүүлэхийг шаардаж ажиллана.
-Хүүхэд харах үйлчилгээнд зориулж ирэх оны төсөвт 5.8 тэрбум төгрөг суулгасан байсан. Энэ хэр хүрэлцээтэй бол?
-Хувилбарт цэцэрлэг гээд хуулинд байдаг шүү дээ. Түүнд хүүхэд харах үйлчилгээ багтана. Цэцэрлэгийн хүртээмж, хангамж муу байгаа энэ үед би УИХ-ын гишүүн бас эмэгтэй хүний хувьд “Хүүхэд харах үйлчилгээг цааш нь үргэлжлүүлэх нь зүйтэй. Энэ хуулийг хойшлуулж болохгүй” гэж анх УИХ-ын чуулганаар Хүүхэд харах үйлчилгээтэй холбоотой асуудлыг хойшлуулах үеэр эсэргүүцэж байр сууриа намын бүлэг, байнгын хороо, УИХ-ын чуулган хэлж байсан. Бусад гишүүддээ ч уриалсан.
Ингээд 2016 оны төсвийн тодоттолоор хойшлогдсон боловч сая орж ирээд Хүүхэд харах үйлчилгээ маань үргэлжлээд явахаар болж байна. Ирэх оны төсөвт үүнд зориулж 5.8 тэрбум төгрөг тавьж байгаа. Энэ бол хангалтгай мөнгө биш. Одоо нэг багшид таван хүүхэд гэж байгаа шүү дээ. Хэдийгээр нэг багшид таван хүүхэд гэж байгаа ч бодит байдал дээр очоод үзэхэд илүү олон хүүхэд байгаа. Тиймээс бид Хүүхэд харах үйлчилгээний төсвийг дараагийн удаа жаахан нэмэх хэрэгтэй. Гэхдээ бас нэмэхтэй холбоотой шийдэх асуудлууд байна л даа.
-Тэр нь?
-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Хүүхэд харах үйлчилгээний 29 нэгжид шалгалт хийхэд өөрийн өмчийн 11, түрээсийн 13, зээлийн нэг, орон нутгийн өмчийн дөрвөн байранд үйл ажиллагаа явуулж байна. Сайн тал нь зарим нь гадаад тохижилт зэргээ төрийн цэцэрлэгээс илүү сайхан хийчихсэн байдаг. Гэртэй нь ойролцоо байдаг учраас эцэг, эхчүүдэд ч таалагдаж байна. Дутагдал нь шалгалтаар хүүхдийн аюулгүй байдлыг хангах ямар ч камержуулалт байхгүй байна гэж байгаа. Мөн зарим газар эрүүл ахуйн наад захын шаардлагыг хангахгүй байгаа юм. Тиймээс үүнд тавих шаардлага, стандартыг жаахан өндөрсгөх хэрэгтэй. Гэхдээ төрийн өмчийн цэцэрлэгүүдээс өндөр стандарт тавьчихвал яаж хэрэгжүүлэх ю гэсэн шүүмжлэл бий. Ийм учраас Сургуулийн өмнөх боловсролын хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж ирж энэ асуудлыг ирэх онд цогцоор нь шийдье гэж байгаа. Түүнчлэн 2017 оны төсөвт суулгасан 5.8 тэрбум төгрөг нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын багцад ороод явчихлаа. Цаашдаа энд сургуулийн өмнөх боловсролын асуудал яригдаж байгаа учраас БСШУСЯ үүнийгээ хариуцаад явах ёстой л гэж бид харж байгаа. БСШУСЯ руу шилжүүлсэн ч ХНХЯ, ЭМЯ-тай яаж уялдаа холбоотойгоор нь хөгжүүлэх вэ гэж цогцоор нь шийдэхээр болсон.
-Шалгалтаар камержуулалт болоод эрүүл ахуйн зөрчил нэлээд илэрсэн гээд байгаа. Тэгэхээр Хүүхэд харах үйлчилгээ цаашдаа хумигдах болов уу?
-Би хумигдана гэж харахгүй байна. Учир нь энэ олон ажлын байр бий болгож байгаа. Хүүхдээ хотын нэг захаас нөгөө зах руу зөөдөг хүмүүсийн ажлыг хөнгөвчилж байна. Өнөөдөр хүмүүсийн цалин хөлс ямар байгаа билээ. Үүн дээр автобус унааны зардал гээд өчнөөн зүйл гарна. Тэгэхээр Хүүхэд харах үйлчилгээ өөрөө олон асуудлыг давхар шийдчихэж байна. Энэ тохиолдолд Хүүхэд харах үйлчилгээг дэмжээд хяналтаа сайн тавиад явах нь зүйтэй гэж бодож байгаа. Төсвийг нь ч бас тодорхой хувиар нэмэх хэрэгтэй. Гэхдээ хуулийг нь тодорхой болгохгүй бол одоо хоёр яамны дундын юм болчихоод байна шүү дээ. Тиймээс эд нарыг нь эхлээд шийдчихье. Энэ үйлчилгээг хумихгүй цаашаа явах ёстой. Гэхдээ аюулгүй орчин, камержуулалт заавал байх ёстой гэдэг стандартуудыг нь чанга тавьж өгөөд тэрийг биелүүлээгүй бол хаадаг, биелүүлсэн бол дэмжээд хүрээг нь өргөжүүлээд, анги нээх боломжтойд нь анги нээх зөвшөөрлийг нь өгөөд явах боломжтой гэж бид харж байгаа.
-Хүүхэд харах үйлчилгээг үргэлжлүүлэх, насны хишиг олгохоор болсон гэхээр өмнө нь бүсээ чангалъя, хэмнэе гэж байсан зүйлсээсээ буцаад халамжийн шинжтэй ажлууд үргэлжлээд байна гэдэг шүүмжлэл гарч байгаа? -
Төсөв хүндэрсэн биш бүр хямарсан байгааг хүн бүхэн харж байна шүү дээ. Бид хасах балансдаа орчихсон байна. Дотоодын бизнесийн өрийн хэмжээ зах зээлээсээ хоёр дахин их болчихсон байна. Тоонуудыг харахад эдийн засаг маань үнэхээр уналтад байгаа юм. Энэ тохиолдолд бид нэг талаараа мөнгө олох үйлдвэрүүдийг ашиглалтад оруулах, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийнхээ зах зээлийг тэлэх, одоо байгаа ажлын байраа хадгалах арга хэмжээнүүдийг зайлшгүй хийх хэрэгтэй. Энэ талаас нь харвал өөрийн чинь ярьж байгаа бол халамж руу мөнгө зарцуулаад байхаар улс орны эдийн засаг хямарчихсан байхад яах юм бэ гэсэн асуулт гарцаагүй зөв. Гэхдээ би жишээ нь халамж гэдэгт Хүүхэд харах үйлчилгээ орохгүй гэж бодож байгаа. Тэнд ажлын байр бий болж байна. Энэ бол сургуулийн өмнөх боловсролын системийн нэг хэлбэр юм. Манайх үүнийг цогцоор нь зөв шийдэхийн оронд аль нэг намын өмч юм биш, нөгөө хэсэг нь дургүйцээд байгаа мэт байдалтай явчихсан. Тэгэхээр энэ бол халамж биш. Энэ бол төрийн үйлчилгээ юм. Харин насны хишгийн тухайд бол өнөөдөр тэтгэвэр, цалин огт нэмэгдээгүй байна. Ийм үед ядахдаа зөвхөн ахмад буурлууддаа тодорхой хэмжээгээр насны хишиг өгч яагаад болдоггүй юм бэ гэсэн асуудал оруулж ирж байгаа. Харин хавтгайрсан халамж биш замбараагүй зарцуулалтыг бид хянах хэрэгтэй байгаа. Төрийн өмчит үйлдвэрүүдийн санхүүгийн замбараагүй байдыг цэгцлэх хэрэгтэй. Санхүүгийн замбараагүй байдал төрийн өмчит компаниуд, яам тамгын газруудад байна. Зарим газраас төсвийг нь хэд дахин танах боломж ч харагдаж байгаа юм. Тэрийгээ таная. Харин шаардлагатай байгаа халамж, үйлчилгээндээ зарцуулах ёстой зүйлийг зарцуулаад явчихья гэсэн байр суурийг би хувь гишүүний зүгээс барьж байгаа.
-Та аж ахуйн нэгжүүдээ дэмжих, одоо байгаа ажлын байраа хадгалах нь зайлшгүй шаардлагатай байгаа гэлээ. Засгийн газраас дөрвөн төрлийн аж ахуйн нэгжийн орлого жилийн 1.5 тэрбумаас бага бол татварыг 90 хүртэлх хувиар хөнгөлөх санал УИХ-д оруулсан нь буцаагдаад байна. Үүнд хэвлэл мэдээллийн байгууллагыг хамруулах ёстой гэж та хамгийн түрүүнд асуудал тавьж ярьсан хүн. Энэ талаар байр сууриа илэрхийлэхгүй юу?
-Борлуулалтын орлого нь 1.5 тэрбумаас ихгүй аж ахуйн нэгжүүд, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг бууруулья гэж бид анхнаасаа мөрийн хөтөлбөртөө тусгаад явж байгаа. Энэ бол иргэдийн амьдрал амаргүй үед олон ажлын байрыг бий болгож буй жижиг, дунд бизнесийг татвараар дэмжих бодлого шүү дээ. Сая Засгийн газраас барилга, газар тариалан, нэхмэл, хүнс гээд дөрвөн салбар гээд оруулж ирсэн. Гэтэл газар тариалан, барилгын салбар бол жил болгон татвар авдаг. Тэгэхээр бид эдийн засаг амаргүй байгаа энэ үед жил болгон татаас авдаг энэ салбаруудыг оруулаад ирэх шаардлага байгаа юм уу. Яг жижиг, дунд бизнес эрхэлж олон ажлын байр хадгалж байгаа хэсгээ оруулах нь зүйтэй шүү дээ. Үүнийгээ цогцоор нь шийд гэж асуудал тавьсан. Би энэ хуулийн төслөө Засгийн газар татаж ав гэдэг саналыг УИХ дээр гаргасан юм. Гишүүд ч үүнийг дэмжсэн. Яагаад гэвэл яг ингээд УИХ дээр ороод ирэнгүүт хүн болгон өөр өөрийн салбараа оруулах гээд эхэлсэн. Зарим бизнесийн салбараас орж ирсэн гишүүд өөрсдийн салбарыг оруулах лобби хүртэл явуулаад эхэлж байгаа юм. Гэтэл бид борлуулалтын орлого нь 1.5 тэрбумаас ихгүй жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлж байгаа олон хүнийг хамарсан тэр салбар руугаа чиглүүлье гэсэн бодлого барьж байгаа учраас Засгийн газар татаж авсан. Миний бодлоор хэвлэл мэдээллийн салбар борлуулалтын орлого нь жилийн 1.5 тэрбумаас ихгүй гэдэг энэ стандартад таараад байгаа юм. Мөн энэ салбар маш олон хүнийг ажлын байраар хангадаг шүү дээ. Дээрээс нь бид энэ оюуныхаа салбарыг маш их дэмжих хэрэгтэй. Миний хувьд нийгмийн түүчээ болж оюуны хувьсгал хийдэг энэ салбар бол заавал орох ёстой гэж бодож байна. Засгийн газар саналаа буцааж оруулж ирэхдээ салбарууд дотор хэвлэлийн салбарыг оруулах нь зүйтэй гэж харж байгаа. Мөн энд ганц хэвлэл биш үйлчилгээний салбар олон хүнийг ажлын байраар хангадаг. Засгийн газар саналаа буцааж оруулж ирэхдээ цогцоор нь оруулж ирнэ гэж байгаа учраас харъя. Ямар ч байсан үүрэг, чиглэл өгсөн.
-Хэрэв өргөн утгаар олон салбарыг татварын хөнгөлөлтөд хамруулбал улсын төсөвт ирэх татварын орлого буурна гэж Д.Тэрбишдагва гишүүн чуулганы хуралдаан дээр шүүмжилж байсан?
-Энэ бол 90 тэрбум төгрөгийн асуудал юм билээ. Үүнийг өөр зохицуулалтаар нөхөх боломж байгаа. Угаасаа борлуулалтын орлого нь 1.5 тэрбумаас ихгүй аж ахуйн нэгжүүд, хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсээс орж байгаа татварын орлого тийм ч өндөр биш шүү дээ. Үүн дээр зохицуулалт хийх боломж бий. Гэхдээ энд бас хоёр зүйл яваад байгаа. Алслагдсан бүс нутагт аж ахуй эрхэлбэл дэмжих тухайлбал, хотоос 500 км зайтай бол 50 хувь, 1000 км бол 90 хувийн татварын хөнгөлөлтөд хамруулах гээд 2017 оны нэгдүгээр сараас хэрэгжих бас нэг хууль байгаад байгаа юм. Гэтэл одоо Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гээд оруулаад ирэхээр энэ хоёрын аль нь хүчин төгөлдөр байх, алийг нь дагаж мөрдөх юм гээд юмаа хүртэл Засгийн газар цогцоор нь оруулж ирэх хэрэгтэй. Төсвийн орлого тасалдах болгоомжлол байгаа бол хотоос зайдуу Өмнөговь, Ховдод аж ахуйн нэгжээ нээчихээд Улаанбаатарт үйл ажиллагаа явуулдаг том аж ахуйн нэгжүүд байна гээд байгаа. Харин үүнийг анхаарах ёстой юм.
-Засгийн газраас орж ирсэн татварын өөрчлөлтүүд УИХ-аас буцаагдаад байгаа. Ингэхээр УИХ, Засгийн газар нь зөрчилтэй юм шиг харагддаг. Энэ талаар та ямар бодолтой байдаг вэ?
-Ерөнхийдөө Засгийн газар богино хугацаанд авах ёстой арга хэмжээгээ авч байна. Гэхдээ УИХ-ын гишүүд тойрог тойрогтоо ажиллаж, олон хүнтэй уулздаг болохоор мэдээлэл ихтэй байна шүү дээ. Ард түмэн гишүүдээрээ дамжуулж хүсэлт, байр сууриа илэрхийлдэг. Засгийн газар яамдынхаа мэргэжилтнүүдээр бодлогын түвшинд асуудлуудаа оруулж ирж байгаа ч нийгмийн мэдрэмж, өргөн хүрээтэй харах тал дээр зарим дутагдалтай юмнууд байна. Ийм учраас зарим нь УИХ дээр ирэхэд улам боловсронгуй болго гээд буцааж байна. Жишээ нь Аж ахуйн нэгжийн орлогын албан тагвар юм. Өмнө нь бас татвар нэмэх, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой татварууд буцаж байсан. Тэгэхээр нийгмээ мэдрэх, хурдтай ажиллах тал дээр яамдууд мэргэжилтнүүдээ сайн ажиллуул гэдэг шаардлагаа бид Засгийн газартаа тавьж байгаа. Мөн МАН ардчилалтай байгааг харуулж байна. Бүгд нэг кнопоор буюу Засгийн газар, Удирдах зөвлөл нь оруулаад ирэнгүүт амаа жимийгээд дэмжээд явчихдаг биш байна шүү дээ.
-Та хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байсан хүн. Төрийн байгуулалтын байнгын хороон дээр Үндэсний олон нийтийн телевизийг шалгах ажлын хэсэг байгууллаа. Та тэр ажлын хэсэгт орсон байсан. Яг ямар асуудал үүсчихээд байгаа юм бэ?
-Үндэсний олон нийтийн телевизийн жинхэнэ уран бүтээлч 70 гаруй хүний гарын үсэгтэй шаардлага Төрийн байгуулалтын байнгын хороо, Өргөдлийн байнгын хороонд ирсэн байна. Түүнийг нь бид судалж байгаа. Төрийн байгуулалтын байнгын хорооноос шаардлагын дагуу ажлын хэсэг гаргасан. Үндэсний олон нийтийн телевиз өөрөө олон нийтийн өмч учраас үүн дээр Н.Цэрэнбат гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг гаргаж байгаа юм. Ажлын хэсэгт би бас орж байгаа. Ажилчдын зүгээс дэндүү улс төржилт явагдаж байна гэсэн гомдол ирсэн байна лээ. Тэгэхээр бид үүнийг судалж байгаад хамгийн түрүүнд бидэнд хандаж байгаа уран бүтээлчнд, ажилчидтай уулзаж байж бодит байдлыг харна. Тэгээд бид дараагийн арга хэмжээ рүүгээ орно гэсэн байр суурьтай байгаа.
-Та өөрөө тэнд ажиллаж байсан хүний хувьд энэ асуудлыг юу гэж бодож байна?
-Ер нь бол Үндэсний олон нийтийн телевиз дээр замбараагүй байдал бол сүүлийн жилүүдэд байгаа. Би өөрөө дотор нь ажиллаж байсан хүний хувьд ч мэднэ. Байнгын хороодод ирсэн өргөдлүүдээс харахад төсөв санхүүг дэндүү замбараагүй болгосон, удирдлагын цөөхөн хүн нь маш өндөр цалин, урамшуулал авдаг. Жирийн техникч, уран бүтээлч, сэтгүүлч, найруулагч, зураглаач гээд тэнд өглөөний 06 цагаас шөнийн 01 цаг хүртэл ажиллаж байгаа хүмүүс нь 600 мянган төгрөгийг хоёр хуваагаад татвараа төлөөд авдаг зэргийг дурдсан байна. Дээрээс нь баахан өр төлбөрийн асуудал яригдаж байна. Тийм учраас бид аль нэг талыг барихгүйгээр нарийн судалж үзээд асуудалд хандана гэж бодож байна.
-Дэндүү улс төржилт явагдаж байна гэсэн гэлээ. Энэ талаар тодруулахгүй юу?
-Ц.Оюундарь АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг хийж байсан хүн. Ардчилсан намаас тавьсан учраас одоо ч гэсэн янз янзын юман дээр нь цаад намаас нь, цаад хүмүүсээс нь их шахалт өгч байгааг үгүйсгэхгүй. Яагаад гэвэл өөрөө улстөржөөд байна гэдгийг хүмүүс ярьж байгаа юм. Тухайлбал, Эрдэнэтийн 49 хувийн асуудал дээр ч гэхэд хамаагүй дуугарлаа гээд редактороо ирээд загнадаг гэсэн байна. Хэрэв тийм бол байж болохгүй зүйл биз дээ. Тэгэхээр юм бол үнэн байх ёстой. Тэр дотроо улс төржөөд яг үнэн шударгыг төлөөлж, үнэний дуу хоолой болж байгаа сэтгүүлч ажилтнуудаа хяхаж хавчаад гэдэг юм уу, амыг нь боох гээд боогдохгүй болохоор шууд халдаг тийм нэг хүний засаглал тэнд байх ёсгүй шүү дээ. Тэр үүднээс уран бүтээлчид нь асуудалд хандаж бичсэн байна лээ. Гэхдээ бид судалж үзэж байна.
Ж.БАЯРСАЙХАН /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
URL:













