С.Алтанхуяг: Монголд нүүрсний эрин эхэлсэн
Ашигт малтмалын газрын нүүрс, судалгааны хэлтсийн дарга С.Алтанхуягтай өнөөгийн нүүрсний салбарын талаар ярилцав. Тэрээр гучаад жил нүүрсний салбарт ажиллаж байгаа аж.
Манайх нүүрсний нөөцөөрөө дэлхийд эхний аравт орсон
-Өнөөдөр манай нүүрсний салбарын байдал ямар байна?
-Нүүрсний салбар маш ирээдүйтэй байгаа. Манайд нүүрсний эрин үе эхэлсэн гэж болно. Нүүрс эрчим хүчний эх үүсвэрт тооцогддог байсан бол одоо экспортын маш том эх үүсвэр болж хувирсан. Төр засгаас нүүрсийг боловсруулж экспортлох бодлого барьж байна.
-Нүүрсний нөөц хэр их байна?
-Одоогоор батлагдсан нөөц 162.3 тэрбум тонн. Энэ нь нарийвчилсан хайгуулаар нэмэгдэх магадлалтай. Чанар, ангилал ч дээшилнэ. Нөөцөөрөө манайх дэлхийд эхний аравт жагсаж байгаа.
-Дэлхий жилд хэдэн тонн нүүрс хэрэглэдэг вэ?
-Жилд 7.5 тэрбум тонн нүүрс хэрэглэдэг. Үүнээс 40 гаруй хувийг эрчим хүч гаргахад зориулдаг. Харин Монголд эрчим хүчний 93 хувийг нүүрсээр хангаж байна.
-Манайх хэзээ нүүрснээс ашиг олох вэ?
-Бид аль хэдийнэ олоод эхэлчихсэн. Нүүрсний экспорт маш эрчимтэй өсч байгаа. Ашигт малтмалын экспортод нүүрс 28 хувь болж хамгийн их хувийг эзэлж байна. Дараа нь зэсийн баяжмал 27 хувьтай явж байгаа. Цаашдаа ч нүүрс тэргүүлсээр байна. Зэсийн баяжмал “Оюу толгой” бүрэн хүчин чадлаараа ажиллатал өсөхгүй. Харин одоогийн суурилагдсан хүчин чадлаараа Монголын уурхайнууд 43 сая тонн нүүрс гаргах боломжтой. Одоо бол 20 орчим сая тонн нүүрс экспортолж байна. 2005 он гэхэд 50 сая тонн нүүрс экспортлох төлөвтэй байна.
-Нүүрсний зах зээл хэр их байдаг вэ?
-Одоохондоо бид нүүрсээ 100 хувь БНХАУ-д экспортолж байна. Цаашдаа хоёр хөршөөрөө дамжин дэлхийн зах зээлд гарна. УИХ-аар уул уурхайн бүтээгдэхүүнийг төмөр замаар гаргах маршрутыг баталсан. ОХУ-ын төмөр замаар нүүрс далайн боомтод хүргэх туршилт амжилттай болсон. Далайн боомтод гарах хоёр гарцтай болсон. Дээр нь дэлхийн нүүрсний хамгийн том зургаан орны тав нь Ази тивд байна. Япон, Өмнөд Солонгос, Энэтхэг, Хятад гэсэн улс байгаа. Европт Герман улс байгаа. Энэ чинь газар зүйн хувьд манай нөхцөлд маш тааламжтай гэсэн үг. Иймээс манай нүүрсний экспорт эрчимтэй хөгжиж байна.
-Дэд бүтцийн хувьд хэр боломж байна?
-Манай нүүрсний нөөцийн ихэнх нь өмнөд бүсэд байдаг. Таван толгой, Нарийн сухайт, Хөшөөт, Дорноговь аймагт бас том ордууд илэрч байна. Энэ ордуудаас урагш хил хүртэл хатуу хучилттай зам тавьж нүүрс гаргаж байгаа. Төмөр зам барих ч том төсөл яригдаж байна.
-Манай нүүрсний чанар, борлуулалт хэр байдаг вэ?
-Бүх шаардлагыг хангана. Борлуулалтын талаар санаа зовох юм байхгүй.
-Боловсруулаад үнэд хүргэх боломж бий юу?
-Ойрын 20 жилд, жил бүр 50 сая тонн нүүрс гаргана гэж үзвэл нэг тэрбум тонн нүүрс экспортолно. Энэ чинь манай одоогоор илэрсэн нөөцийн нэг хувьд ч хүрэхгүй. Тэгэхээр нүүрсээ түүхийгээр нь гаргалаа гэдэг шүүмжлэл хэрэггүй байгаа юм. Ер нь бол төрөөс нүүрсийг боловсруулж экспортлох чигийг барьж байна.
-Хувь хүн, аж ахуйн нэгжүүд нүүрс худалдаж аваад экспортод гаргах боломжтой юу?
-Боломж нээгдэж байна. БНХАУ-ын Тяньжиний боомт гэж байдаг. Тэнд Монгол Улс өөрийн гэсэн газартай болж, экспортын бүтээгдэхүүнээ байршуулж, борлуулах боломжтой болж байгаа. Саяхан Монгол Тяньжиний экспортыг нэмэгдүүлэх зорилготой ажлын хэсэг байгуулагдсан. Энэ ажлын хэсэг хуралдаад Тяньжиний боомтоор монгол нүүрсийг гаргах ажлыг эрчимжүүлэхээр тохирсон. Мөн хэдхэн том компани нүүрс гаргах бус, жижиг, дунд нүүрсний уурхайнуудын нүүрсний экспортыг нэмэгдүүлнэ. Хувийн хэвшлийнхэн гэсэн үг л дээ.
-Боомтын талаар тодруулахгүй юу?
-Шинэ юм хардлага дагуулдаг. Гэхдээ ямар нэгэн түвэгтэй байдлаас урьдчилан сэргийлэх талаар бүх арга хэмжээг авч байна. Тяньжинд манай байнгын төлөөлөгч ажиллана.
-Тэр талбайд хэн ч, юу ч зарж болох уу?
-Зарчмын хувьд бол боломжтой. Хятадын том хотууд олон улсын худалдааны төв болж хувирсан. Тяньжин ч ялгаагүй. Гэрээ хэлэцээр, худалдаа, наймааны том төв гэж үзэж болно. Боомтод Монголын бүтээгдэхүүн очно гэдэг маш том боломж нээгдэнэ гэсэн үг. 1500-1800 км яваад л дэлхийн зах зээлд гарна гэсэн үг.
-Хувь хүн нүүрс экспортлох боломжтой юу?
-Боломжтой. Хуулиар хориглосон юм байхгүй.
-Нүүрсний үнэ хэд байна?
-Одоо манайхан нэг тонн нүүрсийг 50-80 ам.доллараар зарж байна. Удахгүй “Энержи ресурс”-ын угаах үйлдвэр ашиглалтад орно. Ингэхэд үнэ, чанар өсөөд л ирнэ. Дараа нь Таван толгойн том төсөл хэрэгжээд эхэлнэ.
-Ер нь нүүрсийг үр ашигтай ашиглах ямар арга байна?
-Одоо ахуйн хэрэглээнд түлж ашиглаж байна. Цахилгаан дулаан үйлдвэрлэж байна. Ер нь бол нүүрснээс хий гаргаж авч болно. Шингэрүүлдэг, хийжүүлдэг арга байдаг. Эх орны дайны үед германчууд дизель түлш авдаг байсан.
-Манайх нүүрснээс түлш нэрж болохгүй юу?
-Болно. Гэхдээ өртөг нь өндөр болчихоод байгаа юм. Гэхдээ нефть 50 жилийн дараа дуусна гэдэг. Харин нүүрс 150 жил хэрэглэгдэнэ. Яваандаа нүүрснээс л түлш нэрж авах болно.
БАГАНУУРЫН УУРХАЙ ӨРТГӨӨСӨӨ ХЯМДААР НҮҮРСЭЭ НИЙЛҮҮЛЖ БАЙНА
-Уурхайнууд нөхөн сэргээлт хийдэггүй гэсэн шүүмжлэл байнга гарч байна.
-Манай уул уурхайн салбарын нэлээд хүнд, эмзэг асуудлын нэг нь нөхөн сэргээлт. Манай уул уурхай хөгжлийнхөө түүхэнд нөхөн сэргээлт гэдэг том ажлыг орхигдуулсан. Уул уурхай байгаль орчинд ээлтэй, хал багатай байх ёстой. Нөхөн сэргээлтээ уул уурхайн ашиглалттай уялдуулан хийж байх ёстой. Уурхай ашиглаад дуусмагц л нөхөн сэргээлт хийгдсэн байх хэрэгтэй.
-Одоо ямар байна?
-Нүүрсний уурхайнууд бол нөхөн сэргээлт хийж байна. Жишээ нь Багануурын уурхай ашиглаад дууссан газартаа маш сайн нөхөн сэргээлт хийсэн.
-Багануурын уурхай нэлээд хүнд байгаа гэсэн мэдээлэл гарч байна.
-Эрчим хүчний зориулалтаар нүүрс олборлож байгаа компаниудын байдал хүнд байгаа. Багануур, Шивээ овоо, Шарын гол, Адуунчулуун гэх мэт уурхайнууд энд хамарч байгаа.
-Яг юунаас болоод эдгээр уурхайнууд хүндрээд байна?
-Энэ уурхайнууд дулааны цахилгаан станцад нүүрсээ нийлүүлэхэд төр нүүрсний үнийг барьчихаад байна. Тэгээд уурхайнууд олборлолтын өртгөөсөө доогуур үнээр станцуудад нүүрсээ өгч байна. Ингэхээр компаниудын эдийн засаг хүндрээд явчихна. Хөл дээрээ босох нь бүү хэл дампуурах тал руугаа явж байна. Жишээлбэл Багануурын уурхай нэг тонн нүүрсийг 22 мянган төгрөгөөр олборлоод цахилгаан станцуудад 18200 төгрөгөөр нийлүүлж байна.
-Зөрүүг хэн төлж байна?
-Сүүлийн үед Багануурын уурхайд дотац өгч байгаа. Өнгөрсөн онд 15 тэрбум төгрөгийн дотац өгсөн. Бид ийм амь тариагаар цаашаа явах уу, зах зээлийн жамд оруулах уу гэдэг асуудал гарч байна.
-Үнэ чөлөөлөх үү?
-Саяхан УИХ түлш, эрчим хүчний системийг 2013 он гэхэд зах зээлийн горимд шилжүүлэх шийдвэр гаргасан. Гэхдээ ахуйн хэрэглээний цахилгааны 150 кв-ыг одоогийн байгаа үнээр, дээш гарсан хэрэглээний цахилгааны үнийг нэмнэ.
-Нүүрсний үнэ нэмэгдэх үү?
-2005-2007 онд нэг тонн нүүрсний үнийг нэг мянган төгрөгөөр нэмж байсан. 2008-2010 онд байдал арай сайжирсан. Энэ хугацаанд нэг тонн нүүрсний үнийг 5500 төгрөгөөр нэмсэн. Үүний үрээр уурхай цахилгаан станцуудын хоорондын өр гэж нэг том асуудал шийдэгдэж байна. 2010 онд 2008 онтой харьцуулахад өр авлага 50 хувиар буурсан.
-Удирдлагын зардал өндөр байдаг гэсэн яриа байдаг…
-Бид мэргэжлийн зүгээс удирдлагаар хангадаг. Компаниуд өөрийн Төлөөлөн удирдах зөвлөл, татварын албаар дамжуулаад тайлан баланс гаргадаг. Бидэнд санхүүгийн үйл ажиллагаанд оролцох эрх зүйн орчин байхгүй.
-Нүүрсний уурхайнууд нь дампуурах гээд байдаг. Нөөцөөрөө зээл авч болдоггүй юм уу?
-Боломж бол байгаа. Гэхдээ ззэл өгөх гэж байгаа хүн нь зээлдэгч зээлээ төлөх чадвартай эсэхийг харна. Гэтэл нөгөө түүхий эдийн үнийг нь төр барьчихсан компанид хэн ч зээл өгөхгүй. Ямар үнээр борлуулж зээлээ төлөх вэ гэдгийг харна. Гэтэл өөрийн өртгөөс доогуур үнээр түүхий эдээ борлуулж байгаа компаниудтай ямар ч банк санхүүгийн байгууллага харьцахгүй. Энэ нь Багануур, Шивээ овоогийн уурхайнууд зээл авах боломжгүй гэсэн үг л дээ.
-Ухаа худаг хэдхэн хоногийн дотор хэдэн зуун сая ногоон босгож байна?
-Багануурын уурхай эрчим хүчний зорилгоор нүүрс олборлож байгаа. Ухаа худаг бол экспортын чиглэлээр олборлож байна. Ухаа худаг ашиг олох нь тодорхой учраас олон улсын санхүүгийн байгууллага хамтарч байна. Багануурт зах зээлийн ямар ч хууль үйлчлэхгүй болохоор хэн ч хөрөнгө оруулахгүй.
Налайхын уурхайг томсгох талаар арга хэмжээ авна.
-Налайхын уурхайн асуудлыг яаж шийдэх гэж байна?
-Анхнаасаа хувьчлал буруу явагдсан. Одоо энэ бүхнийг хэрхэн цэгцлэх асуудал яригдаж байна. Өмнө мөрдөж байсан ашигт малтмалын хуулиараа тэнд талбай аваад суурьшчихсан. Одоо тэр зөвшөөрлөөрөө яваад байна.
-Төрөөс ямар арга хэмжээ авах гэж байна?
-Ашигт малтмалын хуульд өөрчлөлт оруулна. Тэгээд энэ хуулийн хүрээнд л цэгцэлнэ.
-Яг ямар өөрчлөлт орох вэ?
-Яг тийм заалт орно гэж хэлэх боломжгүй. Агуулгаараа бол уурхайг томруулж мэргэжлийн тал руу хандуулна. Зорилго бол жижиг аж ахуйнуудыг нэгтгэх гэж үзэж болно. Одоогийн олборлогчдыг бүртгэлжүүлнэ. Мэргэшүүлнэ. Ингээд мэргэжлийн үйл ажиллагаа явуулдаг уурхай болно.
Х.БАТТӨГС
URL:













