Энэтхэгийн ядуус эрх баригчдын эсрэг босч, есөн хүний амь үрэгдээд байна
Энэтхэгийн хүн амын ихэнхийг бүрдүүлдэг дунд, доод давхаргын иргэд эрхийнхээ төлөө эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж байна. Бүх мужуудын хамарсан уг жагсаалын үеэр есөн хүний амь нас хохирсон гэсэн мэдээллийг орон нутгийн Times of India агентлаг өгч байгаа юм. Мадхья Прадеш, Ражастан, Уттар Прадеш мужид жагсаалын үеэр хүний амь нас үрэгджээ. Жагсаалаас болж зарим мужуудад галт тэрэгний хөдөлгөөн зогсоод байгаа аж.
Энэтхэг нь баян хоосны ялгаа туйлдаа хүрсэн, яс үндэс, нийгмийн байдлаар нь ялгаварлан гадуурхах үзэл ихтэй улс юм. Гэхдээ үндсэн хуульд заасан ялгаварлан гадуурхахыг хориглох, хүн бүр тэгш эрхтэй байх зарчмыг хангахын тулд “SC/ST Act” хэмээх хууль гаргаж, энэ хуулиараа асуудлаа шийдэж байжээ. Гэтэл Энэтхэгийн Дээд шүүх нийгмийн байдлаар ялгаварлан гадуурхахтай холбоотой гэмт хэрэгт холбогдсон этгээдийг шууд баривчлах тухай заалтыг уг хуулиас авч хаясан нь иргэдийн бухимдлыг төрүүлсэн учир ийнхүү жагсан тэмцэж байгаа юм байна.
“SC/ST Act” нь Энэтхэг дэх далитууд, жижиг үндэстнүүд, ядуусын эрхийг хамгаалах цорын ганц баримт бичиг байсан. Гэтэл Дээд шүүхийн шийдвэр гарснаар энэ чадамжаа алдчихлаа. Бид бүгд энэ шийдвэрт харамсаж, гутарч байна” гэж нийгмийн доод давхаргынхны эрх ашгийг хамгаалах Бүх Энэтхэгийн Холбооны нарийн бичгийн дарга К.П.Чоудхари ВВС агентлагийн сурвалжлагчид ярьсан байна.
Eagle.mn
URL:













